“Хүрхрээ” үндэсний дээд лигт энэ улиралд өрсөлдөгч багуудынхаа хаалганд 22 гоол оруулж, “Хүрхрээ” лигийн мэргэн буучаар тодорсон, “Хоромхон” клубын довтлогч Н.Наранболдтой ярилцлаа.
-Юуны өмнө мэргэжлийн хөлбөмбөгийн багууд өрсөлддөг, Монголын хамгийн шилдэг лигт 22 гоол оруулж, “Шилдэг довтлогч”-оор шалгарсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Шилдэг мэргэн бууч болж чадсандаа маш их баяртай байгаа.
-Анхны юм бүхэн хүний сэтгэлд маш тодоор дурсагдан үлддэг шүү дээ. Хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” компани МХБХ-той дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж, шагналыг санг 100 саяд хүргэлээ. Энэ хүрээнд “Арвайн Үндэс” компани шилдэг тамирчдад энэ жилээс эхлэн 2 сая төгрөг олгож байна. Баярын сэтгэгдлээсээ хөлбөмбөг сонирхогчидтойгоо хуваалцахгүй юу ?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Манай лиг "Хүрхрээ" үндэсний дээд лиг гэсэн нэртэй болоод их өөрчлөгдлөө. Олон зүйл дээр шүү. Шагналын сан маш өндөр боллоо. Түүний хэрээр өрсөлдөөн их гарлаа. Өмнөх хоёр жил би мөн мэргэн буучийн төлөө өрсөлдөж, тус бүрт нь аман хүзүүдэж байлаа. Энэ жил гурав дахь удаагаа дараалаад дэд байрт явж байсан болохоор илүү их хичээсэн. Лиг олон давуу талтай болж эхэлсэн учраас тамирчид бидэнд ч бас сайжиръя, илүү сайхан тоглоё, хичээе гэсэн бодол аяндаа төрдөг юм билээ. Урам зориг ордог.
-Энэ улиралд хийсэн тоглолтуудаас танд хамгийн чухал нь аль тоглолт байв?
-“Эрчим” клубыг 2:1-ээр буулгаж авсан тоглолт. Тэр тоглолтын өмнөхөн Б.Улсболд Америкаас ирж, хамт тоглосон болоод ч тэрүү надад их сайхан санагдсан.
-Таны тамирчны карьерыг би өндөр түвшинд байгаа гэж ойлгодог. Өнгөрсөн жил дээд лигт түрүүлсэн. Энэ жил үүнийгээ нотолж чадаагүй ч хувь тоглогч талаасаа мэргэн бууч болж, 22 гоолыг эсрэг багийн хаалганд шигтгэж чадлаа. Өнгөрсөн улиралтай харьцуулахад энэ улирал ямар санагдав, танд?
-Өнгөрсөн улиралд манай “Хоромхон” клубын 15 жилийн ой тохиосон. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, багаараа үргэлж ярилцан, нэг хүсэл, нэг зорилгын төлөө хамтдаа байж чадсан. Энэ жилийн хувьд бэлтгэлийн ирц жаахан дутуу байлаа. Тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр цуглахгүй байх үе цөөнгүй байсан. Үүнийг дагаад тоглолтон дээр үл ойлголцол, жижиг алдаанууд гардаг. Бага гэлтгүй энэ мэт зүйлээс болж тэнцэж, хожигдож, оноо алдаж явсаар IV байрт орлоо. Бага зэрэг харамсч, боломжуудаа алдсандаа сэтгэл дундуур байх нь байсан.
-Лигийн эхнээс “Улаанбаатарын унаганууд” багийн довтлогч Ц.Түмэнжаргал мэргэн буучдыг тэргүүлж байлаа. Таны хувьд сүүлийн хэдэн тойрогт тун сайн тоглосон. Ялангуяа “Соёмбын барсууд” болон “Дэрэн” багийн хаалганд нийт есөн гоол оруулж, гол өрсөлдөгчийнхөө өмнө гарж чадсан шүү дээ?
-Лигийн хаалтын өдөр манай хоёр баг хоорондоо таарч тоглосон. Тэр хүртэл би Ц.Түмэнжаргалыг хоёр шар карттай, торгуулийн улмаас тус тоглолтыг өнжинө гэж мэдээгүй байсан. Ажилтай байсан учир бусад багуудын тоглолтыг ер нь цөөхөн үзсэн. Ерөнхийдөө мэдээлэл бага байлаа. Найзууд бол надад хэлж байсан л даа. Чи мэргэн бууч болоход ойрхон байна гэж. Гэхдээ баримттай зүйл биш учир би нэг их итгээгүй. Ингээд явсаар лигийн төгсгөл рүү ирэхэд ямар ч байсан мэргэн бууч болох боломж 90 хувьтай болж байгааг ойлгосон. Ц.Түмэнжаргал манай хаалганд арай ч 4-5 гоол оруулчихгүй, манай хамгаалалт тийм зүйлтэй тулгарахгүй болов уу гэж найдаж байлаа.
-Тэр хоёр тоглолтод л есөн гоол оруулаад бүх зүйл өөрчлөгдсөн шүү дээ ?
-Манайх багаараа Бутан улсыг зорьж ирээд лигийн тоглолтод бүх анхаарлаа хандуулсан. "Улаанбаатарын мазаалайнууд" багийн хаалганд хоёр гоол, "Сэлэнгэпресст" мөн хоёр, үүний дараа "Соёмбын барсууд"-ын хаалганд таван гоол, "Дэрэн" багтай тоглохдоо дөрвөн гоол оруулсан. Ингэж Ц.Түмэнжаргалаас гурван гоолын илүү болж чадсан.
-Энэ жил МХБХ маш олон ажлыг богино хугацаанд амжуулж, лигээ улам сайн зохион байгуулсантай олон хүн санал нэг байгаа. Ивээн тэтгэгч компани шагналын санг өндөр болгосонд их олзуурхаж байна. Үзэгчид болон сэтгүүлчид шагналын сан 100 саяд хүрснээр өрсөлдөөн ширүүссэн гэж харж байна. Харин яг талбайд тоглоод, “дайн”-ы талбар дээр “тулалдаж” яваа таниас энэ талаар асуумаар байна. Жишээ нь, өнгөрсөн жил лигийн шагнал 18 сая байсан. Энэ жил 100 сая боллоо. Ингэснээр багуудын бэлтгэл, сургуулилт, тэмцээндээ тавих анхаарал өөрчлөгдсөн үү?
-Магадгүй. Энэ бол оргүй зүйл биш. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Монголын нөхцөлд спортод ивээн тэтгэгч бага. Хөлбөмбөгийг бас төдийлэн сайн ойлгохгүй байх зэрэг хүндрэлүүд гардаг. Тийм болохоор багаараа хичээж байгаад түрүүлж, 40 сая төгрөг авахыг хэн хүсэхгүй байх билээ. 40 сая төгрөг багийн бэлтгэл сургуулилт, санхүүд том дэмжлэг болно. Багтаа зарцуулна, тодорхой хувиар нь тамирчдаа урамшуулна. Ядаж л бид ирэх жил чанартайхан өмсгөл авахад энэ мөнгөө зарцуулж болно шүү дээ.
Багуудын ур чадвар, өрсөлдөөн, тэмцээний чансааны хувьд лиг маань өнгөрсөн тэмцээнүүдээс сайжирсан. Өнгөрсөн жил долоон баг лигт оролцож байсан бол энэ жил ес болж нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн аварга болсон “Хоромхон” багийнхан мэдээж энэ жил аваргаа хамгаалах ёстой гэж хичээж таарна. Гэтэл “Хүрхрээ” лигийн өрсөлдөөн үнэхээр хүч нэмж, сайжирсан нь тоглолтоос тоглолтод анзаарагдаж байлаа. Аварга авахаас илүү хамгаалах нь хүнд байдаг шүү дээ. “Хоромхон” баг маань аваргаа хамгаалж, алтан медаль хүртэхийг гол зорилгоо болгосон ч үүндээ хүрч чадсангүй. Гэхдээ тэмцээн үүгээр дуусахгүй. Бид дараа дараагийн лигт улам илүү хичээх болно. Дашрамд, Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс хийж байгаа бүх ажилд тамирчид бид бүхэн баярлаж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.
-Лигийн 16 тоглолтод 22 гоол оруулахад тоглогчдоос танд хэн хамгийн их туслав. Хөлбөмбөг бол багийн спорт. Тийм ч учраас нэг зорилгын төлөө хамт байдаг. Довтлогч хүний үүрэг гоол оруулж багаа сэргээх шүү дээ?
-Манай баг байгаагүй бол би өдийд лигт 22 гоол оруулж, мэргэн бууч болохгүй л байх байсан. Багийнхандаа үнэхээр их баярлаж байна. Ерөнхийдөө статистикээс харахад миний найз, “Том” Улсаа гэвэл хүмүүс андахгүй байх, Б.Улсболд надад олон ашигтай дамжуулалт өгсөн байдаг. АНУ-д амьдарч байгаад зургаан жилийн дараа эх орондоо ирж, хамтдаа “Хоромхон” багтаа хүчин зүтгэлээ. Наранбаяр, Төрбат бид дөрөв зургаан жилийн дараа дахин хамтдаа нэг багт тоглосон нь үнэхээр сайхан байлаа. Эхний тоглолтоо “Эрчим”-ийн эсрэг хийж, хожил байгуулсан. Тэгээд удалгүй Бутан руу явсан. “Эрчим”-д анхны ялагдлыг нь амсуулсан тэр тоглолтод Б.Улсболд надад дамжуулалт өгч байлаа.
-“Эрчим” клуб танайхтай тоглолт таардаггүй, их эвгүй өрсөлдөгч гэж боддог байх?
-Өнгөрсөн жил бид хоёр удаа тэнцсэн. Энэ жил хожил байгуулсан. Гэхдээ сүүлийн тойрогт талбайд нь ялагдсан. Тэр тоглолтод би картын алдаанаас болж оролцож чадаагүй. Гарааны үндсэн хаалгач, хамгаалагч нар мөн асуудалтай байсан болохоор мөн тэр тоглолтыг өнжсөн байсан.
-Ирэх улиралд дээд лигт нийт 10 баг өрсөлдөнө. “Хүрхрээ үндэсний 1-Р ЛИГ” тэмцээнд амжилт үзүүлсэн “Континенталь” болон “Хангарьд сити” багууд “Хүрхрээ” дээд лиг рүү шат ахин, орж ирнэ. Эдгээр багууд хэр амжилт үзүүлэх бол. Ирэх жилийн лигийн өнгийг та ер ямраар төсөөлж байна?
-Нэгдүгээр лигээс орж ирж байгаа багуудыг сайн мэдэхгүй байна. Ирэх жил манай клуб бол лигтээ нэлээн хүчтэй орж ирнэ гэж бодож байна. Ази тивийн футзалын АШТ ирэх 2016 онд явагдана. Үүний А хэсгийн урьдчилсан шатны тоглолт арваннэгдүгээр сард манай эх оронд болох гэж байна. Азийн зүүн бүсийн хүчирхэг багууд ирнэ. Энэ тэмцээнд одоогоор бүх анхаарлаа хандуулаад байна. Амжилт үзүүлэхийг хүсч байгаа. Харин үүний дараа багийнхантайгаа бэлтгэлдээ орно. Ямартай ч ирэх жилийн “Хүрхрээ” лигтээ эртнээс бэлтгэе гэж бид багаараа ярьж тохирсон байгаа.
-Баярлалаа. Танд болон танай багт өндөр амжилт хүсье.
Ярилцсан Б.ТУНСАГ