&#34Та хурал даргалж болохгүй&#34

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

&#34Та хурал даргалж болохгүй&#34

Хууль зүйн байнгын хорооны даргыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн  байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 80.4 хувийн дэмжлэг хүлээснээр тус байнгын хороог Д.Ганбат гишүүн удирдахаар болж, батлагдлаа.

Эл асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваад байсан нь өнөөдөр албан ёсоор дууссан юм. Тус бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг сонгуулахаар болж, нэр дэвшүүлээд байв.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 74.1 хувийн саналаар “хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Мөн Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны зургадугаар сарын 3-ний өдрийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд 61.1 хувийн саналаар дэмжин, хэлэлцэхээр боллоо.

Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлццэхийг дэмжсэнгүй, буцаалаа.

Одоо УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. Үдээс хойшхи хуралдаан Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр эхэлнэ.


12.22

Р.Гончигдорж шалгуулахаа мэдэгдэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр саналаа хэлэх үеэрээ чуулганы үдээс хойшхи хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг удирдаж болохгүй гэв. Тодруулбал, Ё.Отгонбаяр гишүүн “Р.Гончигдорж та үдээс хойшхи хуралдааныг даргалж болохгүй. Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилтэй хүн. УИХ-ын хоёр дэд дарга байгаа, тэднээр даргалуул. Хамгийн их зүтгүүлсэн хүн та.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Би авлига, албан тушаалын хэрэгт холбоотой хүн болж таарч, байна, шалгуулна. Дэмий юм ярьдагаа болих хэрэгтэй”.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Та миний хэлсэн үгийг битгий мушгиад бай. Байнгын хороогоор Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд тал еэвэнгийн зарчмаар оруулж ирсэн санал таньунасан. Зүйл заалт бүрээр санал хураалгая гэхэд та хамгийн их будилуулсан. Та хурал даргалж болохгүй, ёсзүйн зарчим гэж байх ёстой.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Саналаа өөр, өөрөөр өгдөг. Энийг сонирхлын зөрчил гэж үзэж байгаа юм уу. Хариуцлагаа хүлээгээрэй” гэлээ.


11.12

"Юу болоод архи, тамхин дээр хамтардаг болчихоо вэ?"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 70.2 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дээрх хуульд өөрчлөлт оруулах болсон нь Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй холбоотой аж. Энэ нь хөнгөлөлттэй тариф хэрэглэх заалт юм байна. Хуулийн төсөл батлагдсанаар Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хүрээнд аж ахуй нэгжүүд гаалийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Монголын эдийн засгийг бизнес эрхлэгчид авч яваа. Зах зээл байхгүй, олигтой технологи байхгүй хэцүү л байгаа шүү дээ. Улс төрөөр дэмжиж энэ хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээрийг батлахын өмнө УИХ-ын гишүүдэд том зузаан ном өгсөн, дараа нь цагаан ном өгсөн. Монгол Улс Японы зах зээлд 9000 төрлийн бараа бүтээгдэхүүн гаргах, Япон Монгол руу 5000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оруулна. Гаалийн тариф нь ижил байна гэж заасан. Тэр дагуу орж ирж байгаа зүйл. Монголын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ Японы зах зээлд гаргаснаар 12.3 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Энэ түүхэнд үлдэх хэлэлцээр, олон жилийн олон хүний хөдөлмөр. Ерөнхий сайд нь ирэх гэж байгаа учраас түүнд зориулж хуулиа өөрчлөх гэж байна гэж ярих нь буруу” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Японтой архи, тамхины наймаа хийнэ гэж хэн ийм хэлэлцээр байгуулсан юм. Танилцуулгад судалгаа тооцоо харьцуулсан юм алга, хуульд өөрчлөлт оруулах болсон үндэслэлийг уншиж ойлгож байж, кнопоо дарна. Тийм учраас энэ асуудлыг хойшлуулчихвал яасан юм. Танилцуулгад бичсэнээр архи, тамхины тухай бичиж байснаа улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль оруулаад ирж…Юу хийх гээд ингээд шууруулж оруулж ирээд байгаа юм. Энийгээ буцаачих, ирэх долоо хоногт горимоор нь оруулаад ир. Дэлхийн худалдааны байгууллагад авсан амлалтынхаа төлөө заримыг нь буулгаж, заримыг нь нэмэгдүүлэх хэрэг гарч мэднэ. Гэхдээ ойлголттой болох хэрэгтэй байна. Засгийн газрын гишүүдээс нэг нь татаад ав. Дээр та нар архи, тамхины татварыг шууруулаад 70-80 тэрбум төгрөг алга болгосон. Ардын намынхан та нар юу болоод архи, тамхин дээр хамтарч ажилладаг болчихсон юм.

УИХ-ын гишүүн С.Оюун “УИХ-аас Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг дэмжсэн. Татвар дээр ялгаварлалгүй ханд гэсэн болохоос бууруул гээгүй.  Энэ танилцуулган дээр хэдэн төгрөг хасагдах гээд байга юм, яагаад ялгавартай байгаа юм бэ гэдэг нь байхгүй байна”.

УИХ-ын гишүүн Л.Болд “Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан нь түүхэн зүйл шүү. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч энэ оронтой хэлэлцээр байгуулснаар Монголын хувьд асар том зах зээл нээгдсэн. Үүнийг дэмжих ёстой. Түүхэн боломжийг ашиглах ёстой. Ажлын хэсгийнхэн асуудлаа ойлгуулж чадахгүй байна шүү гэж байлаа”.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.


10.15

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 70.6 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг Монгол Улсын Их хурлаас 2015 оны хоёрдугаар сард, Япон улсын парламент тавдугаар сард тус тус соёрхон баталсан юм. Тус хэлэлцээр нь хоёр тал харилцан ноот бичиг солилцсоноор хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт импортлох болон экспортлох бараа бүтээгдэхүүнд нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тариф хэрэглэх, эдийн засаг, худалдааны бодлого хэрэгжүүлэхэд импортын барааны гарал үүслийн улсыг тодорхойлох асуудал чухал байр суурийг эзэлдэг. Гаалийн тухай хуульд 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуулиар орсон нэмэлт, өөрчлөлтөөр гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтаас “Гарал үүслийн гэрчилгээ”-г хассанаар одоогийн байдлаар мэдүүлэгчийн мэдүүлсэн гарал үүслийн улсыг хүлээн зөвшөөрөх төдийд буюу хангалтгүй байдлаар хэрэгжиж байгаа аж.

Гарал үүслийн дүрэмтэй холбоотой хүндрэлтэй асуудал гараагүй байгаа боловч, Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхэд “хөнгөлөлттэй тариф”-ын хувь, хэмжээг мөрдөхтэй холбоотойгоор гарал үүслийн дүрэмтэй холбоотой олон асуудлууд гарч ирэх тул Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “гарал үүслийн гэрчилгээг” шаардах хэрэгтэй болж буй юм байна. 

Энэхүү хуулийг баталснаар нэмэлт хөрөнгө, зардал шаардагдахгүй, харин импортын барааны гарал үүслийг хуульд нийцүүлэн тодорхойлох боломжийг олгоно. Импортоор орж ирж байгаа барааны гарал үүслийг нотлон холбогдох баримт бичгийг бүрдүүлснээр хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэх ажээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.


9.41

Чуулганы хуралдааныг Р.Гончигдорж даргалж байна

УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 50 минутын дараа эхэллээ.  Өнөөдрийн чуулганы хуралдаанаар олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, мөн энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.  УИХ-ын дарга Хятадад албан ёсны айлчлал хийж байгаа тул өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга  Р.Гончигдорж даргалах тэрбээр хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулав.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж