Хэн юу хэлэв: Мөнгөний бодлого

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

Хэн юу хэлэв: Мөнгөний бодлого

Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 13 хувтай байна. Тэр хэмжээгээр хадгаламж, зээлийн хүү зэрэгцэн өсч, мөнгөний олдоц ховордоод байна. Тэгвэл ирэх жилүүдийн инфляцийн өнгө, төгрөгийн өгөөжийг тодорхойлогч Төрийн мөнгөний бодлогын 2016 оны үндсэн чиглэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.Өнгөрөгч Мягмар гаригт ЭЗБХ-ны хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" тогтоолын төслийн талаар УИХ-ын зарим гишүүд дараах байр суурийг илэрхийлж байсан юм.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Монголбанк макро шинэ тэнцвэр оруулж ирлээ

…Өрийн зохистой удирдлага хяналтаас гарах түвшинд хүрээд байна. Манай улсыг олон улсын байгууллагуудын мэдээгээр өндөр эрсдэлтэй улс гэж зарласан. Өрийн зохистой удирдлагыг Монголбанк хэрхэн хангах заалтыг тогтоолд оруулах хэрэгтэй. Инфляцийн түвшин нэг оронтой тоонд орсон нь сайн үзүүлэлт юм. Учир нь Монголын ард иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж байна. Мөнгөний уламжлалт болон уламжлалт бус бодлогын хүрээнд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг 35 хувиас 0 хувьд хүргэсэн байна. Мөн валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөөлөх нөлөөлөл багассан. Инфляцийг онилж байгаа бодлогоо илүү тодорхой болгох хэрэгтэй. Төсвийн алдагдлыг яаж засах вэ? Монголбанк тодорхой саналаа ЭЗБХ-нд хүргүүлэх хэрэгтэй байна.

Орж ирсэн төсвийн төслийг сайжруулах нөөц боломж их харагдаж байна. Монгол улсын төсөв хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байна. Нөхсөөр байтал хойд хормой онгойж, урд хормой нөхөөс ихтэй боллоо. Ийм үед улс зардлаа танадаг. Зардал танахын тулд эхлээд төсвийн алдагдлыг 0 эсвэл 1% гэсэн зорилтот түвшин тавих хэрэгтэй. Үүний дараагаар нэгдүгээрт төсвийн хөрөнгө оруулалт танах хэрэгтэй. Эндээс хамгийн багадаа 100 тэрбум хасах бүрэн боломжтой. Хасна гэдэг нь эдийн засгийг агшаана гэсэн үг биш.Хоёрдугаарт, урсгал зардлаа танах. 3000 хүний цалинг нийт тансаглалын золиос болгож болохгүй. Цалинг эхлээд хөндөхгүй байх ёстой. Бараа үйлчилгээний зардал дээр их хэмжээний хэмнэлт гаргаж болмоор байна. Төсвөөр тансагласан хүмүүст хариулцлага тооцохын тулд төсвийн хэмжээг нь 50 хувиар хасахад болно. Үүний дараагаар “Хөгжлийн банк”-ны 450 тэрбумаасавтоматаар 250 тэрбумийг хасах боломжтой. Яагаад гэвэл Хөгжлийн банк нь бие даасан банк болсон байхад төсвөөс нэмж 450 тэрбум төгрөг төлөх нь хариуцлагагүй явдал юм. Яам, агентлагийг цөөлөх гэж байгаа асуудлаа дараагийн засгийн газарт үлдээх хэрэгтэй. Гэхдээ нэг хуулийг өөрчлөх ёстой. Ямар нэгэн орлогч сайдыг халахгүйгээр “яам, тохируулагч агентлаг, хэрэгжүүлэгч агентлаг гэсэн энэ бүтцийг боль” гэсэн энэ хуулиа хүчингүй болго. Үүний дараагаар үе үеийн Засгийн газар,Монгол Улсын засаглалын хэлбэр нь яам ба төрийн бус байгууллага, яам ба иргэд ийм хэлбэрээр явдаг байх. Энэ бол төсвөө хэмнэхээс гадна ард иргэдийн төрийн оролцоог хангасан хамгийн зөв хэлбэр болно.

Монголбанкнаас дотоодын бонд гаргах, санхүүжилт хиймээргүй байна. Хувийн хэвшилрүү мөнгө оруулмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Монголбанк макро шинэ тэнцвэр оруулж ирлээ.Монголбанк дээрх шаардлагуудаа хангуулсан тохиолдолд мөнгөний бодлогоор дамжуулан нийт эдийн засгаа идэвхжүүлэх асуудлыг ярих ёстой. Ингэснээр төсөв, мөнгөний бодлого уялдах юм.


Л.Энх-Амгалан: Хувийн хэвшилдээ орон зай өгөөч

Монголбанк төсөв алдагдалгүй байх ёстой гэж үзсэн байна. Гэтэл Засгийн газрын оруулж ирсэн төсвийн алдагдал ДНБ-ийн 3.6 хувьтай байна. Ингэхээр төсөв, мөнгөний бодлого яаж уялдаж байна вэ? Засгийн газрын дотоод бондын ачааллыг бууруулъя, 3 их наяд төгрөг боллоо. Дотоодын арилжааны банкууд хувийн хэвшилдээ зээлэх мөнгийг Засгийн газар зээлээд байна. Хувийн хэвшилдээ орон зай өгөөч. Хувийн хэвшилд зээл өгөхөө больчхоод байна. Өргөн барьсан бодлого дээр маш тодорхой зүйлүүд оруулаад ирсэн байна. Валютын эх үүсвэр яаж олох вэ? Бидэнд хоёр сорилт байна. Нэгдүгээрт, валютаа яаж олох вэ гэдэг дээр уул уурхайн салбарынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ёстой. Хоёрдугаарт, уул уурхайн бус экспортод гаргах салбаруудаа зах зээлийн зарчимд нь тулгуурласан бодлогоор дэмжих ёстой.

Жишээлбэл, Мах экспортонд гаргах. Нэг тэрбум ам.долларын мах экспортод гаргана гээд баахан хүлээлт үүсгээд байна. Иймэрхүү мессежүүд маш том хүлээлтийг бий болгодог. Санал санаачлага нь зөв. Гэхдээ малчид малаа нядлах уу? Болих уу гээд шийдэж чадахгүй сууж байна. Экспортыг дэмжих энэ мэт хөтөлбөрүүд хэрэгжих юм уу, эдгээр нь Мөнгөний бодлого батлагдахад тодорхой байх ёстой. Хоёр дахь сорилт бол үндсэндээ Монгол Улс зээлээ яаж буцааж төлөх вэ гэдэг асуудал. Валют олж ирэх хөшүүрэг нь том төслүүд хөдлөх явдал. Том төслүүд хөдлөхгүй бол валют олдохгүй. Гадаадын хөрөнгө оруулалт ойрын 2-3 жилдээ орж ирэхгүй. Магадлал муу байгаа. Тэгэхээр хүссэн хүсээгүй зээлийг зээлээр л солино. Зээлийг зээлээр солиход одооноос эхлээд чармайлт гаргах ёстой. Зээлжих зэрэглэлээ сайжруулахаас эхлэх ёстой. Ингэхийн тулд улсын нэгдсэн төсөв алдагдалгүй байх.


УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Монголбанк хоёрдогч зах зээлийг дэмжижээ

…Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримлах үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжиж байна. Хамгийн сайн тооцоо, судалгаа хийж,төлөв байдлын дүгнэлт гаргадаг туршлагатай эдийн засагчид Монголбанкинд байдаг. Сангийн яамнаас 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа Монголбанкнаас мэдээлэл авч байж, төсвөө хийсэн байх. УИХ-ын гишүүд үүн дээр ямар нэгэн юм яриад маргаад байх хэрэггүй. 2016 оны мөнгөний бодлого, 2016 оны улсын нэгдсэн төсөв хоёр уялдаж байгаа. Монголбанк дүгнэлт дээрээ хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ заагаад өгсөн байна.

Жишээлбэл, УИХ-ын 2014 оны 34,2014 оны 69 болон 2015 оны 41 дүгээр тогтоолоос үлдсэн заалтуудаа хэрэгжүүлээд өгчих юм бол Мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр заасан бүх асуудал шийдэгдэнэ гэдгээ хэлээд өгчихсөн байна. Үүн дээр онцгой анхаарч байгаа ньвалютын эх үүсвэр байна. Тэр бол өмнөх Засгийн газар, өмнөх УИХ дээр гарсан том алдаа. Хуулийн залруулгыг бид хийсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадахгүй байна.Авууштай нэг юм бол Монголбанк хоёрдогч зах зээлийг дэмжиж байгаагаа ил гаргаж ирж. Өмнө нь хэзээ ийм юм УИХ-д оруулж ирж байсан юм. Энэ бол дэвшилттэй Мөнгөний бодлого.

Г.БАЯРМАА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж