Ашиглалтад орохоор зэхэж буй асуултын тэмдэг шиг “Blue sky”

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Ашиглалтад орохоор зэхэж буй асуултын тэмдэг шиг “Blue sky”

Монголын хамгийн сайн “улс төрийн хамгаалалт”-тай барилга удахгүй ашиглалтад орох гэж байна. Энэ бол “Blue Sky” цамхаг юм. Уг нь 2009 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч өнөөг хүртэл хотын төв гудамжинд асуултын тэмдэг болон дүнхийсээр байна. Асуултын тэмдэг болдгийн учир нь хэний зөвшөөрлөөр, яагаад стандартын бус барилга бариулах болов. Энд үйл ажиллагаа явуулах нь аюултай юу гэсэн олон асуулт үргэлж хариу нэхэж байдгийнх. Харин саяхнаас үйл ажиллагаагаа эхлэх гэж буй бололтой. Ажлын байр түрээслүүлэх, ажилтан авах зар түгээж эхэлжээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд “White House” зочид буудлын хөрөнгө оруулагч гэх БНСУ-ын иргэн Ким Пан Жакийг интерполоор эрэн сурвалжилж байсныг нь манай цагдаагийнхан баривчилсан тухай мэдээлэл хэвлэлд нийтлэгдэв. “White House” зочид буудлын эзэн Т.Энхболд содон нь “Blue Sky” цамхагийг захиалагч “Чоно” корпорацийн эзэн. Түүнийг Ардын намын нөлөө бүхий нэгэн лидертэй ураг төрлийн холбоотой гэлцдэг. Тиймдээ ч барилгын сал­барын мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг давж яваа аж.
Барилгын “но”-той талуу­дыг бичихээр л дэлхийд байхгүй сайхан барилга гэсэн тодотголыг агуулсан нийтлэлүүдээр бөмбөгдөж эхэл­дэг. Уг нь энэ барил­гыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынх, эс бөгөөс түүний эхнэр О.Цолмонгийнх гэж ярьдаг юм билээ. Ямар ч байсан тэдний оролцоо, эзэмшдэг хувьцаа тэргүүтэн бий гэдэг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “East” төвийн барилга шатсаны дараахан “East” төв таных гэдэг үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуул­танд “Миний нэртэй холбодог баахан байшин бий. Тэдний нэг нь л биз. Уг нь миний оролцоо байхгүй” гэж хариулсан бай­даг. Үүний дараахан Д.Сүх­баатарын нэрэмжит хэв­лэх үйлдвэрийн барилгын асуудал үүссэн. “Улаанбаатар таймс” сонины эрхлэгчийг энэ барилгын хувьчлалтай холбоотой хэ¬рэгт сэжиглэн хорьчихоод бай­гаа. Гэвч Н.Энхбаяртай ямар ч холбоогүй болж таарсан. Харин “Blue Sky” цамхагийн тухайд тэр юу гэх бол. Бас л “Надад болон миний гэр бүлд хамаагүй” гэх байх даа.

Хэрэв БНСУ-ын иргэн Ким Пан Жак нутагтаа залилан хийгээд Монголын нийслэл Улаанбаатар хотын төвд сүндэрлэж буй “Blue Sky” цамхагийн барилгад хөрөнгө оруулчихсан бол яах вэ. Энэхүү барилгыг захиалагч  “Чоно” корпорацийн захирал Т.Энхболдсодон хариуцлага хүлээх үү. Эсвэл зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтнүүд “Уг хөрөнгө оруулалтын гарал үүслийг шалгаагүй” хэмээн буруутгагдах уу. Энэ барилгыг эхлэх үед “Австралийн нэг нөхөр 25 сая ам.долларын хөрөнгө оруулж байгаа” гэсэн сураг дуулдаад чимээ алдарсан. Тэр юун нөхөр, ямар учиртай мөнгө авч ирээд хийчих вэ гэдгийг нягталж шалгасан мэдээлэл төдийлөн дуулдаагүй. Ямартай ч “Өмнөд Солонгосын иргэд хөрөнгө оруулсан” гэдэг бүдэг бадаг ойлголт л иргэдийн дунд төрж үлдсэн.

Уг барилга хэнийх байх нь хамаагүй ч чанарын стандартад үл нийцэх, аюул нүүрлэсэн энэ байшин бусдыг хохироовол хэн хариуцлага хүлээх вэ гэдэг эзнийг л олж байж ашиглалтад оруулмаар санагдаад байгаа юм. Манай хуулийн дагуу эхний ээлжинд хөрөнгө оруулагч тал техникийн комиссийн багаа бүрдүүлж, хяналт шалгалт хийж ашиглалтад оруулж болох эсэх дээр дүгнэлтээ гаргадаг. Инээдтэй л дээ. Хөрөнгө оруулагчдын бүрдүүлсэн багийнхан яалаа гэж “Муу барилга болсон” гэсэн дүгнэлт гаргах вэ дээ. Харин үүний дараа Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилсон ажлын хэсгийнхэн шалгах ёстой. Тэгэхээр одоо Улсын комисс үнэн зөв дүгнэлт хийж чадах эсэхэд л найдах үлдэж байна. Хамгийн сонирхолтой нь хаанахын, ямар байгууллага энэ барилгын зураг төслийг хийсэн нь нууцлаг байдаг юм. Хэвлэл, мэдээллээр энэ тухай бичмэгц тэр даруй “Дэлхийд хосгүй уран барилга” гээд магтаж гардаг. Үнэндээ гоц гойд юм байхгүй л дээ. “Сэлэм”, “сүх”, “жирэмсэн эмэгтэй шиг” гэхчлэн үзэгдэх байдлаар нь янз бүрээр нэрлэдэг энэ цамхагийн барилга нь ердөө л Турк мэтийн зарим оронд байдаг далбаат хүлэг онгоцыг дүрсэлсэн гээд товч тодорхойлход болно. Уран барилгын гоц гайхамшигтай зүйл юу ч байхгүй шүү дээ. Барилгыг барьж гүйцэтгэсэн материалын чанар, хийц технологийн хувьд барилгын салбарын мэргэжилт¬нүүд, эрдэмтдийн шүүмжлэлийг олон¬таа хүлээж байсан. Тиймдээ ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын даргаар ажиллаж байхдаа холбогдох яамныхныг хуралдаанд оролцож байхад нь “Энэ урд талын жирэмсэн хүн шиг барилга чинь хэчнээн жил үргэлжлэв. Сайн  бол бариад дуусга. Муу бол нураачихаж болдоггүй юм уу” гэж хэлж байсан удаатай. Гэвч муу мөртлөө нурааж болдоггүй тийм л барилга байж л дээ. Энэ барилгын ар, өврийн аль ч хаалгаар ороход маш давчуу зайтай. Машин тавих нь байтугай явган хүнд гишгэх газар олдохгүй шахам. Ногоон байгууламж энэ тэрийн тухайд санахын ч хэрэггүй. Гадаад, дотоод орон зайн төлөвлөлт муу. Зочид буудлын зориулалттай гэсэн хэрнээ элдэв осол гарлаа гэхэд гал команд, түргэн тусламж, аврахынхан ирээд ажиллагаа явуулахад түвэгтэй. Бусад зочид буудлын адил орой дээрээ нисдэг тэрэг буух зогсоол байдаггүй юмаа гэхэд автомашин оруулах зайг төлөвлөчихөж чадаагүй л байгаа юм даа. Ийм барилгыг манай хөгжлийн үзүүлэлт, хамгийн сайхан байшинг Монголд барьчихлаа гэж дүвчигнэх нь эмгэнэлтэй санагдана.

Нийтдээ дан шилэн гадаргуутай энэ барилгын ашиглалтын зардал асар өндөр гарна гэдгийг мэргэжилтнүүд нэгэн дуугаар хэлдэг. Ийм барилгын онцлог нь хэт халсан үед хөргөх, хүйтэнд халаах шаардлагатай болдог. Үүнд шаардагдах дулааны зардал нь орон сууцны нэг барилгад шаардагдах эрчим хүчний хэмжээнээс ч хол давах юм билээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсад мөрддөг дулаан хадгалалтын нормыг зөрчсөн барилгыг солонгосчуудын хөрөнгө оруулалт, Монголын хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн  хичээл зүтгэлээр хүчээр авч ирээд барьчихсан. Эрчим хүчний энэ их зардлыг түрээсийн зардал, үйлчилгээний үнэ хөлснөөс нөхөх нь ойлгомжтой. Бусад оронд яагаад ийм шилэн барилгууд амь бөхтэй сүндэрлээд байна вэ гэхээр тэд халааж, хөргөх эрчим хүчиндээ санаа зовохооргүй болсон байдаг. Тэгээд ч дулааны хөөсөнцөр, чулуун хөвөн зэргээр дулаалсан болохоор дан шилэн барилгыг халаахаас хамаагүй бага зардал гаргадаг ажээ. Бат бөхийн хувьд металл хийцээр бус төмөр бетон  арматур ашигладаг. Мөн өрлөггүйгээр шууд бетон цутгаад, өнгөлгөөг хийсэн байдаг гээд техник, технологийн орчин үеийн шийдлээр барьж байдаг.

Гэтэл Монголын нөхцөлд дан шилэн гадаргуутай, 25 давхар байшин барьчихаад, түүнийгээ “Тэнгэр баганадсан хосгүй гайхамшиг” мэтээр шагшиж байгаагийн цаана нууцлаг, “но”-той асуудал олон байна. Тиймээс нийслэлийн төв гудамжинд ямархан байшин барьчихаад байгааг эргэж нэг анхаараасай.  Төрийн ордныг яг го¬лоор нь хуваах мэт зүсч харагддаг энэ барилгын цаана мөн л “эвгүй” мөнгө нуугдаж байж болзошгүй байгаад хуулийнхан анхаарал хандуулж эхлээд байна. Хожимдоогүй дээрээ ой¬рын үед шалгаж нягтлаад, шаард­лагатай бол нураавал хөрөнгө оруу¬лагч солонгосчууд болон захиа­лагч “Чоно” корпораци, гүйцэтгэгч “М and G” компанийн хоорондын маргаан болоод л өнгөрнө. Харин уг барилга ашиглалтад ороод, иргэд болон байгууллага үлэмж хэмжээний үнээр түрээсэлчихсэн хойно наана¬даж хөрөнгө оруулалт нь хууль бус, цаанадаж орчин нь аюулын эрс¬дэлтэй, стандарт бус гээд олон булхай илэрвэл асуудал ямар хүрээнд өрнөх нь тодорхой.

У.Оргилмаа. Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж