Хуучирсан мэдээ: 2015.10.18-нд нийтлэгдсэн

УИХ хууль зөрчсөн үү?

УИХ хууль зөрчсөн үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн пүрэв гаригт Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлага нь хууль зөрчсөн, зөрчөөгүй гэх маргааныг дагуулаад байна. Энэ талаар дараах тодруулгыг хийлээ.


-Өнгөрсөн есдүгээр сард УИХ-аар Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авч байсан. Гэтэл өчигдөр чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үед дахин завсарлага өгсөн нь хууль зөрчсөн гэж зарим гишүүн үзэж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

-Хууль дээр нэг л удаа завсарлага авах дэгтэй. Өршөөлийн хуулиар урьд нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авч байсан. Өчигдрийн тухайд Өршөөлийн хуульд тавигдсан хоригийн тухай хууль учраас өөр хууль гэж үзээд хурал даргалагч завсарлага өглөө гэж ойлгож байгаа. Хоёр өөр хуулийн хувьд дэгээрээ тус, тусдаа нэг удаа завсарлага авах эрх бий.


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-УИХ-аас баталсан Өршөөлийн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавьсан байсан. Өршөөлийн хуульд хориг тавьсан учраас үндсэндээ тэр хуулиа хүчин төгөлдөр бус баталгаажсан хууль биш гэж үзэж болно. Тэр үндсэн дээрээс УИХ Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж аваад нэмэлт өөрчлөлт оруулсан. Тийм болохоор хууль бүрэн гүйцэд төрөөгүй. Энэ хууль нэгдсэн нэг л хууль. Хэрэв батлагдсан хууль, хэрэгжиж байсан хууль бол өөр асуудал. Энэ хууль хэрэгжээгүй. Хэрэгжээгүй учраас УИХ дахиад хэлэлцэж байгаа. Тийм учраас дахин, дахин завсарлага өгсөн нь хууль зөрчсөн.

Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг. Шаардлагатай тохиолдолд чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор нам, эвслийн бүлэг завсарлага авна. Завсарлагыг бүлгийн дарга эсвэл бүлгийн дэд дарга авна гэж… Харамсалтай нь, өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга, дэд дарга байгаагүй, гишүүн нь завсарлага авсан. Энэ маань өөрөө завсарлага өгөх үндэслэл биш. Хуралдаан даргалагч энэн дээр өөрийнхөө үзэмжээр хандсан.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж