Хомын талд дөрвөн тахь нутагшуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Хомын талд дөрвөн тахь нутагшуулна

Чех
улсын Засгийн газар болон Прага хотын амьтны хүрээлэнгийн тусламжаар
энэ сарын 15-нд тусгай үүргийн онгоцоор дөрвөн тахь зөөвөрлөн авчирч
Хомын талд нутагшуулахаар болжээ. Энэ ажлыг “Тахь сэргээн нутагшуулах”
төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Зэрлэг адуу болох
тахь нь бараг устаж үгүй болдгын даваан дээр Прага хотын амьтны
хүрээлэнгийнхэн зоопаркын нөхцөлд үржүүлж арчилснаар авч үлдэж чадсан
байна. Тиймээс Прага хотын амьтны хүрээлэн үүсч хөгжсөний 80 жилийн ойн
хүрээнд энэхүү зэрлэг адууг их нутагт нь нутагшуулахад онцгой анхаарч
ажиллажээ.

1955 онд Монгол Улсын Шинжлэх ухааны хүрээлэн,
МУИС-ийн профессор Д.Цэвэгмидээр ахлуулсан шинжилгээний ангийнхан тахь
ховордож буйг анх мэдээлсэн байдаг аж. Улмаар 1972 оны эхэн үеэс Монголд
тахь үзэгдэхээ больсон байна. Зэрлэг онгон байгальд нь тахийг дахин
амьдруулахын тулд манай улсын эрдэмтэд маш олон судалгаа шинжилгээг
хийж, мөн энэ чиглэлээр гадаад орнуудтай харилцаа тогтоож ажилласны дүнд
Франц, Украин, Чех зэрэг оронд үржүүлсэн тахийг Монгол Улсад зөөвөрлөн
авчирч, нутагшуулснаар өдгөө Тахийн тал, Хомын тал, Хустайн байгалийн
цогцолбор газарт нийт 800 орчим тахь тоос татуулан давхих болжээ.

 Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж