Унгар дахь монголчууд тэтгэврээ тогтоолгоно

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Унгар дахь монголчууд тэтгэврээ тогтоолгоно

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ сарын 10-11-нд Унгар улсад ажлын айлчлал хийж, “Монгол Улс, Унгар улсын хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулсанаар Унгар улсад 12 сар болон түүнээс дээш хугацаагаар ажиллаж, тухайн улсын хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн монгол иргэдийн хувьд тэтгэвэр тогтоолгохдоо төлсөн шимтгэлээ тооцуулах боломжтой болж буйгаараа онцгой ач холбогдолтой болжээ. Мөн одоо гэхгүйгээр өмнө нь ажиллаж байсан хугацааг ч  тэтгэвэр тогтооход оруулан тооцох бололцоог нээж өгсөн аж. Ингэснээр Унгарт олон жил хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан олон мянган монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд чухал алхам болжээ. Нөгөөтэйгүүр, Монгол Улсад ажиллаж буй унгар иргэдийн хувьд ч энэхүү боломж харилцан нээгджээ. Одоо Унгар улсад Монголын 2000 гаруй иргэд сурч,  ажиллаж буй гэнэ. Нийгмийн хамгаалал,  хөдөлмөрийн сайд Т.Ганди айлчлалынхаа үеэр Унгар улсын Үндэсний эх үүсвэрийн сайд Миклош Ретхейи, Үндэсний эдийн засгийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудал эрхэлсэн Төрийн сайд Цомба Шандор нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.  Талууд цаашид хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар  тохиролцжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж