-Зохиолын гол баатруудад үзэсгэлэнт төрхөө зээлдүүлсэн жүжигчин бүсгүйчүүд-
Кристен Стюарт дүр төрх нь болсон “Бүрэнхий” ном уншигчдад хүрсний 10 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиов. Энэ үйл явдалтай холбогдуулан уран зохиолын баатруудыг амилуулсан үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн тухай сонирхуулж байна.
Вивьен Ли буюу Скарлетт О’Хара
Скарлеттийн дүр бүтээх жүжигчнийг удаан хайжээ. Кино зураг авалт талдаа орсон байдаг… Гэтэл Скарлетт байдаггүй ээ. Нэг өдөр алдарт жүжигчин Кэтрин Хепберн найруулагчийн өрөөнд дайрч орж ирээд “Энэ дүрийг надад зориулж бичсэн юм” хэмээн Дэвид Селзникид гомдоллож байжээ. Түүний хариуд “Хонгор минь, Ретт Батлер чиний хойноос 12 жил үхэн хатан явсан гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна” гэж Селзняк хариуд нь хэлж байсан гэх.
Ингээд удалгүй Вивьен Лиг гол дүрээр баталсны дараа иргэний дайнд ялагдсан өмнөдийнхний “Конфедерацийн охидууд” гэх Америкийн нэгэн байгууллага ихээхэн эсэргүүцэл гаргасан юм. Өмнөд нутгийн үзэсгэлэнт бүсгүйн дүрд англи эмэгтэй тоглох болсон талаар бөөн шуугиан гарав. Найруулагч тэр даруйд нь энэ яриаг намжааж, тэднийг тайтгаруулан, “Хепбернийг Скарлеттын дүрд тоглуулна” гэж хэлжээ. Гэтэл “охид” тун хурдан бууж өгч, янки (Шинэ Англи, хожим Америкийн оршин суугчид болсон хүмүүс) биш хүнээс англи эмэгтэй нь дээр гэж үзсэн байна.
Скарлетт ингэж харагдаж болох байлаа… Жоан Беннет… Тэр Вивьен Лиг олдтол Скарлеттийн дүрд тоглох хамгийн өндөр магадлалтай жүжигчин байсан юм.
Одри Хепберн буюу Холли Голайтли
Гоолиг, дэгжин Хепберн бүхэнд хэрэгтэй бүсгүй Холли Голайтлийн дүрийг төгс бүтээсэн. Киноны нээлтийн дараа хийсэн ”Парамаунт” студийн тусгай мэдэгдэлд “Хепберн бол хөнгөмсөг эмэгтэй биш. Тэр тийм дүр бүтээдэггүй” хэмээн онцлон зарласан байдаг. Үнэндээ Хепберн Холлийн дүрийг илүү сонгомол болгосноос гадна хар даашинз, жийнс, бие барьсан нимгэн цамц, овоолсон үс засалт, “Moon River” дуу гээд түүний гэх бүхнийг жишиг болгосон гэхэд болно.
Холли бас ингэж харагдаж болох байлаа…
Джейн Фонда
Ширли Маклейн
Мерилин Монро
Ким Новак
“Тиффанигийн гэр дэх өглөөний зоог” киног бүтээгч Холлийн дүрд ганцхан Монрог сонгохоор онцолж байсан гэдэг ч түүнийг жүжигчний бие төлөөлөгч Пола Страсберг энэ дүрээс татгалзахад хүргэжээ. Бие төлөөлөгч эмэгтэй Мерилинийг “Хөнгөмсөг хүүхний дүр бүтээх нь дэмий санаа” хэмээн ятгасан гэдэг. Найруулагч Труман Капоте анх гол баатрынхаа дүрд Жейн Фонда, Ким Новак, Ширли Маклейн нараас сонгоход бэлэн байсан мөртлөө эсрэгээрээ Хепбернийг энэ дүрд огт таарахгүй гэж үзэж байжээ.
Эмма Уотсон буюу Гермиона Грейнжер
Эмма Уотсон өөрийнх нь сургууль дээр явагдсан сонгон шалгаруулалтад бараг сүүл мушгисан тул “Кинонд тоглоно” гэсэн хүлээлт нь бараг найдваргүй болсон байв. Харин энэ үед номын зохиолч Роулинг түүнийг маш их дэмжиж байсан гэдэг. Ермионых шиг өрөвгөр өтгөн үс Уотсонд байсангүй. Түүнийг дорсгор харагдуулахаар хиймэл шүдтэй болготол Уотсон хиймэл эрүүнээсээ болоод үг ч хэлж чадахгүй байжээ. Гэтэл одоо бид Гермиона Грейнжерийг түүнээс өөрөөр төсөөлж чадахгүй шүү дээ. Бяцхан Эмма буюу Гермиона одоо жинхэнэ гоо бүсгүй болжээ. Эмма энэ дүрийг зохиогчийнх нь бодож сэтгэснээр бүтээж, сэтгэлд нь хүрч чадсан юм.
Гермиона ингэж харагдаж болох байлаа… Сонгон шалгаруулалтын төгсгөлд Эмма Уотсонд ганцхан өрсөлдөгч үлдсэн байв. Хөөрхөн, гал улаан үстэй Хэтти Жонс гэх тэр охин хожим “Мадлен” кинонд тоглож, олонд алдаршсан юм.
Лив Тайлер буюу Арвен
Эльфийн хааны гүнжийн дүрийг Лив Тайлераас өөр хүн бүтээнэ гэдгийг одоо төсөөлөхөд бэрх. Лив жинхэнэ эльфа (герман-скандинав домгийн шидэт ард түмэн) ингэж харагдана гэдгийг харуулж чадсан юм.
Арвен ингэж харагдаж болох байлаа…
Милла Йовович
Ума Турман
Найруулагч Питер Жексон энэ дүрд Ума Турманыг тоглуулах сонирхолтой байжээ. Гэтэл жүжигчин бүсгүй тухайн үед бие давхар байсан учир түүний санал болгосон дүрээс татгалзсан аж. Үүний дараа найруулагч Тайлерийг гол дүрээр батлахаасаа өмнө Милла Йововичийг тоглуулах тухай бас бодож амжсан гэдэг.
Нуми Рапас буюу Лисбет Саландер
“Луун шивээстэй бүсгүй” киноны Холливудын бүтээлийн сонгон шалгаруулалт жинхэнэ кастинг тулаан болсон гэдэг. Кэри Маллиган бараг л Леа Сейдаг дэгээдсэн юм байх. Гэтэл анхны Саландерийн дүрд зохиолыг нь уншаад өөрийгөө гол баатарт тоглоно гэж хэзээ ч төсөөлөөгүй байсан Нуми Рапас сонгогджээ. Киноны швед хувилбарын найруулагч түүнийг мариалаг, намбалаг эмэгтэйн шинжтэй хэмээн эхлээд “голж” байжээ. Гэвч гол дүр бүтээж магадгүйгээ ойлгосон Рапс долоон сарын турш тулааны урлагаар хичээлэж, секси галбираа булчин шөрмөс болгон хувиргаж чадсанаар найруулагчид таалагджээ.
Лисбет Саландер ингэж харагдаж болох байв… Шведийн жүжигчин Ракель Вермлендер энэ дүрийг бүтээхээр сонгогдох магадлалтай хүний нэг байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР