ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Төсвийн “хулгай"

Хуучирсан мэдээ: 2015.10.18-нд нийтлэгдсэн

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Төсвийн “хулгай"

ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Төсвийн “хулгай"

Ховд аймгийн Жаргалант суманд төрийн далбааны өндөрлөг барихад  зориулж, улсын төсөвт 200 сая төгрөг суулгажээ.  Мөн Сэлэнгийн Мандал сумын  “Шонхор” хүүхдийн зусланд халуун усны төв барихад нь зориулж 32 сая,  Орхон аймгийн Баян-Өндөр сумын угтах хаалгыг  засахад 292 саяыг ирэх оны төсөвт төсөвлөж. Нэг ёсондоо Эрдэнэт хот руу орох хаалгыг 300 орчим сая төгрөгөөр засах юм уу даа, янз нь…

Ховдын Эрдэнэбүрэн, Бүрд, Манхан сумын гэрэлтүүлэгт хоёр тэрбумыг, Архангайн Цэцэрлэг сумын Соёлын төв барихад нэг тэрбумыг гэхчлэн олон жишээг ирэх оны Төсвийн төслөөс олж харж болно. Энэ мэтээр төсвийн хөрөнгө оруулалтаар барих, засах, шинэчлэх, өргөтгөх ажлыг жагсаавал  уртаас урт жагсаалт болох ч байх.

  • Өмнөговийн Даланзадгадад говийн бүсийн сургалтын төв барихад хоёр тэрбум 886 сая,
  • Ховдын Жаргалант сумын төв талбайг шинэчлэхэд 347.5 сая,
  • Өвөрхангайн Хархоринд үерээс хамгаалах далан барихад нэг тэрбум 266 сая,
  • Баянхонгорт Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв барихад 250 сая,
  • Дорнодын Баян-Уулд 150 хүүхдийн цэцэрлэг барихад 546 сая,
  • Орхоны Баян-Өндөрт мөн тооны хүүхдийн цэцэрлэг барихад 950 сая,
  • Дундговийн Гурвансайханд 320 хүүхдийн сургууль барихад 354.4 сая гэхчилэн үргэлжлүүлж болно.

Хамгийн гол нь энэ жагсаалтаас татвар төлөгчдийн мөнгийг улстөрчид тал, тал тийшээгээ хэрхэн, яаж хуваагаад  “хулгайлдаг”-ийг харж болохоор.

Сангийн яамныхан улсын төсвийн нооргийг гаргахдаа бусад яамд болон ялангуяа УИХ-ын гишүүдийн саналыг чухалчилдаг.  Гишүүдийн саналыг тусгахгүй бол Сангийн сайд төдийгүй Засгийн газар толгойгүй болно гэсэн үг. Тиймээс Сангийн сайд болгон наанаа  “Хэмнэнэ, танана,  царцаана, бүсээ чангална” гэж  “гоё” ярьдаг ч цаанаа улстөрийн зорилготой хөрөнгө оруулалтуудаа хэзээ ч танаж, царцааж байсан удаагүй.

Өнөөдөр ч ялгаагүй Б.Болор сайд төрийн албаны цомхотгол нэрээр  өнөө л хөөстэй, “хулгайтай” төсвөө УИХ-д оруулж ирж байх шиг байна. Үүнд Засгийн газар ямар ч буруугүй л дээ. Учир нь улстөрчид өөр хоорондоо “Чи манай тойрогт тавьсан хөрөнгө оруулалтыг дэмжих юм бол би танайхыг дэмжинэ” хэмээн өврийн тохиролцоо хийдэг нь нууц биш сэдэв. Одоо  ч тэд, нэг нэг зузаан ном барьчихаад хэний тойрогт  хэдийг хуваарилсан, өөрт нь хэд оногдсон байна гэдгийг тооцож, хэнтэй тохиролцоо хийх талаараа л бодож суугаа биз.

Өнгөрөгч баасан гаригт болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр харсан л байлгүй, зарим нэг  гишүүн  ямархуу араншин гаргаж байгааг. Тойргийнх нь хөрөнгө оруулалтыг нь танавал “Танай засагтай хатуу ярина шүү" гэх өнөөх сүржин үгээ өмнөө барьж, гарын үсэг цуглуулах нэрээр Засгийн газраа заналхийлж сууна. Нэг ёсондоо "Засаг унагаана", "Гарын үсэг цуглуулна" гэх энэ үгс улс төрийн тогтворгүй байдлыг далимдуулсан сүрдүүлгийн нэг арга болоо юу гэж өөрийн эрхгүй харагдаж байна.

Магадгүй, зарим хөрөнгө оруулалт, үнийн дүнг нь "Үр ашиггүй, үрэлгэн байна" гэж үзээд таначихвал Ч.Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг цуглуулж яваа Г.Уянга дээр цөөнгүй гишүүн гүйж очих ч биз.

Тэдэнд 100 хүрэхгүй сурагчтай суманд 320 саяар сургууль барьж, 50 хүрэхгүй хүүхэдтэй цэцэрлэгийг 354 саяар шинэчлэх тухай мөнгөний дүн бол юу ч биш. Улс төрийн карьеар, өөрийнх нь халаасанд нэмэртэй л бол татвар төлөгчдийн мөнгөөр эзэнгүй талд шинэ сум барьж,  иргэнгүй хот сүндэрлүүлсэн ч чадна. Ялангуяа тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд бол үлдсэн ганц жилдээ юу ч амлахаас буцахгүй.

Завханы Тосонцэнгэл суманд 500 хүний суудалтай Соёлын төв барихад зориулж 600 сая төгрөг, Говь-Алтайн Есөнбулагт Соёл, амралтын хүрээлэн байгуулахад 871 сая төгрөгийг ирэх оны төсөвт суулгасан байна.

Төв аймгийн Зуунмодод 800 хүний суудалтай Хөгжимт драмын театрыг нэг тэрбум 500 сая төгрөг гаргаж, төсвийн хөрөнгө оруулалтаар барина гэж тооцоолжээ. Гэтэл улсад маань ганцхан байдаг Дуурь, бүжгийн эрдмийн театрын суудлын тоо 500 байдаг юм ш дээ. Энэ хоёр тооны зөрүүнээс харахад төсвийн мөнгө хэний гараар орж, юу болоод дуусдгийг хэлэхэд тийм ч хэцүү биш юм.

Нийслэлд өнөөдрийн байдлаар 213 ерөнхий боловсролын сургуульд 200 гаруй мянган сурагч суралцаж байгаагаас 21 сургуулийн 5200 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэж байна.  Гэтэл  зуу ч хүрэхгүй хүүхэдтэй Сүхбаатарын Түмэнцогт,  Асгат, Завханы Цагаанчулуут, Отгон,Улиастай Хөвсгөлийн-Улаан уул, Баянзүрх, Дундговийн Гурвансайхан, 320 суудалтай хоёр давхар сургууль барьж байх жишээний.  Гэхдээ төсөвлөсөн өртөг болгон нь өөр, өөр мөнгөн дүнтэй. Тухайлбал, хүүхдийнх нь суудал яг адилхан  Завханы Отгоны сургуулийг 950 саяар, харин Хөвсгөлийн Улаан уулын сумын сургуулийг 750 саяар, Сүхбаатарын Түмэнцогтын сургуулийг  63 саяар барихаар төлөвлөсөн байх юм.  Хүүхдийн тоо, хэмжээ, стандарт нь яг ижилхэн сургуулиудад төсөвлөсөн хөрөнгө, мөнгөний тоо хоёр, гурав бүр хэдэн өөр байгаагийн  нууц юу вэ. Өнөө л авлига, хуулиар далдалсан “хулгай” ард нь нуугдаж буй хэрэг. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа  “авлигажсан төсөв” гэж хэлснээсээ болж, Ардын намынханд “алуулах” шахсан болохоос жил жилийн төсөв дандаа л хулгайтай, худуутай батлагддаг нь хууль шахуу болсон шүү дээ.

Улаанбаатарт  хүн амынхаа тоогоор нэгд ордог Сонгинохайрхан дүүргийн нэг хороонд 120 хүүхдийн цэцэрлэгийг  барихад 168 саяыг төсөвлөсөн мөртлөө 50 хүрэхгүй  хүүхэдтэй Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 100 цэцэрлэгийг 255 саяар барих гэнэ. Хуваарилалт нь ёстой л шог байгаа биз.  Зурагтын камерын өмнө “Төсвийн хөөсийг бяслаг шиг шахна” гэж алиалдаг улстөрчид хэзээ байтлаа баланцагийнх нь шахаж чаддаг байлаа даа. Хөрөнгө оруулалтыг нь танавал “чамайг огцруулна шүү” гээд одоо ч Ч.Сайханбилэгээ чичрүүлээд сууж  байна даг.

Тэгэхээр   наашаа харж  худлаа уйлж, харин цаашаа харж төсвөөс “хулгайлдаг” дарга нараас ганцхан асуулт асууя. Төсвийн хулгайгаа хэзээ зогсоох вэ гэж.   Ингээд хэлбэл эрхэм гишүүд “Бид ямар “хулгай” хийсэн юм уу” гэж эгдүүцэх биз. Хэдийгээр төрийн мөнгийг шууд шуудайлаад хулгайлчихаагүй ч  мянга гаруйхан хүн амтай суманд 240 суудалтай соёлын төв барина гээд 500 сая төгрөг улсаас төсөвлөөд сууж байгаа нь ер нь бол гэмт хэрэг шүү дээ.  Энэ их мөнгөний дэргэд төрийн албыг “жижгэрүүлж” нийтдээ 1.6 тэрбум төгрөгийг хэмнэ гэдэг зүгээр л популизм.  Улстөрчдийн тойргийн хөрөнгө оруулалтыг  танаж чадахгүй Засгийн газарт энэ мэт популимз хэрэгтэй байдаг ч биз. Гэхдээ ингэснээрээ төсвийн хатуу бодлого хэрэгжүүлж байна гэсэн үг биш юм. Хэрэвзээ төсвийн хатуу бодлогыг жинхэнээсээ хэрэгжүүлье гэвэл хөрөнгө оруулалт нэрээр төсвөөсөө “иддэг”  хулгайгаа зогсоочих ёстой юм.

Тэр тусмаа хямралын үед, аж ахуйн нэгжүүдийнхээ дансыг хааж байгаад цуглуулдаг татвараа ингэж “хумслаад, хуваарилж идээд сууж байгаа  нь харамсалтай л байна. Иргэд нь өдөр ирэх тусам бүсээ чангалж, харин улстөрчид хуулиар халхлагдсан хулгайгаа хийгээд сууж байгаа нь ингэхэд ариун явдал мөн үү?

Энэ талаар  нийтлэлч Б.Баабар нэгэнтээ ингэж бичсэн байдаг юм. “…. Улсын төсвийн асар их мөнгө УИХ-аар батлагдаад Сангийн яамаар дамжин яамд болон агентлаг, тэгээд төрийн байгууллагууд руу хуваарлагдана. УИХ-аас баталсан дөрвөн тэрбум гаруй төгрөгийн 20 орчим хувь нь Боловсрол шинжлэх ухааны яам руу, арав гаруй хувь нь Эрүүл мэндийн яам руу гэх мэтээр. Төрийн мөнгөтэй байгууллага болгон үүнээ аль нэг банкинд хадгалуулж таараа. Мөнгө хуваарийн дагуу доод байгууллага болон тэндэрт шалгарсан гүйцэтгэгч нар руу очин очтолоо. Банкууд энэ мөнгө руу хошуурдаг. Мэдээж захиран зарцуудагчид шан амалдаг. Энэ бол хэдийнээс хийгээд сурчихсан нэгдүгээр гарын үсэг зурагчийн дассан бизнес. Банкны хүү сард 0,7 хувь, жилээр бодохоор 10 хувь. Иймээс төсвийн хуваарлагдсан мөнгийг ах дүү хамаатан садныхаа нэр дээр олон данс нээж хуваан байршуулна. Их хэмжээний мөнгө долоо хоноход л шуудайгаар нь хүү өгнө. Их төсөвтэй газрын сайд дарга болох гээд үхэлдээд зууралдаад байдгийн нэг нууц энд байдаг юм” гэж.


МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ТӨСВИЙН ХУУЛИЙН ТӨСЛӨӨС

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж, үзэх оломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж