Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Улстөрчдийг харъя

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоороо З.Энхболдын парламент  өршөөл нигүүлсэл үзүүлэхээр наймдугаар сард зарласан ээлжит бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлав.

Анхныхаа зорилгоос зуун хувь хазайж, өргөн барьсан сайд нь ч танихаа больтол “өнгө зүс” нь өөрчлөгдөн батлагдсан Өршөөлийг хуулийн долоон зүйл заалтад Ерөнхийлөгч хориг тавьж, түүнийг нь дахин нэг ээлжит бус чуулган зарлан хэлэлцэж, хоригийг УИХ хүлээж авсан ч уг хуульд нэмэлт өөрчлөлт хийж чадалгүйгээр хөшгөө хаасан билээ. 

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг нэгдүгээрт бичигдсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дээр МАН ажлын тав хоногийн завсарлага аваад байсан юмЗавсарлагын хугацаа өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт дууссан ч Хууль зүйн байнгын хороо хуралдаагүй учраас УИХ-ын даргын зүгээс тус бүлэгт завсарлагыг үргэлжлүүлэн олгосон билээ. Тэгвэл өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Ш.Түвдэндоржид “өвдөг шороодсон” Д.Ганбатыгаа улираахыг дэмжицгээсэн. Байнгын хорооны даргын суудлаасаа бараг мултрах шахаж, уйлж дуулахдаа тулаад байсан Д.Ганбат олонхийг дэмжлэгийг авсан даруйдаа Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.Байнгын хорооны хуралдаанаар С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар цөөнх болсон ч гэлээ Өршөөлийн хуульд тавьсан хоригийг 11 зүйл заалт бүрээр санал хураалгахаар болж, энэхүү томъёоллоо чуулганы хуралдаан руу оруулахаар тогтсон бөгөөд өнөөдөр энэхүү 11 зүйл заалт болгон дээр гишүүд саналаа өгнө.

Өөрөөр хэлбэл, төрийн мөнгийг шамшигдуулж, албан тушаалаа урвуулан ашигласан авлигачдыг өршөөх эсэх нь өнөөдөр шийдэгднэ гэсэн үг.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар авлигачид ялах уу, ард түмэн ялах уу гэдгийг олон нийт сайн харж аваарай. Тэгэхээр өнөөдөр УИХ-ыг, улстөрчдийг харъя. Хэн хэн өвчтэй, хэн чөлөөтэй, хэн хэн томилолттой, хэн хэн картаа сугалаад гүйж гарахыг.

УИХ-ын дарга З.Энхболдын айлчлал ингэж давхцсан уу, эсвэл ингэж тааруулсан уу, ямар ч байсан түүнийг Хятадад албан ёсны айлчлал хийх хойгуур УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өнөөдрийн чуулганы хуралдааныг даргалахаар болж байна. Түүнд энэхүү хуралдааныг хаалттай хийх ашиг сонирхол багагүй бий.  УИХ дарга З.Энхболд Өршөөлийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үед гадаадад айлчлалтай явж таарсныг  дахиад л "Шонхордох" нь хэмээн улс төрийн хүрээнийхэн хардаж байгаа бололтой.

Авлигачдыг өршөөх ёстой гэдгээ анхнаасаа ил тодоор зарласан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг чуулганы хуралдааныг хаалттай хийж,”чоно борооноор” гэдэг шиг үйлдэр гаргах вий гэсэн болгоомжлол улс төрийн хүрээнийхэн дунд байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар Өршөөл үзүүлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг нээлттэй, хэн нь ямар санал өгч байгааг харах боломжийг иргэдэд олгох ёстой. Нэг үгээр хэлбэл, хэн нь худалч, хэн нь авлигачдад хайртайг, мөн хэнийг “хар жагсаалтад” оруулах ёстойгоо иргэд мэдэж аваг л дээ.  Өнөөдрийн чуулганы хуралдаанаар авлигачид ялах уу, ард түмэн ялах уу гэдгийг олон нийт сайн харж аваарай. Тэгэхээр өнөөдөр УИХ-ыг, улстөрчдийг харъя. Хэн хэн өвчтэй, хэн чөлөөтэй, хэн хэн томилолттой, хэн хэн картаа сугалаад гүйж гарахыг.

 Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж