Гурван иргэн уурхайд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

Гурван иргэн уурхайд амиа алджээ

Өнгөрөгч лхагва гаригт Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” компанийн асуудлаар төлөөлөгчид нь хэвлэлийнхэнд хандаж байсан билээ. Тус компанийн хувьцааг худалдаж авсан Хятадын “Жинлиань” компанийнхан захирлыг нь дур мэдэн сонгож, улмаар Дөвөнтийн алтны уурхайд хууль бусаар олборлолт явуулсаар байгааг тэд шүүмжилсэн юм.

Тэгвэл өнөөдөр энэ хугацаанд олборлолтын явцад гурван иргэн нас барсан хэмээн дахин мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлж буйгаар Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дахь Сайрын худаг гэх газарт хууль бусаар алт олборлож байсан 39, 31, 35 настай иргэд нас баржээ. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөхгүй боломжгүй байгаа аж.

Харин энэ асуудалд “Болгаргеомин ЛТД” компанийн зүгээс удаа дараа шаардлага хүргүүлж байхад ойшоогоогүй, хууль шүүхийн байгууллагыг үл тоож, олборлолтоо явуулсаар байсан “Жинлиань” компанийг буруутгаж байгаа юм.


Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” компани Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дахь Дөвөнтийн алтны ордыг түшиглэн үйл ажиллагаа явуулсаар иржээ. 2011 онд Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” компанийн 50 хувийг Монголын талаас Хятадын “Жинлиань” ХХК-д худалджээ. Харин Болгарын талаас өөрийн хувьцаагаа “Болгаргеомин ЛТД” компанид худалдсан байна. Ингээд хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, хоёр талаас бүтцээ тодорхойлох шаардлагатай болсон ч энэ асуудалд хятадын талаас дур мэдэн, хүчээр шийдвэр гаргах болсноос өнөөдрийн байдалд хүрсэн гэв.

Анх 2011 онд хоёр талаас зөвшилцөн компанийн гүйцэтгэх захирлаа сонгох байсан ч Хятадын “Жинлиань” компаниас дур мэдэн өөрийн талын хүнийг тавьсан хэмээн мэдээлэв. Улмаар Дөвөнтийн алтны уурхай руу дайран хууль бусаар олборлолт явуулсаар ирсэн гэв. Мөн нөхөн сэргээлт хийсэн талбайд “Жинлиань” компанийнхан нинжа нарыг оруулж ирснээс хүний амь нас эрсдэхэд хүрсэн хэмээн үзэж байгаа юм.

“Болгаргеомин ЛТД” компанийн төлөөлөгч Борислов Ангеловын мэдээлж буйгаар энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр дөрвөн жил хөөцөлдөж байгаа гэв. Тэрээр “Шүүхийн шийдвэрээр Хятадын компанийн буруу болж гардаг. Гэвч тэдэнд хууль үйлчлэхгүй байсаар дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Хятадын талаас бидэнд “Бид бол хятадууд учраас энд үйл ажиллагаа явуулж болно. Харин болгарчууд бол болохгүй. Энэ бол хөдөө нутаг. Тиймээс тэр хууль, шүүх чинь үйлчлэхгүй” гэдэг” хэмээн мэдээлж байсан юм.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж