Лента.ру сайтын сурвалжлагч Доброволец.орг сайтын цэрэг татагчтай холбогдож ярилцсан байна. Тус сайт нь сайн дурын дайчдыг элсүүлж Ойрхи Дорнод дахь халуун цэг рүү илгээдэг ажээ.
Лента.ру: Сири явж байлдахыг хүсч байгаа хүн их байна уу?
Цэрэг элсүүлэгч Вадим: Өдөрт 30-50 хүсэлт ирж байна. Тэднээс яг явъя гэсэн хүн нь ганцхан байх жишээтэй.
-Хүмүүсийг яаж сонгож авдаг вэ. Насны хязгаарлалт байх уу?
-Насны доод хязгаар нь 23. Гэвч хүсэлт гаргаж буй хүмүүс нь 27-оос дээш настай байна. Насны дээд хязгаар тавихгүй байгаа. Явахыг хүссэн хүмүүсийг ярилцлагад оруулж, сэтгэцийг нь шалгадаг. Асуудалтай бол явуулдаггүй.
-Байлдааны ямар нэг чадвартай байх ёстой юу?
-Гол шалгуур нь байлдааны туршлага. Чеченьд, Новороссийд байлдаж байсан хүмүүс бидэнд хандаж байна. Цэргийн дээд боловсрол, гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Гэвч бид одоогоор гол тоогоо гүйцээсэн тул татлагыг түр зогсоогоод байна. Манай хүмүүс өндөр технологийн зэвсэгтэй харьцдаг бол Сирид тэгж их харьцаад байдаггүй.
-Оросууд Сири дэх байлдааны ажиллагаанд шууд оролцохгүй байна уу?
-Тэд нарийвчилсан тусгай ажиллагаанд л оролцдог. Үндсэндээ тэд толгойгоороо ажилладаг. Сирийн армийн өндөр мэргэшсэн ажилтнууд нь манай энгийн мэргэжилтнүүдийг гүйцдэггүй.
-Өнөөдөр хэдэн сайн дурынхан Сирид байлдаж байна вэ?
-Тодорхой хариулж чадахгүй нь. Хэдэн зуугаараа яригдана. Харин манай сайтаар дамжиж явсан хүмүүс гэвэл хэдэн арав л байгаа.
-Оросын сайн дурынхан тусдаа батальонд алба хаадаг уу, эсвэл Сирийн армийн нэг хэсэг болдог уу?
-Тэд Сирийн Засгийн газрын цэрэгт шууд захирагддаггүй. Гэвч тодорхой хүрээнд хамтран ажилладаг.
-Шалгарсан сайн дурынхан өөрсдийн мөнгөөр Сирид очдог уу, эсвэл та нар санхүүжүүлдэг үү?
-Янз бүрийн буяны сан, хандивийн мөнгөөр явуулдаг. Сайн дурынхан цалин авдаг эсэхийг мэдэхгүй юм. Ер нь бол сайн дураараа очиж байлдах гэж буй хүмүүс цалин нэхээд байдаггүй.
-Хууль сахиулах байгууллагууд та нарын ажлыг хориглодоггүй гэж үү?
-Бид Оросын холбооны хуулийг зөрчдөггүй. Сайн дурынхны статус нь онцгой байдаг. Тэд хөлсний дайчнаар явдаггүй. Дайн байлдааны үйл ажиллагаанд сайн дураараа оролцохыг аль өнгөрсөн зууны дундуур Женевийн конвенцоор зохицуулсан байдаг. Бүдүүлгээр тодорхойлж хэлвэл, хэн, хаана байлдахыг хүсч байна тэндээ байлдаж болдог гэсэн үг. Хамгийн гол нь сайн дурын этгээд хууль бус бүлэглэлд элсэхгүй байх ёстой.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин