Гадаад худалдааны эргэлт буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.16-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны эргэлт буурчээ

Монголбанкны статистик судалгаанаас харахад 2015 оны есөн сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 6,397.7 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20,7 хувиар буурсан үзүүлэлтэй байна.

Шалтгаан нь:

Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 12.0%-иар буурсантай холбоотой бөгөөд үүнд ашигт малтмалын экспортын бууралт голлон нөлөөлжээ. Гол нэрийн бүтээгдэхүүний ангиллаар авч үзвэл зэсийн баяжмалын экспортын өсөлт уг бүлгийг 1%-иар, мөнгөжөөгүй алтны экспорт 2%-иар тус тус өсөхөд нөлөөлсөн бол чулуун нүүрс, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефтийн экспорт өнгөрсөн оны мөн үеэс харгалзан 32%, 48%, 41%-иар буурсан нь уг бүлгийн өсөлтийг 16%-иар бууруулжээ. Бусад бараа бүтээгдэхүүний экспорт өсөхөд машин механик тоног төхөөрөмжийн дахин экспорт болон тунгаасан зэсийн экспорт голлон нөлөөлсөн байна.

Харин импортын хэмжээ буурч байгаа шалтгаан нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бууралт 15%-ийг, хэрэглээний бүтээгдэхүүний бууралт 5%-ийг, нефтийн бүтээгдэхүүний бууралт 8%-ийг тус тус тайлбарлаж байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт өмнөх оноос 35%-иар буюу 597 сая ам.доллараар, хэрэглээний бүтээгдэхүүний импорт 20%-иар буюу 208 сая ам.доллараар, нефтийн бүтээгдэхүүний импорт 38%-иар буюу 327 сая ам.доллараар буурсан нь нийт импортийг 29.4%-иар буюу 1,189 сая ам.доллараар буурахад голлон нөлөөлжээ.

Гадаад худалдааны нийт тэнцэл 684.2 сая ам.долларын ашигтай гарав

Мөнгөн дүн 2015 оны эхний есөн сарын байдлаар гадаад худалдааны тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 708.6 сая ам.доллараар буурснаар 684.2 сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь экспорт 12.0%-иар буурсан ч импорт түүнээс өндөр дүнгээр буюу 29.4%-иар буурсантай холбоотой байна. Экспорт, импортын жилийн өсөлтийн зөрүүг 3 сарын гулсах дунджаар авч үзвэл сүүлийн жилүүдэд байнгын бууралттай байсан. Гэвч 2014 оны эхнээс экспортын өсөлт нэмэгдэж, импортын өсөлт буурсан тул жилийн өсөлтийн зөрүү нэмэгдсэн байна.

2015 он гарсаар зэсийн баяжмалын экспортын нөлөө тогтворжиж, барааны эргэлтийн өсөлт буурсан зэрэг нь гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад нөлөөлжээ.

Т.ДАВААНЯМ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж