Төв цэвэрлэх байгууламжийнхан өвлийн бэлтгэл ажилдаа оржээ. Өнгөрсөн зун “Тэг зогсолт хийж, 24 цаг нийслэлчүүдийн бохирыг цэвэрлэх боломжгүйд хүрнэ” хэмээн иргэдийг сандаргаж байснаа бодвол өнөөдөр хэвийн горимдоо орж өвөл ажиллах хүчээ аль хэдийн базааж эхэлжээ. Гэвч нэгэнт 50 гаруй жил болж хуучирч муудсан цэвэрлэх байгууламжийн үнэрийг хэрхэн багасгах вэ?, шинээр барилгын ажил хэзээ эхлэх вэ?, нийслэлчүүд бохирын үнэрээр хэр удаан амьсгалах вэ? Энэ мэтчилэн төв цэвэрлэх байгууламжийг тойрсон олон асуудал бий. Тэгвэл эдгээр асуултад хариулт авахаар дараах сурвалжлагыг бэлтгэв.
Хоёр, гуравхан жилийн өмнө л гэхэд нийслэлийн баруун захаас хэтэрдэггүй байсан цэвэрлэх байгууламжийн таагүй үнэр эдүгээ өглөө, оройдоо нийслэлчүүдийг утдаг болсон талаар иргэд гомдоллосоор байна. 50 гаруй настай болсон “өвгөн” байгууламжийг шинээр барих талаар албаныхан одоо л ярьж эхэлж байна. Олон улсын туршлагаас харахад цэвэрлэх байгууламжийг шинээр барихад дор хаяж таван жил шаардагддаг гэдэг. Тэгвэл энэ хугацаанд нийслэлчүүд цэвэрлэх байгууламжийнхаа бохирт умбасаар байх уу?
Барууны өндөр хөгжилтэй оронд л гэхэд цэвэрлэх байгууламжаас гарах бохироо ашиглан цахилгаан, дулаан гаргаж авдаг жишиг бий. Энэ туршлагыг Улаанбаатарт ч хэрэгжүүлж болно гэв. Энэ мэт бохирын асуудлаа шийдвэрлэнэ, эргээд түүнийгээ үр ашигтай зарцуулах технологи бий. Гэхдээ нэг л асуудал тулгардаг байна. Санхүүжилт…
Ингэлээ гээд шинэ цэвэрлэх байгууламжтай болтол бохирын үнэрээ шийдвэрлэхгүй гэсэн үг биш.
Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга Н.Одхүүгийн хэлж буйгаар нэвтрүүлж болохуйц технологиудыг судалж байгаа гэв. Судалгаа, шинжилгээ явуулсны дүнд ирэх жилээс цэвэрлэх байгууламжийн бохирын үнэрийг багасгах аргыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ өргөс авч буй мэт үнэр арилна гэж байхгүй. Харин бохирын үнэрийг багасгах арга хэмжээ л авах юм байна.
Одоогоор Францын “Артелиа Вил энд Транспорт” компанитай хамтран цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг эхлүүлсэн. Төслийнхөн одоогоор шинэ цэвэрлэх байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм. Тэд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл бохирын үнэрийг багасгах ажлыг ч давхар хийхээр төлөвлөжээ.
Уг нь бохирын үнэрийг бүрмөсөн нам дарах боломж бий гэнэ. Гэхдээ тэр нь нөгөө л хөрөнгө, санхүүтэй холбоотой. Нэгэнт шинээр цэвэрлэх байгууламж барих гэж буй энэ үед өндөр үнэтэй технологи нэвтрүүлэх нь утгагүй асуудал гэв. Иймээс нэн тэргүүнд хуршсан лаг, бохирын үнэрийг багасгаж, технологийн сайжруулалтыг л хийхээр төлөвлөжээ.
“ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ & 2020 ОН”
Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж барихаар Францын “Артелиа Вил энд Транспорт” компанитай хамтран техник эдийн засгийн үндэслэлийг 11 дүгээр сар гэхэд бэлэн болгохоор ажиллаж байна. Шинэ цэвэрлэх байгууламж ямар байх вэ? Нэн тэргүүнд үнэрийг хэрхэн шийдэх вэ?
Шинэ технологи, орчин үеийн стандартаар хийх уг цэвэрлэх байгууламжид бохирын үнэр гэх ойлголт байхгүй гэв. Гол нь энэ удаад Улаанбаатар хотын хүн амын суурьшил, төвлөрлийг харгалзаж үзнэ. Дээрээс нь бохир усыг авах, татан зайлуулахдаа нормд нийцсэн цэвэрлэгээг хийх юм байна. Хэрвээ энэ ажил ямар нэг гацалт, санхүүгийн зогсолтгүй явбал багаар бодоход 2020 он гэхэд нийслэлчүүд шинэхэн цэвэрлэх байгууламжтай золгоно. Энэ үед нийслэлчүүд гадныхны яриад байдаг, “үлгэрийн” мэт цэвэрлэх байгууламжийг хүлээж авч, бас нэгэн “толгойны өвчин”-дөө эргэлт буцалтгүй “баяртай” гэж хэлэх цаг ирэх биз ээ.
БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ