Н.Алтанхуягийг огцруулахад хамгийн гол үүрэгтэйгээр оролцсон хүмүүс бол Ардчилсан намын “Шонхор” фракцийнхан. “Шонхор”-ын харъяалалтай хоёрын хоёр сайд нь Засгийн газрынхаа тэргүүний асуудлыг хэлэлцэх үед “нүд өвдсөн”, “бие өвдсөн” гэх шалтгаанаар утсаа ч авалгүйгээр бултчихсан юм. Үүнээс хойш Монголын улс төрд “Шонхордох” гэдэг үг бий болж, олон ч асуудал дээр “Шонхор”-ынхон хэн бэ гэдгээ олон нийтэд харуулсаар ирэв. Одоо ч Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр “Шонхор”-ынхон нөгөө л “өвддөг”, “томилолтоор явдаг”, “чөлөө авдаг” аргаа хэрэглэж байх шиг. Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлж, чуулганы хуралдаанаа З.Энхболд даргалж болох л байсан. Гэвч, Хууль зүйн байнгын хороо хуралдаагүй гэсэн шалтаг заан МАН-ын авсан завсарлагыг дахиад сунгасан юм. Үүнийг нь улс төрийн хүрээнийхэн Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээс зугатаж, Хятадад хийх томилолтоо хэргээр давхцуулсан гэж З.Энхболд даргыг хардаж байгаа бололтой. Учир нь энэ хуулийг хэлэлцэх үед “Шонхор”-ынхон нөгөө л шонхордох аргаа хэрэглэх нь гэсэн зарим хүмүүсийн хардлагыг үгүйсгэхэд бас хэцүү. Ямар ч байсан З.Энхболд өөрийн үүрэх ачаагаа Р.Гончигдоржид тохоод өөрөө алга болчихлоо гэж Ардчилсан намын зарим улстөрч буруутгаж байгаа гэнэ. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үед “Шонхор”-ын хэд байгаа эсэхийг, тэд хэн бэ гэдгийг олон нийт харж, таньж аваарай. “Монголчууд муу нуухаар сайн илчил” гэдэг. Хоёр хооронд бултаж, зугатаж байхаар анхнаасаа З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл нар шиг байр сууриа шударга илэрхийлсэн нь арай дээр байсан юм биш үү, “Шонхор”-ынхоон.
А.ШАРХҮҮ