Ирэх онд Улаанбаатар хотод болох Ази, Европын дээд түвшний уулзалт буюу ACEM-д нийслэлчүүд алхам алхмаар бэлтгэж байна. Энэ хүрээнд олон улсын дээд хэмжээний зочдыг хүлээж авах зочид буудал, ресторануудыг тохижуулахаас гадна хотынхоо өнгө үзэмжид ч анхаарч буй. Үүний нэгээхэн хэсэг нь гэхэд нийслэлийн өнгө үзэмж тааруу ТҮЦ-үүдийг шинэчлэх ажил юм.
Түргэн үйлчилгээний цэгүүдийг шинэчилж, өнгө зүсийг нь засахын тулд эхний ээлжинд ТҮЦ ажиллуулах журам боловсруулсан бөгөөд түүнд нийслэлд байрлах ТҮЦ-үүд 12-15 ам.метр талбайтай, гаднаасаа ордог, халаалттай, био 00-той байхаар тусгасан юм. Журмын дагуу, стандарт хангасан ТҮЦ байрлуулах ажил үргэлжилж байгаа аж. Одоогоор нийслэлийн төв хэсгийг, өөрөөр хэлбэл 50 орчим хувийг өнгө үзэмж сайтай, стандарт шаардлага хангасан ТҮЦ-ээр шинэчилсэн гэх мэдээллийг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгч байна.
НЗАА-ны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа энэ талаар ингэж ярилаа.
Одоогоор зөвхөн нийслэлийн төв хэсэгт шаардлага хангасан ТҮЦ-үүдийг байрлуулан, үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрч байна. Харин хотын захын ТҮЦ-үүдийг шууд хаах, шинэчлэхийг яарахгүй. Иргэд боломжоороо өнгө үзэмжийг нь сайжруулж, будаж янзлах шаардлага тавьж байгаа аж. Мөн энэ ажлын хажуугаар стандарт бус ТҮЦ-ийг иргэдэд худалдах асуудал ч гарч байгаа аж.
Стандартын шаардлага хангахгүй ТҮЦ-ийг иргэдэд худалдаалах байдал цөөнгүй байгааг хүмүүс ярилаа. Худалдаа эрхлэгчдийн хувьд хямдыг нь бодоод энэ төрлийн ТҮЦ авах сонирхолтой байдаг гэх. Гэхдээ нэгэнт нийслэлийн өнгө төрхийг сэргээхэд хувь нэмэр оруулж, үйлчилгээний орчноо шинэчилж байгаа учраас журамд заасан, стандартын ТҮЦ-ийг худалдаж авахыг худалдаа эрхлэгчдэд сануулж байна.
БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА, Ц.АРИУНБОЛД