Халхгол чөлөөт бүсийн талаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

Халхгол чөлөөт бүсийн талаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуйн яам хамтран өнөөдөр /2015.10.16/ Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийн талаарх уулзалт, ярилцлагыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын зүүн бүсийн тулгуур төв болсон Дорнод аймгийн газар ашиглалтын өнөөгийн байдал, тэр дундаа хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хэрхэн ашиглаж, хамгаалж байгаа талаар болон Засгийн газраас өргөн мэдүүлж, Улсын Их Хурал 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр баталсан “Хөдөө аж ахуйн “Халхгол” чөлөөт бүс байгуулах тухай” 75 дугаар тогтоолын талаар нээлттэй, үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна гэлээ. Сүүлийн үед Дорнод аймгийн орон нутгийн удирдлагууд зарим суманд газар эзэмших эрхийг хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр олгосон, улсын хилийн зурвас газарт гадаадын аж ахуйн нэгжид зөвшөөрөлгүйгээр атар газар ашиглуулан хагалуулж, Монгол Улсын Газрын тухай болон Тариалангийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга гарч байна. Уг асуудлыг салбарын яам ч бататгаж байгаа билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хууль, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Дорнод аймаг болон Халхгол сумын удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудаас уг асуудлын талаарх үнэн зөв, бодит мэдээлэл авч, цаашид хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллах болно гэв. Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Баянхошуу боомтын ойролцоох 500 мянган га газар нутгийг малын өвчингүй, тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чөлөөт бүс болгох шийдвэрийг тал бүрээс нухацтай хэлэлцэж, энэ талаар олон нийтэд нээлттэй, ил тод, хариуцлагатайгаар мэдээлэх зорилготой болохыг Байнгын хорооны дарга нээлтийн үеэр тэмдэглэн хэлэв.

Үүний дараа “Дорнод аймгийн тариалангийн газар ашиглалтын өнөөгийн байдал” сэдвээр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн илтгэл танилцууллаа. Дорнод аймгийн 286.2 мянган км.кв нутаг дэвсгэрийн газар тариалангийн чиглэлээр ашиглах боломжтой 117.1 мянган га талбайн 60.2 хувийг эргэлтэд оруулаад байгаа юм байна. 2015 онд 49.868 га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо, эмийн ургамал, малын тэжээл, тосны ургамал тариалжээ. Халхгол сумын тариалангийн газарт сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд улсын байцаагчийн 6 удаагийн албан шаардлага, 2 дүгнэлт хүргүүлсэн байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн дийлэнх нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр холбогдох хууль, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмыг зөрчин газар эзэмших эрх олгосон, мөн атар газарт эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр газар эзэмшүүлсэн зөрчлүүд байгаа зэргийг танилцуулжээ.

Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван “Дорнод аймгийн Халхгол сумын тариалангийн газар ашиглалтын өнөөгийн байдал” сэдэвт илтгэлдээ тус сум нь Монгол Улсад хамгийн их газар нутагтай сумдын тоонд ордог бөгөөд нийт 2809299 га газартай байна. Үүн дотроо 353.700 га хадлангийн талбай, 49135 га тариалангийн талбайтай. ХХААЯ-ны бодлого, аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу газар тариалангийн аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагын гэрээг 2015 онд байгуулснаар тариалалтын хэмжээ өссөн болохыг онцолж байв.

Экспортод чиглэсэн Халхгол төсөл батлагдсаны дагуу бүс нутгийн газар тариалангийн салбарт дотоодын хөрөнгө оруулалт өсч, техник технологи шинэчлэгдэж, таримлын сэлгээний төрөл нэмэгдсэн байна. Мөн тэрээр Халхгол сумын тариалангийн салбарын сул болон давуу тал, тус бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй аж ахуйн нэгжийн судалгаа зэргийг уулзалт, ярилцлагад оролцогчдод танилцууллаа.

Үргэлжлүүлэн  Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дэд дарга Ж.Даваабаатар “Дорнод аймгийн болон Халхгол сумын тариалангийн газар ашиглалтын өнөөгийн байдал”, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд “Халхгол чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцуулсан юм.

Ийнхүү илтгэлүүд танилцуулсны дараа оролцогчид илтгэгчид% мэргэжлийн болон албаны хүмүүсээс зарим зүйлийг тодруулж, Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, санал солилцсон юм.

Тус арга хэмжээнд Улсын Их Хурал дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүд оролцов. Түүнчлэн холбогдох яамд болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүд, Дорнод аймаг, Халхгол сумын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, иргэд, ТББ-ын төлөөлөгчид оролцов.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж