2015 оны эхний долоон сард Монгол Улсад 150 орчим сая ам.долларын гадаад шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Харин энэ оны эцэст шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум ам.доллар давна гэх хүлээлттэй байгаа талаар Хөрөнгө Оруулалтын газраас мэдээлж байсан юм. Нөгөө талдаа гадаад шууд хөрөнгө оруулалтын хэмжээ “Оюу Толгой”, “Таван Толгой” зэрэг томоохон төслүүдээс хамаарна гэдгийг эдийн засагчид тайлбарласан билээ. Тэгвэл “Оюу Толгой”-ийн далд уурхайн 4.2 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг ирэх арваннэгдүгээр сар гэхэд эцэслэнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн Засгийн газраас “Таван Толгой”-ийн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах хэлэлцээг ойрын хугацаанд дуусгах чиглэл өгчээ. Өмнөх ажлын хэсгийн мэдээлж байснаар хөрөнгө оруулагч тал ирэх таван жилийн хугацаанд дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр байгаа юм. Мөн УИХ-ын намрын чуулганаар Япон, Монголын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зарим нэг хуульд өөрчлөлт оруулах хүлээлттэй байна. Монголын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Японоос орж ирэх хөрөнгө оруулалт жилд 400 сая ам.доллараар нэмэгдэх боломжтой аж. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын мэдээлснээр энэхүү хэлэлцээр ирэх хавраас үр дүнгээ өгч эхлэх юм байна. Мөн тэрбээр "Он гармагц нефть боловсруулах үйлдвэр, зэс хайлуулж цэвэршүүлэх үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна" гэж мэдэгджээ.
Д.УУДАМ