Ламар Одом эмнэлэгт ухаангүй хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Ламар Одом эмнэлэгт ухаангүй хүргэгджээ

Өнгөрсөн мягмар гарагийн шөнө буюу аравдугаар сарын 13-ны шөнө сагсан бөмбөгч Ламар Одом Невада мужийн эмсийн хүрээлэнгээс ухаангүй байдалтай олджээ. Хөлсөлж авсан өрөөнөөсөө дөрвөн өдрийн туршид цухуйгаагүй учраас үйлчлэгч нар шалгах гэж орсны улмаас энэ хэрэг ил болжээ. Үйлчлэгчдийг ороход ам болон хамраас нь ягаан өнгийн шингэн зүйл гарсан байдалтай, сэрээх гэж оролдоход ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй тул эмсийн хүрээлэнгийн ажилчид яаралтай 911 дууджээ. Түүнийг Лас-Вегасийн эмнэлэг рүү хүргэхээр нисдэг тэрэг ирсэн боловч, 6 футийн өндөртэй сагсчин нисдэг тэргэнд багтаагүйн улмаас түргэний тэргээр авч явсан байна.

АНУ-ын хуулиар 700,000-аас доош хүн амтай мужид буюу Невадад эмсийн хүрээлэнг хуулиар зөвшөөрсөн байдаг байна. Цагдаа нар түүний өрөөнөөс ямар нэгэн мансууруулах бодис олоогүй боловч, хүрээлэнгийн ажилчид түүнийг ямар нэгэн ургамлын гаралтай бэлдмэл хэрэглэж байсан гэжээ. Мөн түүний цуснаас авсан шинжилгээний хариуг албан ёсоор мэдээлээгүй байна.

Ламар Одом нь Ким Кардашьяны дүү болох Хлое Кардашьянтай 2009 онд гэрлэсэн боловч, дөрвөн жилийн дараа салах шийдвэр гарган, өнгөрсөн долдугаар сард гэр бүл цуцлуулах гэрээнд гарын үсэг зураад байсан юм. Одоогоор тэдний гэр бүл албан ёсоор цуцлагдаагүй байна.

Одоо Ламарыг түүний хоёр хүүхэд, аав болон Хлое нар сахиж байгаа юм байна.

Энэ явдалтай холбогдуулан Миами баг "Бидний залбирал Ламар болон түүний гэр бүлийнхэнтэй үргэлж хамт байх болно" хэмээн жиргэжээ.

Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж