Өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр Самалийн арал дээрхи “Ocean View” амралтын газраас үл мэдэгдэх бүлэглэл Канадын хоёр, Норвегийн нэг болон Филиппиний нэг иргэдийг хулгайлан барьцаалсан билээ. Тэгвэл гэмт бүлэглэл барьцааны иргэдийн амьд байгааг гэрчилсэн бичлэг хийн эрх баригчдад өөрийн саналыг хүргүүлжээ.
Уг бичлэг дээр дүрслэгдсэнээр, дөрвөн барьцааны иргэд нэг эгнээнд орон, газар сууцгааж байсан бөгөөд тэдний ард дор хаяж найман барьцаалагчид алчуураар царайгаа нуун тойрон зогсож байгаа нь бичигджээ.
Хамгийн зүүн талд Филиппин эмэгтэй сууж байсан бөгөөд, камер эмэгтэйн хажууд сууж буй эрэгтэй рүү ойртоход тэрээр ярьж эхэлсэн байна. Тэрээр хэлэхдээ “Намайг Роберт Халл гэдэг, надтай хамт буй хүмүүс аюулд өртсөн бөгөөд өөрийн гэр бүл найз нөхдийг Канад болон Филиппиний Засгийн Газартай яаралтай холбоо барьж, Филиппиний урд хэсэгт байрлах Минданао хэмээх газарт явуулж буй бөмбөгдөлт болон их буугаар буудах зэрэг цэргийн үйл ажиллагаануудыг зогсоох арга хэмжээ авахуулах хэрэгтэй” гэжээ.
Филиппин эмэгтэйгээс бусад барьцааны хүмүүс бүгд ийм утга агуулгатай яриаг давтсаны дараа, хар ногоон алчуураар нүүрээ халхалж нарны шил зүүсэн цэрэг англи хэлээр мөн л “Барьцааны хүмүүсийг суллахын тулд эхлээд цэргийн бүхий л үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна” гэж хэлээд бүгд Араб хэлээр орилолдон агаар луу буудаж эхэлснээр бичдэг төгссөн байна.
Филиппиний цагдаагийн хурандаа Падилла хэлэхдээ гэмт этгээдүүд одоогийн байдлаар ямар ч мөнгө шаардаагүй бөгөөд, тэдний аль бүлэглэлийнх болохыг баттай хэлж мэдэх арга байхгүй. Бидний мэдэхээр нутгийн энэ бүсэд Абу Саяаф нэртэй Исламийн бүлэглэл бий” гэжээ.
Г.СҮМБЭЭ