Төсвийг алдагдалгүй батлах ёстой

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Төсвийг алдагдалгүй батлах ёстой

ГАРЦ ҮГ                                                                                

Төсвийн орлого 580 тэрбумаар тасарсан тул намрын чуулганаар төсвийн тодотгол хийх шаардлагатай болсныг шийдвэр гаргах түвшний хүмүүс хэлж байгаа. Энэ талаар олон нийтэд мэдээлсэн эдийн засагч нарын байр суурийг тоймлож байна.


С. Дэмбэрэл

УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны дарга

Ер нь үнийн тогтвортой байдал бол нэгдүгээрт, валютын ханш нь дагалдах зорилт. Гэхдээ энэ дагалдах зорилт нь зөвхөн Монголбанкных биш. Учир нь төсөв валютын ханшид нөлөөлнө. Улмаар Төвбанк санхүүгийн зах зээлд оролцогч бусад байгууллагуудтай холбогдох учир тогтвортой байдлын зөвлөлд үүнийг бас анхаарахаар тусгаж өгсөн.

Эх сурвалж: mongolianeconomy.mn

 

Төсвийг нэмэх, хасах тэмдгээр харахгүй байх нэг шалтгаан бол төсвийн алдагдал, урсгал дансны алдагдал. Урсгал данс нэмэх, нийт төлбөрийн баланс хасах тэмдэгтэй  байгаа тохиолдолд төсвийнхөө орлогыг аль болох орлого зарлага нь тэнцсэн байлгах ёстой. Өөрөөр хэлбэл орлогодоо тааруулж зарлагаа тохируулах. Бүр болохгүй бол ядаж нэг хувийн нэмэх тэмдэгтэй байлгах.  Энэ нь өөрөө төсвийн хариуцлага юм.

Эх сурвалж: www.polit.mn


Б.Отгонтөгс

МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор

Эдийн засгийн онолд төлбөрийн тэнцэл болон төсөв алдагдалтай гарахыг “ихэр алдагдал” гэж нэрлэдэг. “Ихэр алдагдал” гарахаар макро эдийн засаг тогтворгүй болж эхэлдэг юм. Энэ л эдийн засагчдын “толгойны өвчин” болдог. Гэтэл манайд улс төрийн оролцооноос болоод төсвийг хүндрүүлэх байдал хүчтэй байдаг. 2015 оны төсвийг батлахад нэг тонн зэсийн үнийг 6300 ам.доллар байна гэж тооцсон. Гэтэл одоо бодит байдал дээр 5000 ам.доллар болчихсон. Тэгэхээр зэсээс олох орлого 30 хувиар буурч таарна. Зэсийн ханш буурч буй учраас энэ жилийн төсвийг тодотгохдоо, ирэх жилийн төсвийг боловсруулахдаа өөр бодлого баримтлах нь зүйтэй.

Шинжээчид түүхий эдийн үнэ мөд өсөхгүй гэж таамаглаж байна. Тэгэхээр бид одоо 2016 онд хэдэн төгрөг олох боломжтой вэ, олсон мөнгөөрөө ямар төсөл санхүүжүүлэх вэ гэдгийг бодож байх хэрэгтэй. Мөн 2017 онд бондоо хэрхэн төлөх вэ гэдгээ бодох хэрэгтэй. 2016 оны төсвийг алдагдал багатай батлаасай гэж хүсэж байна. Төлбөрийн тэнцэл нь ашигтай гарсан, мөн төсөв нь алдагдал багатай байвал манай улсын зээлжих зэрэглэл сайжирна.

Төсвийн орлогоо бодитой тооцоолох, түүндээ зардлаа дүйлгэх хэрэгтэй. Бэлэн биш байхад нүүрс, зэсийн үнэ уналаа

Дахин санхүүжилт хийхэд макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайжруулах хэрэгтэй. Гадаад төлбөрийн тэнцэл нь ашигтай, төсөв алдагдалгүй, банкны зээлийн эргэн төлөлт муудаагүй, ядуурлын түвшин өсөөгүй бол гадаадаас зээлэх манай мөнгөний хүү бага түвшинд тогтох боломжтой.

Эх сурвалж: mongolnews.mn


Ж. Батсуурь

Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн.

Зарим хүн төсөвт тодотгол хийснээр амьдрал сайжирна хэмээн ойлгодог. Хэрэв Засгийн газраас төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай хэмээн өргөн мэдүүлбэл хэлэлцэнэ. Төсвийг тодотговол “хэмнэ, хас, тана, тайр” гэсэн зарчмыг баримтална.

Гол шалтгаан нь угаасан нүүрсний үнэ зах зээл дээр бага байгаатай холбоотой. Мөн нүүрс олборлох зардал өндөртэй зэрэг хүчин зүйл нөлөөлж байна гэсэн. Үүний зэрэгцээ орон нутгийн “Таван толгой” буюу жижиг “Таван толгой” төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй хэмжээнд ажиллаж байна. Төсөв нь алдагдалтай, төсвийнхөө орлогыг биелүүлж чадахгүй байгаа. Энэ оны сүүлч гэхэд байдал бүр хүндрэхийг орон нутгийн удирдлагууд нь хэлж байсан.

Эх сурвалж: news.gogo.mn


Г. Рагчаасүрэн

Гэрэгэ партнерсийн гүйцэтгэх захирал

Манай эдийн засаг уналтын циклрүүгээ орчихлоо. Төсөв ирэх онд улам л хүндэрнэ. Алдагдлаа нөхье гэсэн ч Засгийн газар нэмж зээл авч чадахгүй л болов уу. Дэлхийн банкнаас 1 тэрбум ам. Долларын хөгжлийн зээл авахаар яригдаж байсан ч одоо хүртэл тодорхой шийдэл алга.

Эх сурвалж: Үндэсний шуудан 2015.09.23 No 181 (2336)

 


Х. Батсуурь

Олон улс судлаач, эдийн засагч

Өр тавьж төсвийн цоорхойг нөхөх нь маш өндөр өртөгтэй. Төсвийн зарлагын 74 хувийг урсгал зардал, 26 хувь нь хөрөнгө оруулалтын зардал эзэлж байгаа. Харин цалин тэтгэвэр урсгал зардлын 30 орчим хувьд ноогдож байна. Үүнээс харахад цалин, тэтгэв, урамшууллыг танах нь утгагүй асуудал. Харин бусал урсгал зардал болог хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулах гарц байж болох юм.

Засгийн газар зөвхөн 5,6-р сард 320 сая ам. Долларын зээл тусламж авсан статистик байна. Өр тавьж төсвийн цоорхойг нөхөх нь маш өндөр өртөгтэй.

Эх сурвалж: Үндэсний шуудан 2015.09.23 No 181 (2336)


Ж. Дэлгэрсайхан

Эдийн засагч

Урсгал зардлаа танаж хөрөнгө оруулалтаа зөв төлөвлөх хэрэгтэй.

Одоо ирэх оны төсвийн орлогоо боломжийнхоо хэрээр зөв төлөвлөж, зарцуулалтаа үр ашигтай хийхэд л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Мөн урсгал зардлаа танаж, хөрөнгө оруулалтаа зөв төлөвлөх хэрэгтэй. Засгийн газар нэмж зээл авбал юунд зарцуулахаа сайн төлөвлөхгүй бол ирээдүйд улам л хүндрэл үүсгэж мэднэ.

Эх сурвалж: Үндэсний шуудан 2015.09.23 No 181 (2336)

 

Төвбанкны бодлогын хүү 13 хувьтай тэнцэж байгаа. Үүнийг алдагдалгүй төсөв баталсан тохиолдолд алгуур зөөлрүүлэх боломжтой

Эх сурвалж: bayartogtokh.blogspot.com


Л. Оюун

Эдийн засгийн ухааны доктор

Төсвийн алдагдлын шалтгааныг эхлээд тодорхойлох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөл байдалд бүсээ чангалах буюу хэмнэлтийн горимд шилжиж, дунд болон урт хугацааны бодлого баримтлах хэрэгтэй. Яарч буруу алхам хийж болохгүй. Магадгүй урсгал зардлаа танах гарц байна. Харин төсвийн хөрөнгө оруулалт цалин тэтгэврийг танах нь ард иргэдийн амьжиргаа болон эдинй засагтаа асар их хор хөнөөлтэй. Энэ нь хэрэглээг дэмжиж, үйлдвэрлэлийг сэлбэдэг гол хөрөнгө оруулалт юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан 2015.09.23 No 181 (2336)


Б.Батжаргал

Эдийн засагч

Одоо эдийн засгийг хувь хүнтэй зүйрлэх юм бол орлого багассан байна. Орлого багассан учир зарлагаа багасга.

Хувь хүнтэй яг адилхан. Байж болох бүх л аргыг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд зарлагаа хасна. Би орлогоо олж чадахгүй бол зарлагаа бууруулна. Идэхээ багасгана, түрээсийн байранд байсан бол гэр хороололд очиж амьдарна гэх мэт. Энэ мэтээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол төсвийн зарлагыг ойролцоогоор нэг трилионоос илүү хэмжээгээр хасах зайлшгүй шаардлагатай болчихоод байна.

Нэгдүгээрт тэр үед ярьж байсны дагуу УИХ-ын гишүүд төсвийн зардлаа хасаж батлаагүй. Юу гэмээр ч юм бэ дээ. Бид нар бодлогоо буруу, сэтгэлгүй улсуудад бариулчихжээ гэдэг нь маш тод харагдаж байна. Өнөөдөр би л энэ суудалд сууж байвал жилийн дараа, хоёр жилийн дараа яах нь надад падлийгүй гэдэг сэтгэлээр хандаж байна. Тэр үед ярьж байсан зүйл тэр үедээ хэрэгжээгүй. Тухайн үед 600-700 тэрбум төгрөгөөр зардлаа танах тухай ярьж байсан. Гэтэл одоо гадаад нөхцөл байдал нэмэгдээд трилионоор алдагдал хүлээх тухай, энэ хэмжээгээр зардлаа танах тухай яригдаж байна шүү дээ. Аливаа өвчнийг эрт л эмчлэхгүй бол улам даамжирдаг гэдэгтэй яг адилхан дүр зураг гарч ирж байна.


Б. Болор

Сангийн сайд

Тэвчиж болох бүх зардлуудыг танасан. “Тэвчиж болох бүх зардлуудыг танасан. Гол үр дүн нь 2016 он гэхээсээ илүү 2017 оны төсөвт мэдрэгдэнэ. Учир нь агентлагуудыг нийлүүлэхэд нүүж суухаас эхлээд зардал гарна. Тэр зардал 2016 оны төсөвт сууна. Ингэснээр 2017 онд 700 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарна. Монголбанкны мөнгөний бодлого ч суларна.

Эх сурвалж: Өдрийн сонин 2015.10.07 лхагва No 244 (5196)

2017 онд дахиад 700 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ. Өмнө нь сонгуулийн жилд их зарлагатай төсөв баталдаг байсан. Энэ удаа сонгуулийн жил гэдэгтээ бус төсвөө эрүүлжүүлэх ажлыг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн. Ер нь урсгал зардлыг нэлээд хэмжээгээр танах шаардлага байгаа. Тухайлбал, цахилгаан, дулааны зардлыг бууруулах боломжтой. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын салбарт таналт хийхгүй байхад анхаарна.

Эх сурвалж: www.unen.mn

Улс орны эдийн засгийн байдал сайнгүй, түүхий эдийн үнэ үлэмж хэмжээгээр унасан байна. Энэ үед ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хөөсөрсөн байдлаар оруулж ирэх юм бол ирэх жилүүдэд манай улсын эдийн засаг улам л хүндэрнэ гэж үзсэн. Тиймээс аль болох бодит тоо, баримтад тулгуурлан төсвийн төслийг бэлтгэн, өргөн барьсан. Мөн ирэх онд сонгууль болох гэж байна. 2004, 2008, 2012 гээд сонгуулийн жилүүдэд УИХ хөөсөрсөн төсвүүд баталж ирсэн нь тодорхой байдаг учраас энэ байдлаас аль болох зайлсхийсэн.

Ер нь, сүүлийн зургаан жилийн хугацаанд төсвийг алдагдалтай баталж ирсэн. Үүнээс болоод төсвийн алдагдал нөхөхөөр бонд гаргаж, гурван их наяд шахуу төгрөгийг төр залгисан байна. Энэ байдлыг засах цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд маш зоригтойгоор төсвийн зарлагаа нэмэлгүй ирэх оны төсвийн төслийг батлах хэрэгтэй. Тэгвэл улс оронд л хэрэгтэй байна.

Эх сурвалж: www.assa.mn


А.Тлейхан

УИХ-ын гишүүн

2012 оноос хойш гурван жилийн хугацаанд төсвийн орлого байнга нэг их наядаар тасарч байгаа. Энэ нь нэг их наядаас доош хэмжээгээр төсвийн зардлыг бууруулах ёстой л гэсэн үг. Бид үүнийг байнга шаарддаг ч АН “Бүх зүйл болж байна” гэж хаацайлсаар өнөөдөр л үнэнд гүйцэгдэж байна.

Эх сурвалж: www.unen.mn


Л.Амар

Азийн хөгжлийн банкны эдийн засагч

“Төсвийн зардлаа хумьж байж хүндрэлийг давна. Одоогоор мөнгөний бодлогын хүүг хөдөлгөх шалтгаан харагдахгүй байна” гэж өгүүллээ.

Эх сурвалж: bayartogtokh.blogspot.com

 

Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны зүгээс төсвийн зардлаа танаж, мөнгөний хатуу бодлого баримтлах нь илүү оновтой гэсэн зөвлөмжийг манай улсын бодлого тодорхойлогчдод өгөөд байгаа юм

Эх сурвалж: bayartogtokh.blogspot.com


Ч.Хүрэлбаатар

УИХ-ын гишүүн

Эдийн засгийн өнөөгийн хүндэрлээс гарахын тулд “Нэгдүгээрт, эдийн засгийн алдаатай бодлогоо засах ёстой. Өөрөөр хэлбэл мөнгө, төсвийн бодлогын алдаагаа засна гэсэн үг, төсвөө зөв зохиож, зөв төсөв батлуулж түүнийгээ ягштал хэрэгжүүлэх ёстой. Худал төсөв батлуулчихаад санхүүжилт хийхгүй байх нь аж ахуйн нэгжүүдээ, түүнд зээл өгсөн банкаа ч давхар алж байгаатай адилхан хэрэг.” 

Эх сурвалж: www.itoim.mn

Монгол Улсын төсөв, эдийн засгийн бодлогыг зөв болгоё өдөр тутам нэмэгдэж байгаа өрийг бууруулъя гэж байгаа бол төсвийн алдагдлыг тэглэх ёстой Сонгуультай жил мөн эсэхээс үл хамаараад эдийн засгийн бодлогын алдаагаа засахын тулд төсвийн алдагдлаа тэглэж, өрөө нэмэхгүй байх алхмыг хийх ёстой Эрүүлжүүлэх ажлыг бид өөрсдөө л хийх ёстой биз дээ. Бид өнөөдрийн байдлаар үндсэндээ олж байгаа орлогынхоо тэн хагасыг зээлийн төлбөрт өгөөд байна шүү дээ. Засгийн газар энэ мэтээр бүх зээлээ авчихаар аж ахуйн нэгжүүдэд зээл олдохгүй биз дээ. 

Эх сурвалж: www.unen.mn


 Д.Ганхуяг

УИХ-ын гишүүн

2015 оны төсвийн тухай хуулийг баталж байхад нүүрсний үнэ муу байх нь бол ойлгомжтой байсан. Харин зэсийн баяжмалын үнийг ийм байдлаар огцом унана гэж тооцоогүй. Энэ төсөөллийг Сангийн яам гаргадаг. Гол нь ашигт малтмалын бүтээгдэхүүний  өртөгт голлох нөлөөтэй нефтийн зах зээлийн үнэ буурсан нь ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ буурахад нөлөөлж байна. Иймээс төсөвт тодотгол хийж тэвчих боломжтой зардлуудыг царцааж, ер нь төсвийн реформыг хийх нь зүйтэй. Төсвийн шинэчлэлийн тухайд улсын төсвөөс шийдэх шаардлагагүй олон төрлийн зардлуудыг хасч, хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй байна. Мөн олсныхоо хирээр зарцуулдаг үрэлгэн тогтолцооноос салж, хуримтлал бий болгох, хуримтлалыг өсгөж үржүүлэх тогтолцоонд шилжих цаг нь болсон. Болж өгвөл юмны үнэ өссөн үед цалин, тэтгэврийг бага ч гэсэн нэмэх нь зүйтэй

Эх сурвалж: tsag.mn


О.Хуягцогт

Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга

2015 оны батлагдсан улсын төсвийн нийт зарлага анх батлагдахдаа 7.6 их наяд төгрөг байхаар батлагдсан. Гэхдээ 2015 оны нэгдүгээр сард төсөвт тодотгол хийсэн. Гэхдээ өмнөх жилүүдэд төсвийн орлого ихээхэн хэмжээгээр тасарч, бодит гүйцэтгэл нэг их наяд төгрөгөөр төлөвлөсөн хэмжээнээс тасарсан. Тиймээс Засгийн газар 2015 оны төсвийг батлахдаа зардлаа өмнөх оныхоос 900 тэрбум төгрөгөөр бууруулах санал оруулсан. Гэвч УИХ-аар батлахдаа төсвийн зардлыг 500 гаруй тэрбумаар л бууруулсан. Дээр нь төсвөөс гадуур зарцуулагдаж байсан 794 тэрбумыг төгрөгийг төсөвт тусган хэрэгжүүлэх шийдлийг гаргасан. Ингэснээр 2015 оны тодотгосон төсвөөр нэгдсэн төсвийн нийт зардал 7.8 их наяд төгрөг байхаар баталсан. Гэхдээ бодит төсвөө 500 гаруй тэрбумаар төгрөгөөр бууруулж чадсан.

Эх сурвалж: itoim.mn


Д. Оюунхорол

УИХ-ын гишүүн

2016 оны улсын төсөв тун хариуцлагагүй, үнэхээр байж боломжгүй төсөв орж ирлээ. Ийм хариуцлагагүй төсөв оруулж ирчихээд хөрөнгө оруулалтынх нь жагсаалтыг харвал үнэхээр ямар ч хэрэггүй, маш олон замбараагүй барилга, байшингийн санхүүжилтэд 100 тэрбумыг тавьчихсан байх жишээтэй.

Ийм хариуцлагагүй, туйлын муу төсөв оруулж ирж байгаа нь магадгүй улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг ч үгүйсгэж болохгүй. Яагаад гэвэл иргэд, бизнес эрхлэгчид маань цалин тэтгэвэр хэдхэн төгрөгөөр  ч болов нэмэгдэх болов уу, бизнес эрхлэгчдээ багахан ч болтугай дэмжих болов уу гэж харж байгаа. Гэтэл ард түмэнд нялзах тэдэнд тус нэмэр болох юу ч үгүй төсөв батлуулах гэж оруулж ирж байгаа учир бид энэ төсөв дээр маш чанд шаргу ажиллаж болох хэмжээгээр шүүсийг нь шахах ёстой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж