“Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн салбарынхны чуулга уулзалтанд оролцогчид боловсруулсан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь эдийн засагт ээлтэй гэж санал нэг байна. Манай улсын хувьд уул уурхай, зэс, нүүрс, хөдөө аж ахуй, газар тариалан гээд аль ч салбартаа нөөц боломж ихтэй. Хамгийн гол нь дэлхийн стандартад нийцсэн боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлж шинэ үйлдвэр байгуулж байж энэ салбараас мөнгө олох боломж нээгдэнэ. Тиймээс эхний ээлжинд ямар салбар ашигтай хөрөнгө оруулалт хийж болох талаар эдийн засагч Д.Содномоос тодрууллаа.
-Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх тал дээр Монгол Улс бодлогоо зөв тодорхойлж чадаж байна уу?
-Үйлдвэрлэлийн салбар маань Уул уурхай, Аж үйлдвэр гээд хоёр тасарчихсан байна. Уур уурхайн яам бол олборлох, баяжуулах үйлдвэрээ хариуцаад, Аж үйлдвэрийн яам боловсруулах үйлдвэрээ хариуцдаг юм уу даа. Ер нь Аж үйлдвэрийн салбарыг олон яамд хуваах шаардлагагүй юм. Манай улсад үйлдвэрлэл хөгжих боломж байгаа. Хамгийн гол нь байршил, хүчин чадал, үйлдвэрийн чиглэл зэргээ зөв тодорхойлж, техник үзүүлэлтийг сайтар хангасан байх шаардлагатай. Эдгээр асуудлаа шийдээд ажилдаа яаралтай орох нь чухал. Одоогийн байдлыг хараад байхад тогтсон шийдвэрт хүрч чадахгүй хугацаа алдах тохиолдол нилээд байна.
-Аж үйлдвэрийг дэмжих тухай хуулийн заалт зарим талаараа дутагдалтай байна гэж “Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн чуулга уулзалтанд тавьсан илтгэлдээ дурьдаж байсан. Ямар зүйл заалт дутагдалтай санагдсан бэ?
-Аж үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн заалтанд хэд хэдэн засвар орохоор зүйл заалт байна. Жишээлбэл дэмжлэг үзүүлнэ гэж байна ямар дэмжлэг вэ гэхээр үйлдвэрийг ашиглалтанд оруулахын өмнө бэлтгэл ажилд зарцуулсан хөрөнгийн 75 хүртэл хувийг төлж өгнө гэж байгаа юм. 75 хувь хүртэл дэмжлэг олгоно гэдэг өгүүлбэрийн агуулгад нэг хувийн дэмжлэг үзүүлэх тухай асуудал ч багтаж болно шүү дээ. Энэ заалтыг тодорхой болгох хэрэгтэй юм болов уу гэж харж байна. Нөгөө нэг заалт нь арилжааны банкнаас тогтоодог зээлийн хүү засгийн газраас тогтоосон зээлийн хүү хоёрын хооронд гарсан зөрүүг төлж өгнө гэж байсан. Гэтэл Засгийн газар арилжааны банкны зээлийн хүүгээс доогуур тогтоох ч юмуу, үгүй ч юм уу, тогтоож байгаа хэмжээгээ тодорхой болгох шаардлагатай. Гуравдугаар,т дэмжлэг авч байгаа аж үйлдвэр нь заавал олон улсын аудитын байгууллагаар шалгалт хийлгэсэн байх ёстой, заавал хувьцаат компани байна гээд олон чөдөрлөх заалт оруулсан байна. Эдгээр заалт бол ямар ч шаардлагагүй гэж би хувьдаа үзэж байна.
-Аж үйлдвэрийн салбарын өнөөгийн хөгжил ямар түвшинд байна вэ?
-Муу байна. Мөнгө олмоор байвал үйлдвэрээ нэмэгдүүлэх, төрөлжүүлэх хэрэгтэй шүү дээ. Гэтэл уул уурхайгаас хэтэрхий их хараат байна. Харамсалтай нь уул уурхайн салбар нь сүртэй хөгжсөн ч юм алга. Зөвхөн нүүрс, зэсийн баяжмал гэсэн хоёрхон зах зээлтэй. Түүгээрээ амь зууж байна шүү дээ. Тэгээд дэлхийн зах зээлд ханш нь буучихсан байдаг. Одоогийн байдлаар бүр хаалгаа барьхад хүрээд байна. Тиймээс түүхий эдийг боловсруулж, нэмүүн өртөг шингэсэн өндөр үнээр экспортлох хэрэгтэй.
-Аж үйлдвэрийг байгуулахдаа аль үйлдвэр нь эдийн засагт ашигтай байх вэ?
-Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр хамгийн түрүүнд хэрэгтэй. Манай улс 70сая малтай боллоо гэж яригдаж байна. Махны хэрэглээ ч өндөр байна. Нэг хүн жилд дунджаар 80кг мах иддэг гэсэн судалгаа ч байдаг. Тиймээс дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадагшаа гаргах хэрэгтэй. Гэхдээ гар аргаар боловсруулж гаргана гэвэл стандартын шаардлага хангахгүй. Тиймээс аймаг, сум нэг бүрт мах боловсруулах цех байгуулвал эдийн засагт маш хурдан үр ашиг өгнө дөө. Харин арьс, шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийг бүсчилсэн хэлбэрээр байгуулвал ирээдүйтэй болов уу гэж харж байна. Энэ ажилд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс аж үйлдвэрийг дэмжих тухай хуулийн заалтанд хөрөнгө оруулалтын асуудлыг нарийн тусгах шаардлагатай гэж харж байна.
-Аж үйлдвэрийн салбарт гадны хөрөнгө оруулалт татах боломж байна уу? Хөрөнгө оруулалт оруулж ирэхэд юу саад болж байна вэ?
-Манай улсын аж үйлдвэрийн салбарт гадны улсууд хөрөнгө оруулах сонирхол байдаг. Гэтэл юу саад болж байна вэ гэхээр манай хууль эрх зүйн орчин тогтвортой биш. Үүнд хоёр том шалтгаан байна гэж харж байна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт яг хаана шаардлагатай байна гэдгээ тодорхойлж тогтсон шийдэлд хүрч чаддаггүй байна. Өнөөдөр нэг юм ярчихаад, маргааш өөр юм яриад байдаг. Энэ бол гадныханд бэрхшээлтэй юм. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл, зүйл заалтууд нь өргөн хүрээний бус хангалтгүй байдаг. Үүнээс үзэхэд манай засгийн газарт сайн удирдлага дутагдалтай байгаа юм болов уу даа.
Т.ДАВААНЯМ