Хууль хэрхэн гууль болдог вэ?

Хуучирсан мэдээ: 2015.10.15-нд нийтлэгдсэн

Хууль хэрхэн гууль болдог вэ?

Хууль хэрхэн гууль болдог вэ?

NEWS агентлаг философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Либертари булан”-г хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Либертари сэдвээрх асуулт, хариулт, ярилцлагуудыг та бүхний хүртээл болгоно.


АГУУЛГА: (“Монголын хууль гурав хоногийн настай” байдгийн шалтгаан) (Хууль ёс: Хууль гэж юу вэ?; Хууль тогтоогчдын тухай; Хуулийн үүсэл; “Тамхины хуулиас” үүдэлтэй бодомж; Үндсэн хууль; Хууль завхардаг тухайд; Монгол хүн хуулиар сэтгэж, түүний дагуу амьдардаг уу?, Зүй ёс: Зүй ёс хуулийн үндэс-суурь болох нь; Зүй ёсны онол; Эрх зүйн философийн тухай, Хүн ёс: Хуульжсан хүн ба ёс суртахуунжсан  хүний тухай; Хүмүүний ил, далд үйлдэл; Ёс суртахуун гэж юу вэ?; “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ тийм сайн хүн мөн үү?)


ЯРИАНЫ СЭДЭВ:

Х.Х бид хоёр ням гариг бүр шатар тавьдаг боллоо. Энэ удаа Х.Х нэлээд давуу байдалтай болсон болохоор миний хорыг малтаж “Чи яах вэ, наад байдлаасаа хэрхэн гарахаа бодож бай! Би тэр хооронд чинь …” гээд телевизор асаав. Төрийн нэг түшмэл гарч байна. Түүнийг хүн бүр таних учраас нэрийг нь хэлээд яах вэ. Тэрээр: “Бид хууль ноёрхсон нийгэмд амьдарч байна. Миний бүх амьдрал хуульд захирагддаг” гээд л авч өгч байнаа. Үнэхээр ч тэр эрхэм хуулиас айна гэж жигтэйхэн, бүх амьдралаа хуульд захируулж ирсэн нэгэн гэдгийг би мэдэх юм. Тэгээд би түүний тухай мэдэх түүхээ Х.Х-д ярьж өгөв.

Тэр эрхэм МУИС-д оюутан байхдаа царай, сурлага хоёроороо сургуульдаа танигдсан С хэмээх нэгэн бүсгүйн хойноос хошуурдаг олон эрчүүд дотроос аз нь шовойж, хараанд нь өртөн, төд удалгүй “тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу дүрцгээсэн” билээ. Мань эр сурлагаар нэг их гавихгүй ч, нийгмийн идэвх санаачлага сайтай гэж жигтэйхэн, олон нийтийн ажилд ямагт тэргүүнд явдаг, зан ааш гэж хайлсан тугалга, хүний ая эвийг олохдоо угаас гарамгай нэгэн байсан юм. Сургууль төгсөөд хэдэн жил болсны дараа 1987-1988 оны үед би түүнтэй гудамжинд тааралдан, аж амьдралын яриа үүсэхэд “С бид хоёр, хоёр тийш болсон шүү дээ. Би ажил ихтэй байдаг болохоор хоёр хүүхдээ С-д үлдээсэн. Хувийн амьдрал бүтсэнгүй. Гэхдээ алба ажил гайгүй байгаа шүү, би Яаманд байгаа, хэрэг гарвал очиж байгаарай, чи МУИС-д багшилж байгаа гэсэн биз дээ” гэсэн шүү юм ярьснаа “Найз нь жаахан яаруу явж байна, утсаа өгөөдөх!” хэмээн шавдуулан байж утасны дугаарыг минь аваад, яваад өгч билээ.

Түүнтэй уулзалдалгүй олон жил өнгөрөв. Нийгмийн амьдрал ч их өөрчлөгдлөө. Ардчилал гарч, Яам тамгын газрууд болон дарга даамлын өнгө төрх ч нэлээд хувирлаа. Гэтэл 2000 бил үү, 2001 онд Шереметьевийн дамжин өнгөрөхөд тааралддаг юм. Сүйд майд, дуу шуутай гэж жигтэйхэн. Монгол уруу нисэх манай онгоц иртэл дахиад 3 цагийн зай байв. “Найз” маань балгачихсан бололтой нэлээд яриатай байх аж. Хаана ч юм, нэг улсад болсон хуралд суугаад буцаж явна гэнэ. “Миний ажил төрөл сайн, би ч сардаа ингээд нэг удаа гадаадад хурал, зөвлөгөөнд явдаг юм. Сүүлдээ залхах янзтай. Чи аль намынх билээ, манай намд элсчихээч, би АН-ынхны нөлөө бүхий хүмүүстэй танилцуулж болно шүү. Одоо л карьер хийдэг цаг” гэж ирээд нэлээд бахархангуй ярьж байна. Түүнд хэний мөнгөөр ингэж “залхталаа” явж байгаа билээ, Батчулуун энэ олон гадаад томилолтын минь үр дүнг сонирхож байгаа даа гэсэн бодол огт алга бололтой. Тэгснээ гэнэт санасан мэт “Ингэхэд чи юу хийж энд явдаг билээ?” гэв. Хүүхэд дээрээ очоод буцаж яваагаа хэлээд, нэгэнт үр хүүхдийн тухай яриа үүссэн болохоор гэр бүлийнх нь талаар асуухад “Би С-ээс хойш хуучин тэрний (бас нэг улс төрчийн нэрийг хэлээдхэв) эхнэр байсан А-тай суусан шүү дээ. Гэтэл ёстой тэнэг амьтан байна лээ, нэг л их гоё сайхнаас цаашгүй.  Хувийн ажил төрөлд минь оролцоод болохгүй болохоор нь би угаас шулуун зантай юм чинь (үнэндээ бол, манай хүнд тийм зан ёстой байхгүй дээ) салчихсан. Түүнээс нэг охинтой болсон, тэр маань ээжтэйгээ үлдсэн. Одоо том болсоон” гэлээ. Тэгэхээр нь би асуулаа: Бидний нас ч нэлээд явчихлаа, чи ийм их ажилтай байдаг хүн, эхнэр хүүхэдгүй яаж шуухан амьдарч байна даа? гэтэл нөгөөдөх чинь “Над шиг ажлын төлөө төрсөн хүн ар талдаа хувцас хунар угаах, хоол унд бэлдэх тогооны хүнтэй байхгүй бол барахгүй. Би нэг хүнтэй суусан л даа. Насаар залуу ч гэсэн халамжтай шүү” гэв.

Энэ мэтээр нэлээд зүйл ярив. “Найзын” маань надад ойлгуулсан зүйл бол хоёр хүүхдийнх нь эх болсон С, мөн нэг хүүхдийнх нь ээж А нартай хуулийн дагуу гэрлэсэн. Салахдаа ч мөн хуулийн дагуу салсан аж. Одоогийн энэ залуу эхнэртэйгээ мөн л хууль ёсоор гэрлэлтээ баталгаажуулжээ.

Одоо тэгээд телевиз харж байхад “найз” маань АН-тайгаа мандах цагт нь мандаж, буурах цагт нь буурч яваа харагддаг юм. Сая харин хуулийн дагуу хэрхэн амьдрах тухай сургаал айлдаж байгааг нь сонслоо. Миний баттай мэдэж байгаагаар “энэ маань” хэзээ ч хууль-ёсыг зөрчихгүй, харин хүн-ёсыг бол …

Ингээд Х.Х бид хоёр өргөө хойш тавьж, хуулийн дагуу амьдрах гэж юу болох, үүнээсээ уламжлан хууль түүний эерэг сөрөг тал, эрхийн философи гэх мэт сэдвийн талаар хөөрөлдөв.


Х.Х: Хууль гэж юу юм бэ? Би газрын татах хүчний тухай физикийн хууль, байгалийн шалгарлын тухай биологийн хууль, нэгдэл, задралын тухай химийн хууль зэргийг мэднэ л дээ. Харин нийгэмд байдаг хуулийн талаар та нарын үзлийн талаар товч, тодорхой, ойлгомжтой тодорхойлолт авмаар байна.

Б.Б: Тийм ээ, ертөнц дээр хуульгүй юм гэж байдаггүй. Байгаль, амьтдын тухай их гаргадаг National Geography нэвтрүүлгээр арслан, бар зэрэг амьтад бусад амьтдыг барьж буй, мөн сармагчин, гөрөөс зэрэг амьтад өөр хоорондоо үхэн хатан тулалдаж буй тухай баримтат кино олонтаа гардаг. Энд хууль байхгүйн улмаас биш харин байгалийн хууль ноёрхож буйн улмаас ингээд байгаа юм. Дахин хэлэхэд ертөнц дээр хуульгүй юм гэж алга.

Х.Х: Тэгвэл нийгэмд үйлчилдэг тэр хуулийн тухай тодруулмаар байна!

Б.Б: Хүн амьдарч байсан бүхий л үедээ ямар нэг хуульд захирагдсаар иржээ. Тэгвэл хүн төрөлхтний хамгийн анхны хуульчид хэмээн нэрлэгддэг Вавилоны хаан Хаммурапи (ХТӨ 1750-иад онд нас барсан), Афины төрийн зүтгэлтэн Солон (ХТӨ 630-560-иад он), Спартын хуульч Ликург (ХТӨ 700-630 он).

Эдгээр хүмүүсийг хүн төрөлхтний түүхэнд нэр нь мөнхөрсөн анхны хуульчид гэж үзэж болох буй за) нараас өмнө хүмүүс, хоорондын асуудал-“маргаанаа” хэрхэн зохицуулдаг байсан юм бэ гэсэн асуулт гарах нь зүй. Хүн дөнгөж үүслийн шатанд байх үедээ байгалийн хуульд захирагдаж байж. Жишээ нь, хүйн нийгмийн гишүүд нэг газар суурьшмал амьдралаар амьдарч чадахгүй, байнга нүүдэллэж байсан шалтгаан нь байгалийн эрхшээлд байсан учраас тэгж байсан хэрэг. Дараа нь ёс заншил, шашинтай холбоотойгоор “ийм зүйлийг хийж болно”, харин “үүнийг болохгүй” гэсэн табу (хорио, цээр) бий болсон. Энэ хорио нь цэвэр хуулийн шинжгүй, ёс суртахуун, шүтлэгийн элемент агуулдаг байсан учраас овог аймгийн гишүүд түүнийг өнөөгийн хуулиас ч илүү чанд биелүүлдэг байж. Дараа нь бичиг үсэг үүссэнээр табугаа бичмэл хэлбэртэй болгосон. Ингэж бичмэл хууль үүссэн байна.

Х.Х: Тэгэхээр хууль гэж нэрлэгдээд буй энэ бичмэл зүйл чинь нийгмийн хөгжлийн нэлээд хожуу шатанд үүссэн байж таарах нь ээ. Бичиг үсэг үүсэж, нийтээр хэрэглэдэг болсон үед үүссэн гэсэн үг үү?

Б.Б: Тийм. Одоо нийгэмд үйлчилж буй хуулиуд бол бичиг үсэгтэй салшгүй холбоотой.

Х.Х: Хуулийн тухай ярих үед эртний Ромын эрх зүй гэж заавал яригддаг.

Б.Б: Аргагүй ээ, хүн гэж амьтан хэрхэн хуулийн дагуу амьдардгийг тэд л анх харуулсан юм чинь. Ер нь хүн төрөлхтний соёл иргэншлийн тулгын гурван чулуу бол Афины философи ба шинжлэх ухаан; Иерусалимын шашин ба ёс зүй; Ромын төр ба эрх зүй гэж үздэг. Эдгээр үзэгдэл цаад тал нь 5.000 жилийн настай бол орчин үеийн хүн буюу хомо-сапиенс наад тал нь 50.000 жилийн настай.

Х.Х: Хуулийг хэн нэгэн хууль тогтоогчид гэж нэрлэгддэг хүмүүс зохиогоогүй, урьд нь табу хэлбэртэй байсан; хууль нь амьдралын шаардлагаар гарч ирдэг зүйлийг бичмэл хэлбэрт оруулдаг байх нь ээ?

Б.Б: Яг үнэн. Аяндаа бий болсон эмх журам гэж нэрлэгддэг зүйлсийн нэг бол хууль юм шүү дээ. Хүний хэл-яриа, зах зээлийн үнийг хэн ч зохиодоггүй шиг хууль ч гэсэн аяндаа бий болдог. Аль ч ард түмэн, үндэстэнд ямарваа үйлдлийг зөвшөөрсөн, эсвэл хориглосон ёс заншил, шашны хэм хэмжээ байдаг. Түүнийг нь бичмэл хэлбэрт оруулахаар хууль гэгдэж байгаа юм.

Х.Х: Тэгэхээр энэ шиг биш, ө.х. амьдралын шаардлагаар гараагүй хууль гэдэг нь манай 76 мэргэн жараахайн санаанаасаа зохиосон хуулийг хэлж таарах нь. Эдний  “зохиосон” хууль л гууль болдог юм байна, тийм үү?

Б.Б: Яг тийм, хууль гэдэг бол эрх мэдэлтнүүдийн гаргасан тушаал, заавар биш, нийгэм шаардаж буй, хувь хүмүүсийн олонхын хүсэж буй зүйл байх ёстой.

Х.Х: Хууль гэдэг бол олонхын хүсэж байсан зүйл байх ёстой гэлээ. Гэтэл амьдрал дээр олонх хүсээгүй, тэр ч бүү хэл тэдний хүслийн эсрэг хандлагатай, хэдхээн хүний эрх ашгийг хамгаалсан хууль гарах тохиолдол цөөнгүй байна шүү дээ.

Б.Б: Харин тийм, тиймэрхүү хууль “3 хоногийн настай, гууль шиг хууль” байдаг. Тэр нь амьгүй, функциональ чанаргүй, нийгмийг бусниулагч зүйл болон хувирдаг. Хүмүүс ч эс дагана. Хуулийн амин сүнс нь хүмүүсийн эрх ашгийг харгалзаж хамгаалсан байх ёстой. Тэгж байж л хэрэгжинэ шүү дээ.

Х.Х: Тийм ээ, “хууль хэзээ хүмүүсийг хамгаална, тэр цагт хүмүүс хуулийг хамгаална” гэсэн үг байдгийг санаж байна.

Б.Б: Манай 76-гийн “үйлдвэрлэдэг” зохиомол хуультай холбогдуулж Р.У.Грант хэмээх хүн Талхны гайхамшигт машин хэмээх номдоо “Хуулийн дагуух бүх юм зөв байдаггүй” гэж ч хэлсэн байдаг юм.

Х.Х: Айхавтар хэлсэн байна. Батлаадах даа.

Б.Б: Бид хоёрын энэ яриа эхлэх шалтгаан болсон тэр түшээгийн амьдрал үүний баталгаа болно. Тэр хэзээ ч хууль зөрчдөггүй, 2 эхнэрээс салж, 3 дахь эхнэртэйгээ суухдаа, мөн 3 хүүхдээ өнчрүүлэхдээ бүгдийг хуулийн дагуу үйлдсэн.

Хуулийн дагуух бүх юм зөв байдаггүйн жишээ олон л доо. Энэ 76 чинь мөнгөний ивээл үзүүлдэг хэдэн найз нартайгаа дарвиж суухдаа, ярьж байсан зүйлээ хууль болгоод баталчихдаг хүмүүс шүү дээ. Тийм хууль яагаад ч зөв зүйтэй байж чадахгүй. Тэд хуульдаа найз нөхдийнхөө эрх ашгийг хамгаалсан заалт оруулна, эсвэл цоорхой үлдээнэ. Зориуд үлдээсэн тэр зүүний сүвэгчийн чинээ цоорхойгоор зааны чинээ гэмт хэрэг додигор гэгч гараад явчихдаг!

Х.Х: Ийм хуулийг хэн мөрдөхийг хүсэх вэ дээ?

Б.Б: Тийм шүү дээ, ийм зүйлийг чинь цаасан дээр буулгасан хоосон үг, хэн нэгний захиалга, хүссэн үедээ хэрэгжүүлээд, хүсээгүй үедээ уландаа  гишгэчхэж болдог “гурав хоногийн настай зүйл”; “гууль” гэж үзэхээс өөр яалтай билээ. Ф.Бастиа Хууль зохиолоо “Хууль завхарч дуусжээ” гэсэн үгээр эхлэхдээ ийм л хуулийн тухай хэлсэн хэрэг. Тэгээд ч Монголд жирийн иргэдээс аваад төрийн хамгийн дээд өндөрлөгтөө  хүртэл хуулиа  зөрчиж байдаг. Зөрчинө гэдгээ бүгд мэдсээр байгаа мөртлөө “хуулиа дээдэлнэ”  гэж ярьдагт  бидний увайгүй (худалч) шинж оршиж байгаа юм.

Х.Х: Нээрэн, манай хуулиуд утгагүй шүү. Жишээ нь, УИХ-аас баталсан “Тамхины хууль”. УБ хотын сая гаруй хүн, түүний дотор нялх нярай хүүхэд гээд бүгдийг агаарын бохирдол-хорт утаагаар хордуулж буй нөхцөлд энэ нь үнэхээр утгагүй хууль. Хэлбэрдэнэ, дүр үзүүлнэ, жүжиглэнэ гэж энэ.

Тамхи татдаггүй хүмүүсээ хордуулахгүй байх, татаж буй хүмүүсийн дэргэдээс холдоод явчих шиг амархан зохицуулчих зүйл байхгүй. Соёлтой хэн ч иймэрхүү зүйлийг ёс суртахуунаараа зохицуулчхаж чадна. Тэгвэл УБ хотын бүх оршин суугч, түүний дотор нялх балчир үрс маань гэртээ орж нуугдсан ч хорт утаанаас зайлж чадахгүй дам “тамхилсаар” байна. Тиймээс хотын утаа, агаарын бохирдлын асуудлаа л хамгийн түрүүнд шийдмээр. Гэтэл очиж, очиж тамхи шүү! Бодит байдал ийм байгааг мэдсээр байж, нэг их санаа зовсон дүр үзүүлж, хоосон дүрэмдсэн хууль гаргаад л. Тэр нь амьдралаас тасархай учир огт хэрэгжихгүй. (Бодвол тамхины хууль санаачилж, батлуулсан гэх тэр нөхөр арваад сая төгрөг авсан л байх даа. Эд өөрсдөдөө зориулж, хууль санаачлан батлуулах бүрдээ 10-аад сая төгрөг авч байхаар хууль гаргаж авсан шүү дээ!)

Б.Б: Үнэн, үнэн. Хүнсний зах дээр очоод захын худалдагчаас асуухад лангуун доороосоо тамхи гаргаад ирнэ, замд тааралдсан ТҮЦ бүрт тамхи нууцаар зарж байна


Фридрих Бастиа. 1801-1850 он. “Хуулийг стэйтистүүд (төрийнхөн) хэрхэн завхруулдагийг Бастиа энэ номдоо маш ойлгомжтой, уран яруу илэрхийлсэн юм.”


Х.Х: Чиний бодлоор хуулийг гууль биш, жинхэнэ хууль шиг болгоход юу хэрэгтэй вэ?

Б.Б: Хуульчид болохоор хууль нь Үндсэн хуульдаа тохирч байвал хууль шиг хууль болдог гэцгээдэг юм. Миний хувьд хууль нь ёс суртахуун, “зүй ёсонд” (justice-д) тохирч байж хууль шиг хууль болно. Хуулийг хууль болгох арга замын тухай Кант “тухайн хүн бусад маань ч гэсэн над шиг хийгээсэй гэсэн байдлаар үйлдэх” нь сайн хуультай байх үндэс гэж үзсэн. Гэтэл бид муу хуульчдын боловсруулсан муу хуулийг биелүүлэх ёстой болж байна. Ийм хууль-ёс нь хүн-ёсыг байнга зөрчиж, хүмүүсийн амьдралыг там болгодог.

Х.Х: Уг нь “Сайн иргэний үндсэн шинж бол муу хуулийг ч даган биелүүлдэгт оршино. Учир нь муу иргэнд сайн хуулийг зөрчих далим олгохгүйн тулд тэгэж байгаа юм” гэсэн үг байдаг даа.

Б.Б: Олиггүй үг байна.

Х.Х: Яагаад?

Б.Б: Хууль сайн ч байж болно, муу ч байж болно гэсэн утгатай. Хүний амь амьдралыг муу хуулиар шийдэж болохгүй.

Өөр өнцгөөс авч үзье. “Өршөөлийн хууль” гээд нэг хууль байна. Муу ч хууль, муухай ч хууль. Албан тушаал, авилгын гэмт хэрэгтэн, улсын мөнгө идсэн хүмүүст (эдгээр нь ихэвчлэн УИХ-ын гишүүд болон эрх мэдэлтнүүдийн танил тал, найз нөхөд, хамаатан садан байдаг) зориулсан. Тэгээд энэ “хуулиа яс мөрдөнө” гэвэл тэднийгээ өршөөнө гэсэн үг болохыг цаадуул чинь сайн мэдэж байгаа хэрэг.

Х.Х: Би нэг хачин зүйлийг ажигласан юм. Маргалдаад шүүхийн өмнө очсон хоёр тал хоёул өөрсдийгөө хуулийн дагуу үйлдсэн гээд хууль яриад байх юм билээ. Хуулийг маргалдагч хоёр тал хоёул өөрт ашигтайгаар тайлбарлаж болоод байх шиг?

Б.Б: Тийм ээ, хууль нь “хоёрдмол утгагүй, бүх хүнд ижил утгатай ойлгогддог байх ёстой” гэсэн зарчмыг манайхан мөрдөхгүй байна.

Монголын хууль хэл найруулга, утга санааны хувьд даанч муу! Ямар ч гэмт  хэрэгтэн өөртөө ашигтайгаар тайлбарлаж, гуйвуулж болдог. Солженицыны хэлснээр,  “хааш нь л бол хааш нь харуулаад өмсчихөж болдог дээл шиг” зүйл байдаг. Би латин хэл мэдэхгүй, гэхдээ ганц хоёр хуулийн томьёоллыг (англитай төстэй үг, логик тэр хэлэнд байдаг учраас бага сага ойлгодог) харсан. Хэчнээн логиктой, гүн гүнзгий  агуулгатай императив байдаг гээч! Монголын хууль тийм биш байгаа нь үг-хэлэндээ байна уу, хуульчдадаа байна уу, сайн мэдэгддэггүй. Бараг хуульчдадаа  байдаг болов уу гэсэн сэжиг төрдөг. Иймэрхүү хууль гаргадаг учраас Монголын  хууль гурав хоногийн настай байдаг байх. Дашрамд хэлэхэд, латин хэл мэдэхгүй, Эртний Ромын эрх зүйг яс махандаа хүртэл судлаагүй бол олигтой хуульч гарахгүй л дээ.

Х.Х: Бас тэгээд цаадуул чинь хуульдаа зөвхөн өөрсдөдөө ашигтай заалт зориуд оруулаад байх юм чинь.

Б.Б: Яг тэгж бодогдоод байгаа юм. Эрх мэдэлтнүүдийн гэмт хэргээ хаацайлах зэвсэг болсон ийм хуулийн тухай АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама Ааваас минь уламжилж ирсэн мөрөөдөл хэмээх дуртгал номдоо “Хууль гэдэг бол эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг, эрх мэдэлгүй хүмүүсийг тайвшруулсан шийдвэр гаргахад хэрэгтэй зүйл гэж бодогдох үе байдаг” гэсэн байдаг. Обама ч Харвардад эрх зүйгээр сурсан хүн шүү дээ. (Харамсалтай нь, тэр, улс төрд орсноосоо хойш урьд нь ярьж байсан зүйлээ мартаад, тэс хөндлөн ярьж, үйлддэг болсон.)

Үнэхээр манай хууль эрх мэдэлтнүүдийг хэргээс мулталдаг, жирийн иргэдийг хэрэгт хийдэг хэрэгсэл, “нохойд барьдаг мод” шиг зүйл болоод байгаа нь хэдэн тэрбумын хэрэгтнүүд болоод “Гал үндэстэн холбооны” тэмцэгчдийн хэргийг шийдсэн байдлаас харагдаж байна.

Х.Х: Түрүүнд, телевизээр гардаг танай “найзын” жишээнээс харахад хүн-ёс бол хамгийн дээд хууль гэсэн ойлголтгүй хүмүүс л хууль-ёс ярьдаг юм байна даа. Гэхдээ хууль, ёс суртахуун хоёрын тухай сэдвийг түр орхиё. “Зүй ёс” гээд бас нэг шинэ нэр томьёо гараад ирлээ.

Б.Б: Justice-ийг хэлж байгаа юм. “Үнэн” гэдэг ойлголт танин мэдэхүйн онолд хэр байр суурьтай байдаг шиг “зүй ёс” (justice) гэсэн ойлголт нийгэм-улс төрийн философид тийм байр эзэлдэг гэж ХХ зууны улс төрийн философийн хамгийн том төлөөлөгч, Харвардын Их сургуулийн профессор Жон Роулс хэлсэн байдаг. Нийгэмд “Rule of Law” (хуулийн ноёрхол) биш “Rule of Justice” (зүй ёсны ноёрхол) байх ёстой.

Х.Х: Justice гэдэг чинь шударга ёс гэсэн үг биш юм уу?

Б.Б: Их нарийн ээдрээт категори. Ахуйн түвшинд бол шударга ёс хэмээн орчуулаад, яриад, ойлгоод явж болох л байх. Гэтэл заримдаа хууль ёс гэсэн утгаар хэрэглэгддэг. Жишээ нь, хууль зүйн сайдыг Minister of Justice гэдэг.

Философийн агуулгаар бол шударга ёс эсвэл хууль ёс гэж орчуулж болохгүй. Justice гэдэг бол хууль ёс, хүн ёс, шударга ёс гээд бүгдийг хамарсан ойлголт. Энэ нэр томьёо бүр Аристотелийн үеэс философид орж ирсэн байдаг. Түүнээс хойш үе үеийн философичдын бүтээлд байнга дурдагдаж, утга агуулгын хувьд баяжсаар ирсэн. Бүх юм “ном” ёсоороо байхыг хэлж байгаа юм. Ямар байх ёстой, тийм л байх гэсэн үг. Миний хувьд 1990-ээд онд анх энэ нэр томьёотой тааралдсан бөгөөд нухаж, нухаж “зүй ёс” гэсэн үгээр орчуулах нь зүйтэй гэж бодох болсон.

Х.Х: Justice (зүй ёс) гэдэг термин чинь хууль ёс, шударга ёс гэсэн терминүүдээс агуулгын хувьд өөр гэдгийг жишээгээр баталж болох уу?

Б.Б: Болно. Хэдэн жилийн өмнө “Татварын өршөөлийн хууль” гэдэг хууль гарсныг санаж байгаа биз дээ? Одоо ч бас дахиад гаргах гээд л байгаа юм шиг байна билээ (энэ мөрүүдийг 2015 оны IX сард бичиж байна). Энэ нь зүй ёсны (Justice) онолын үүднээс бол маш буруу хууль. Энэ хууль гарснаараа, татварын хууль нь хууль тогтоогчид маш авантюрист сэдэлтэй байдаг, татвар төлдөггүй хүмүүс сүүлд нь хожно гэдгийг харуулсан. Татвар төлөөгүй хүмүүсийг чөлөөлснөөрөө татвараа төлж байсан хүмүүст шударга бус хандсан, зүй ёсонд харшилсан хууль. Ер нь төр хэрхэн дураараа аашилдгийг харуулсан: сайн дураа хүрэхээр хэнийг ч өршөөж, мөнгө төгрөгнөөс нь авдаггүй, харин муу дураа хүрэхээр хэнийг ч хайрладгүй, хэнээс ч хэчнээн мөнгө төгрөг авч болдог гэдгийг харуулсан.

Х.Х: Чиний яриад байдаг Ф.Бастиагийн Хууль номыг сөхтөл хамгийн эхэнд нь шахуу “Хууль завхарч дуусжээ! Хууль бүхий л төрлийн ховдог шунахайчуудын зэвсэг болжээ! Хууль өөрийнхөө шууд үүрэг болох гэмт хэрэг, бузар булайг шийтгэхийн оронд түүнийг төрүүлж байгаагаараа өөрөө буруутан!” гэсэн мөрүүд тааралдсан.

Б.Б: Яг л манай төрд байгаа хүмүүс болон тэдний гаргасан хуулийг хэлсэн байгаа биз дээ. Хууль ингэж жигшин зэвүүцсэн мөрүүдээр эхэлдэг нь үнэн. Үнэхээр энэ номд төр өөрийн дээрмийг хэрхэн хуулиар цагаатгадгийг маш ойлгомжтой, уран яруу илэрхийлсэн.


“Төр бол хууль ёсоор хүчирхийлэгч мөн.”        М.Вэбэр

“Хууль тогтоогчид нь хувь хүний бие даасан байдлыг боолчлолоор, эрх чөлөөг хавчлага мөрдлөгөөр, өмч хөрөнгийг дээрэм тонуулаар сүйтгэхдээ мөнөөх л хуулиа хэрэглэж байгааг ойлгоход тийм хэцүү биш.”        Ф.Бастиа


Х.Х: Яавал гарч буй хуулиуд сайжирч, хууль шиг хууль болох бол? Арга барсан хэрэг байх даа, дахиад л ингэж асуумаар санагдаад байх юм.

Б.Б: Би бүхнийг мэддэг хүн биш, тэр тусмаа хуульч биш, уг нь энэ талаар хуульчид л илүү санаа тавих ёстой. Гэхдээ хувийн санаа бодлоо хэлье. АНУ-д гэхэд л төрөөс гаргасан хууль тогтоомж бүрийг хүний эрх, эрх чөлөөний призмээр авч үзэн, анализ хийдэг Катогийн Хүрээлэн хэмээх либертари институт бий. Энэ хүрээлэнгийнхэн бараг сар тутам Цагаан Ордноос гаргаж буй хууль тогтоомжийн талаар либертари анализ хийсэн цуврал ном гаргасаар ирсэн. Энэ номуудад хувь хүний эрх чөлөө, зах зээлийн зарчим, аяндаа тогтох эмх журмыг төрөөс гаргасан хуулиар хэрхэн баглан боож байдгийг харуулдаг. Энэ бүхнээс харахад, хууль зүйт нийгэмд (би энэ нийгмийг хувь хүний төрөлх эрх, эрх чөлөө хангагдсан, жам ёсны хууль ноёрхсон нийгэм гэж ойлгосны үндсэн дээр энэ нэр томьёог хэрэглэж байна) хамгийн их саад болж буй хүмүүс бол хуульчид өөрсдөө юм.

Х.Х: Монголын хууль ийм, хуульчид нь тийм. Тэгээд одоо яах вэ? Нийгмийн амьдралыг муу ч, сайн ч хуулиар зохицуулж таарах байх даа. “Хэн бяр тэнхээтэйгийнх нь зөв” гэлтэй биш. Эсвэл үлгэрт гардаг шиг хэн нэг ухаантай хүн дээр очиж, асуудлаа шийдвэрлүүлээд тэдний амаар явах болж байна уу?

Б.Б: Үнэхээр бүх зүйл хуульд захирагдах ёстой юм бол төр ч бас хуульд захирагдах ёстой. Д.Боазын Либертарианизм номд нэг сайхан үг байдаг юм: Хүнд биш хуульд захирагдсан нийгэм гэж. Хуульд “Хүн, нэг нэгнээ дээрэмдэж болохгүй! гэж заажээ. Зөв! Тэгвэл төр ч бас иргэнээ дээрэмдэж болохгүй.” Ө.х., төр иргэндээ юу ч өгөхгүй атлаа түүнээс мөнгө (татвар) аваад, өөртөө зарцуулаад байж болохгүй. Мөн хүнийг өөрийнхөө өмч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ төдөн төгрөгөөр зар гэж хууль гаргавал тэр хүний өмчлөх эрхэнд төр халдаж (дээрэм хийж) байна гэсэн үг. Тухайн өмч төрийнх биш тэр хүнийх. Ийм л юм бол тэр хүн хэдэн төгрөгөөр зарахаа өөрөө мэднэ. Зарахгүй байсан ч болно, тэр байтугай устгачихсан ч түүний өөрийнх нь дур. Тухайн өмч дээр хэний хүсэл зориг ноёрхож байна, түүний өмч болж таарна.


Дэвид Боазын Либертарианизм ном 2005 онд монгол хэлнээ хэвлэгдсэнээр Монголд либертари үзэл дэлгэрэх үйл явц ихэд түргэссэн билээ.


Х.Х: Төрийн эрх мэдлийг ч бас хуулиар хазаарлаад өгвөл яадаг бол?

Б.Б: Яг тэгж л хэлээд байна. Төр хуульд захирагдана гэдэг бол АНУ шиг Үндсэн хуулиараа төрийн хийж болох юмыг зааж, төрийн эрх мэдлийг хязгаарлахыг хэлдэг. Хуульд эрхийг нь тоочоод өгвөл төрийн эрх тэр хүрээнд хязгаарлагддаг. Тэгвэл АНУ-ын Үндсэн хуульд төрийн эрхийг тоочсон атлаа хүний эрхийг тоочоогүй. Хязгаартай зүйлийг тоочиж болдог, харин хязгааргүй зүйлийг тоочих аргагүй: тэгвэл төрийн эрх мэдэл хязгаартай, харин хүний эрх хязгааргүй. Либертари философид тоологддог (numerated) ба тоолж баршгүй (innumerated) гэж томьёолсон байдаг юм.


“1787 оны V-IX сард Филадельфид АНУ-ын Үндсэн хуулийн анхны эхийг гаргажээ”


Х.Х: Төрийн эрх мэдлийг хязгаарлах асуудалтай холбогдуулан, асуудлаас бага зэрэг хальж, нэг зүйлийг хэлмээр санагдчихлаа. Одоо улс төр судлалд их яригдаад буй төвлөрлийг задлах, орон нутгийн удирдлага гэх мэт үзэгдэл төрийн эрх мэдлийг хязгаарлахтай гарцаагүй холбогдож таарах байх. 1990-ээд оноос дэлхийн улс төрд орон нутгийн удирдлага гэсэн төвийн хэт төвлөрөл, хүнд суртлаас зайлсхийх хандлага харагдах болсон. Ер нь орон нутгийн чөлөөт байдал нь бүх талаараа хөгжил цэцэглэлтэд тус үзүүлдэг. Ганц том төр бүх зүйлийг хянах гэж оролдсоноороо хөгжил хөдөлгөөнд саад болдог. Шийдвэр удаан гарна, удаж удаж гарсан шийдвэр амьдралаас тасархай, хэт “дээрээс” гардаг тул огт хэрэгждэггүй.

Төрийн хяналтаас гарна гэдэг нь зэрэгцэн орших ялгаат байдал, олон талт байдал, бие дааж шийдвэр гаргах бололцоо, чөлөөт худалдаа, өрсөлдөөн гэсэн үг юм байна.

Б.Б: Тийм ээ, зөвшөөрч байна.

Х.Х: Асуудалдаа оръё. Би ярьж буй асуудлаа тодруулах гэж зарим үед “өдсөн” асуулт тавиад байгаа болохоос ерөнхийдөө чамайг ойлгож байна л даа. Нийгэм дэх бүх зүйлийг хуулиар зохицуулах боломжгүй. Хуулиар зохицуулбал буруудаад явчихдаг зүйл гэж байдаг гэдэг дээр санал нэг байна.

Б.Б: Эхнэр нөхөр хоёр, аав хүү хоёр, маш ойрын найзууд хоорондоо ямар нэг юм хийхдээ гэрээ хэлцэл байгуулна, хуулийн дагуу харьцана гээд байвал тэдний ойр дотно шинж алдагдана. Чухамхүү энэ утгаар нь хууль бол нэгийгээ баттай сайн мэдэхгүй, муугаар яривал нэгийгээ зальдчихаж магадгүй гэсэн муу санааны үүднээс бий болдог эд.

Ф.Бастиа Хууль номдоо “Социалистууд л хүмүүсийн бүх харилцааг чанд журамлахыг хүсдэг” гэсэн нь үнэн. Иймэрхүү социалистууд болон “ордныхны гар хөл” болсон хуульчдад “байгаа ганц багаж нь алх юм бол нүдэнд нь бүх зүйл хадаас болж харагдахаас” яах вэ. Хуульчдын “багаж” нь ганц хууль байх ёсгүй, тэд философи, ёс зүй, логик гээд олон талын мэдлэгтэй байх ёстой.

Х.Х: Гэхдээ эдийн засгийн амьдралыг хуулиар зохицуулахгүй бол болохгүй байх аа? Тэгэхгүй бол цаад хэдэн бизнесмэнүүд чинь улс-оронд хэрэгтэй юм үйлдвэрлэхгүй өөрсдийн дуртай юмыг хийгээд хүн ам маань хэрэгцээт зүйлсээр гачигдана биз дээ?

Б.Б: Чи хэлж буй зүйлээ жаахан эргэцүүлээд үз. Бизнесмэнүүдийн дуртай зүйл бол ашиг. Тэгвэл хүн амын хүсэж буй зүйлийг л үйлдвэрлэж байж ашиг олно. Хүн амын хүсэж буй зүйлийг биш ганц өөрт таалагдсан зүйлийг үйлдвэрлээд байх юм бол дампуурна.

Ер нь зах зээлийн үйл явцад төрийн хөндлөнгийн оролцоо ямагт сөрөг нөлөөтэй байдаг. “Дэлхий өөрөө эргэдэг” шиг зах зээл өөрийн жамаар явж байхад “төр ямар нэг хууль гаргаж хөндлөнгөөс оролцох ёсгүй.” Лайзэс-фэйр!!! Зөнд нь орхи!!! “Төр бол хамгийн муу менежер”, “илүү сайн удирдъя гэвэл төр хөндлөнгөөс аль болох бага зохион байгуулах хэрэгтэй”.

Бид хоёрт энэ талаар ярих цаг гарах байх гэж бодож байна. Давтан хэлэхэд, бизнесмэн маань хүн амын хэрэгцээт зүйлс, ө.х., гачигдаж байгаа зүйлийг олж хараад үйлдвэрлэлээ явуулахгүй, зөвхөн өөрийн бодсоноор үйлдвэрлэл явуулах юм бол тэр дороо сүйрнэ. Олон түмний таашаах зүйлийг хийж байж л баяжна.

Х.Х: Гэхдээ л яагаад ч юм, хууль гарцаагүй гэсэн бодол надаас салахгүй юм.

Б.Б: Хууль заавал гаргах гээд байгаа юм бол зах зээлийг хамгаалсан хууль гаргах ёстой. Бүх хуулийн үндэс, шалтгаан бол төрөлх эрх. Хууль энэ төрөлх эрхийг хамгаалсан хууль гаргах ёстойгоос бус энэ эрхэд халдсан хууль гаргах ёсгүй.

Хууль зүйт ёс ноёрхсон нийгэмд төр, иргэд төдийгүй хууль ч өөрөө хуульд захирагдах ёстой. Энэ тухай Ф.Бастиа Хууль номдоо “Хуулийг хүрээнд нь байлгавал зохистой” хэмээн өгүүлсэн байдаг. Хуулийн захирагдах ёстой хууль гэдэг бол бидний байнга дурдсаар ирсэн хүний төрөлх гурван эрх мөн: амьдрал, эрх чөлөө, өмч. Энэ санааг анх гаргаснаараа Жон Локк либертариудын хүндэтгэн дээдэлдэг өвөг хэмээгдсэн юм.

Х.Х: Ийм зүйлийг хуульчид л их яримаар юм. Тэд яагаад энэ талаар дуугарахгүй байна вэ?

Б.Б: Манайд эрх зүйн философи хэмээх зүйл байдаггүй, бас тэгээд хуульчид философи уншихгүй байна. Дан ганц хууль уншаад явахгүй л дээ. Хууль чинь өөрөө их догм эд шүү дээ. Үүнтэй л холбоотой байх.

Х.Х: Манайд яагаад эрх зүйн философи байдаггүй гэж?

Б.Б: Монголд эрх зүйн философи байдаггүй нь дараах хэдэн шалтгаантай юм шиг санагддаг: Нэгд, Нэг доор суурин амьдарч ирсэн иргэдийн хооронд янз бүрийн асуудал гарах нь мэдээж. Тэд зуун, зууны турш ийм маргаантай асуудлаа хуулиар шийдвэрлэж, хуулийн дагуу сэтгэж сурчихсан, заншчихсан байдаг. Тэгвэл хээр талд ганц нэгээрээ малаа хариулж ирсэн нүүдэлчдийн хувьд хууль яриад байх шаардлага гардаггүй байж. “Их засаг” юм уу, хожмын манж-хятадын гаралтай хууль гээч тэр зүйл аж амьдралд нь нэг их нөлөөгүй, ихэнх хүн тийм хууль байдгийг мэддэг ч үгүй байв. Амьжиргааных нь үндсийг тодорхойлогч байгаль л түүний хувьд жинхэнэ хууль. Шулуухан хэлэхэд, тэр малчин Cultural Man гэхээсээ илүүтэй Natural Man байжээ. Хоёрт, Хүмүүс хуулийг ардын аман зохиол шиг амнаас ам дамжуулан мэдэж, түүн дээрээ үндэслэн мөрдөх ёсгүй. Хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах юм бол хууль биш. Тэгэхээр нэгэн утгатай бичигдсэн байх ёстой. Тэгж байж гэмээнэ нэгэн утгатай ойлгогдох, нийтэд үйлчлэх боломжтой болно. Гэтэл нүүдлийн аж төрөх ёсоор амьдарч байсан монголчуудын 95% орчим нь огт бичиг үсэг мэддэггүй байв. Тэд хуульд юу гэж байсныг өөрийг нь шүүх гэж байгаа “шүүгчийн” амнаас сонсоно. Нэгэнт хүн амаараа хуулийг тайлбарладаг юм бол хэн ч, юу ч гээд тайлбарлачхаж болно. Иймд нийтээр бичиг үсэггүй, нүүдлийн аж төрөх ёсоор амьдардаг монголчууд хууль гэж зүйлд идээших (адаптаци болох) боломжгүй байв. Гуравт, Тодорхой хүрээнд хууль гээч зүйлтэй танилцсан цөөн тооны хүний хувьд хууль нь төрөөс гаралтай зүйл учраас халдах аргагүй, үг дуугүй захирагдах ёстой, хэлэлцэх аргагүй зүйл. Деспот төрд фетишист маягаар ханддаг нийгэмд төрөөс гаралтай зүйл бүхэн халдахын аргагүй шүтээнчлэгдсэн зүйл байдаг. Дөрөвт, Коммунистуудын эрин үе эхэлснээр хуулийн талаар маргаж, хэлэлцэж, философидож бүр ч болдоггүй нөхцөл байдал үүссэн. Хэрэв социалист хуульд эргэлзэх, түүний талаар сөрөг утгатай зүйл хэлэх юм бол төрийн эсрэг гэмт хэрэгтэн болно. Иймэрхүү шалтгааны улмаас бидэнд эрхийн философийн уламжлал байгаагүй.

Х.Х: Тэгвэл өнөөгийн ардчилсан нийгэмд яагаад эрх зүйн философи байхгүй байна вэ?

Б.Б: Дээрх хүчин зүйлсийн инерци хадгалагдсаар байна. Түүнээс гадна хуульчидтай маргаж, мэтгэлцэх гэхээр “намайг эсвэл миний мэргэжлийг дорд үзлээ” гэх маягаар ханддаг. Маргах гэж оролдож буй хэсэг нь цагдаа нар шиг хуулийн зүйл-анги яриад, үг мушгиад, маргаж буй асуудлынхаа мөн чанарт орж өгдөггүй юм.

Х.Х: Эрх зүйн философи оршин байснаараа хуульд ямар эерэг нөлөө үзүүлдэг юм бол?

Б.Б: Эрхийн философийн сайн тал бол хуулийг шүтэх, хоосон дагах биш, тэр хууль яагаад гарав, гарснаараа нийгэмд ямар үр дагавар авчрах вэ, түүний сайн муу тал хийгээд үзэгдэх төдийгүй эс үзэгдэх үр дагаврыг олж харж чаддаг болно.

Х.Х: Эрх зүйн философиор ямар бүтээл байдаг юм бэ?

Б.Б: Философийн түүхэнд Плато, Аристотель, Фома Аквинский, Кант, Гегель гээд маш олон хүн эрхийн философийн асуудлыг авч үзэж байж. Тэр бүхнийг алгасаад ярихад ХХ зуунд Жон Роулс, Роберт Нозик, Рональд Дворкин, Х.Л.А.Харт гэсэн “мундагчуул” гарсан. Сураг сонсвол манайд одоо л ХХ зууны эрх зүйн философийн хамгийн лут бүтээл болох Дворкины Law’s Empire (Хуулийн эзэнт гүрэн), Хартын Concept of Law (Хуулийн ойлголт) зэрэг нь Хууль зүйн Үндэсний хүрээлэн болон зарим сэгээтэй хувь хүний хүчин зүтгэлээр орчуулагдаж, хэвлэгдэх гэж буй сурагтай.


  Дворкины Law’s Empire (Хуулийн эзэнт гүрэн), Хартын Concept of Law (Хуулийн ойлголт)

Hayek, The Constitution of Liberty


Х.Х: Нэгэнт эрх зүйн философи ярьж эхэлсэн болохоор энэ сэдэвтэй нэлээд холбоотой “хууль зүйт ёс” гэсэн ойлголтын тухай асууя.

Б.Б: Өмнө дурдаж байсан даа. Төр нь хүнд бус хуульд захирагдаж байвал тэр нийгмийг “хууль зүйт ёс ноёрхсон нийгэм” гэнэ гэж. Ө.х, улс төрчид, эрх мэдэлтнүүд нь хуулиас дээш гараагүй нийгэм гэсэн үг. Хууль зүйт ёс ноёрхсон нийгмийн тухай Ф.Хаек Эрх чөлөөний үндсэн хууль номдоо өгүүлэхдээ

1/ Хууль бүх хүнд, түүний дотор удирдагч нарт хамаатай,

2/ Хэн ч хуулиас дээр байж болохгүй,

3/ Шүүх бие даасан байх ёстой, ялангуяа улс төрчдөөс хараат бус байх ёстой,

4/ Хууль нь зүй ёсны шалгуураар орсон байх ёстой гэсэн байдаг.

Х.Х: Хуультай, харин “хууль зүйт ёсгүй” нийгэм байдаг гэж болох уу?

Б.Б: Болно, “хууль” “хууль зүйт ёс” гэсэн хоёр ойлголт ялгаатай. Гитлерийн нацист Герман, Сталины Зөвлөлт нийгэмд хууль яс үйлчилдэг байсан боловч “хууль зүйт ёс” гэж байсангүй. Учир нь Хаекийн хэлснээр, эдгээр нийгэмд удирдагч нар хуулиас дээгүүр, шүүх улс төрчдөөс хараат байхаас гадна хууль нь эрхийн философийн шалгуураар ордоггүй байжээ. Удирдагчийн хүсэл зориг л хууль болдог байлаа шүү дээ. 1960-70-аад оны Югослав хэмээх социалист улсад “Хуулийн энэ заалт И.Б.Титод үл хамаарна” гэсэн заалтыг хүртэл хуульдаа оруулсан гэж байгаа юм. Ер нь их сонин шүү дээ. Философийн үүднээс эргэлзмээр зүйл хуульд их байхад хуульчид түүнийг огт хачирхахгүй хүлээн авдаг.

Х.Х: Манайд ч одоо ийм байгаа гэж үү?

Б.Б: Улс төрийн эрхэнд гарсан хүмүүс болон хөрөнгөтэй хүмүүс хуулиас дээгүүр байгаа тухай гадуур маш их ярьж байна. Эрх мэдэлтнүүдийн хамгийн их үйлддэг гэмт хэрэг бол авилга. Тэд шийтгэлээ хүлээх нь маш ховор байна. Ихэнх тохиолдолд замхраад алга болж байна. Гэтэл авилгын хэрэг нийгэмд нэлэнхүйдээ тархжээ.

Албан тушаалнууд хуулиас дээгүүр оршдогын наад захын жишээ бол замын хөдөлгөөний дүрэм “томчуудад” огт үйлчилдэггүй явдал. Энд хуулийн амин сүнс болсон “хууль нэгэн утгатай байна”, “нийтлэг үйлчилнэ” гэсэн зарчим зөрчигддөг. Одоо жирийн иргэдийг замын хөдөлгөөнд оролцож байх үед тохиолддог нэг бэрхшээл бол дарга нар тэр замаар явах явдал. Зуны халуун, замын түгжрэл гэж жигтэйхэн, мөлхүүлж, мөлхүүлж уулзварын гэрлээр гарах гэж ядаж байхад замын цагдаа ирээд бүгдийг нь зогсоогоод түгжрэл дээр түгжрэл нэмчихнэ. Тэгж, тэгж нэг дарга нь яваад өнгөрнө. Нөгөө цагдаа баахан машин овооруулж хаячхаад яваад өгнө. Хууль сахиулагч хийх зүйлээ хийж, даргынхаа тав тухыг хангасан, тэгээд боллоо. Монголын хууль, хууль сахиулагчид үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр. Замын хөдөлгөөний дүрэм “Саарал ордны дарга нарт үл хамаарна.” Дашрамд хэлэхэд, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж замын хөдөлгөөнд оролцохдоо жирийн иргэдээ саатуулан байж, өөрсдөө чөлөөтэй зорчихоо больё гэсэн санаачлага гаргасанд бид их таатай ханддаг.


Энэ шог зурагт төр болон улс төрчдийн хүсэл зоригоор хөдөлж байдаг “ордны сэхээтнүүд” болох хуульчид, сэтгүүлчдийн аль, алиныг үзүүлжээ. “Ордны сэхээтэн” гэсэн нэр томьёог Мөррэй Ротбард Төрийн анатоми зохиолдоо анх хэрэглэсэн юм.


Х.Х: Түрүүнд философийн үүднээс хуульд хандах юм бол эргэлзмээр зүйл их байдаг гээд хэлээдэх шиг боллоо. Үүнийгээ дэлгэрүүлэн тайлбарлахгүй юү?

Б.Б: Ганц жишээ татахад, хууль нь түүнийг гаргаж буй хүмүүсийн дур зоргын хэрэг болчихжээ.

Х.Х: Жишээ нь?

Б.Б: Философи утгаараа нэг хүнд муу юм бүх хүнд муу, нэг хүнд сайн юм бүх хүнд сайн шүү дээ. Хүн гэдэг нэг л мөн чанартай амьтан. Бельги, холланд хүнд муу юм монгол хүнд сайн, тэдэнд сайн юм монгол хүнд муу байна гэж байхгүй. Энэ бол ойлгомжтой логик. Гэтэл тэнд зөвшөөрдөг зүйлийг манайд хорьдог. Нэг газар зөвшөөрөөд байхад нөгөө газар хорино гэдэг тэр хуулийг гаргасан хүмүүсийн дур зоргоос болж байгаа хэрэг. Аль нэг нь л зөв байж таарна, эсрэг тэсрэг зүйлс хоёулаа зэрэг зөв байна гэж байхгүй.

Х.Х: Тэгээд?

Б.Б: Нэг хэсэг хориглоод, тэр хориог нь зөрчсөн хүмүүсийг гэмт хэрэгт холбогдуулж, шорон гянданд хийгээд байсан нөгөө хуулиа гэнэт цуцалчихна. Жишээ нь, АНУ-д “Хуурай хуулийг” цуцалсан тохиолдол, мөн манайд байсхийгээд гаргадаг “Татварын өршөөлийн хууль” гээд. Тэгэх л байсан юм бол тэр хуулиар өч төчнөөн хүний амьдралыг яах гэж сүйтгэсэн юм бэ!!! Өчигдөр “болохгүй” гэж баахан хууль ярьж, сүржигнээд байсан зүйлээ өнөөдөр гэнэт зөвшөөрчихнө. Ер нь нэг л логикгүй. Татвар төлөөгүй, хэдэн тэрбум төгрөгийн татварын өртэй хүмүүс гэнэт цагаадчихаар, энэ хугацаанд хэдэн тэрбумаар татвар төлж байсан хүмүүс “дэмий л татвар төлж байж” гэж бодох нь зөв шүү дээ.

Бусад хүнд ямар ч гэм, хохирол учруулаагүй, зөвхөн өөртөө хамаатай зүйл хийсэн хүнийг бас шийтгэнэ. Түүнийгээ “хохирогчгүй гэмт хэрэг” хийсэн гэж буруутгана.

Х.Х: “Хохирогчгүй гэмт хэрэг” гэнэ үү? Ямар хачин нэр томьёо вэ?

Б.Б: Харин тийм ээ, бидний ойлголтоор гэмт хэрэг гэдэг бол хэн нэг хүн, байгууллагыг хохироосон, гэмтээсэн хүнийг хэлдэг. Гэтэл тийм зүйл хийгээгүй хүнийг хэрэгт хийхийн тулд хуульчид “хохирогчгүй гэмт хэрэг” гэсэн томьёоллыг бодож гаргасан юм шиг байгаа юм. Хэнийг ч хохироогоогүй байж, гэмт хэрэгтэн болчхож болох нь байна шүү дээ. Бодоод үз л дээ, хохирогчгүй атлаа гэмт хэрэг шүү!!! Бүр сүүлдээ нөгөө хуульчид чинь хэлэх үг нь олдохгүй болохоор “өөрөө өөрийгөө хохироосон” гэдэг юм. Тэгвэл би өөрийгөө цохиод авбал яах вэ? Болгоомжгүйгээсээ болж өөрийгөө нэлээд хүнд гэмтээвэл яах вэ? Бас өөрийгөө хохироосон гээд шийтгэх үү?


“Хуулийн дагуух бүх юм зөв байдаггүй.”        Р.У.Грант


Х.Х: Хохирогчгүй гэмт хэрэгт тооцогддог өөр ямар “гэмт хэрэг” байдаг юм бэ?

Б.Б: Энэ нэр томьёог мансууруулах бодис хэрэглэсэн, биеэ үнэлсэн хүмүүсийг хэрэгт хийхдээ ашигладаг юм, цаадуул чинь. Бид хүний эрхтэй холбоотой эл сэдвээр дараа нэлээд дэлгэрэнгүй ярина. Одоохондоо “бид бусад хүнд хор хөнөөл учруулахгүй бол хууль зөвшөөрөөгүй байсан ч хийнэ, харин хүнд хор хөнөөл учруулахаар бол хууль зөвшөөрсөн байсан ч хийхгүй” гэж л хэлье.

Х.Х: Эрх зүйн философид холбогдох ийм асуудлууд нэлээд сонирхолтой шүү. Надад бас нэг юм бодогддог юм. Хууль, ёс суртахуун хоёрын аль нь хүнд илүү нөлөөлдөг бол?

Б.Б: Энд би Францын их соён гэгээрүүлэгч, философич Гельвецийн үгийг эш татъя: “Хүнийг хүн болгож байдаг зүйл бол ёс суртахуун (хүн-ёс)”. Гитлер цэргүүдийнхээ хүн байх шинжийг алга хийж, хууль-дүрэм, тушаал зааврыг ёсчлон биелүүлдэг машин болгохын тулд “Би та нарыг ёс суртахуун, нэр төрөө бодох мэдрэмжээс чөлөөлж байна” гэсэн байдаг.

Х.Х: Энэ үгийг хүлээн зөвшөөрч буй хүмүүс бол өөрсдийн үйлдлийг хуулиар цагаатгагчид байх нь. Тэр хүн алж буй цэрэг “Би өөрийн улс-орны хуулийг биелүүлж байна”, “Намайг манай удирдагч бүх хорионоос чөлөөлсөн” гэх нь байна шүү дээ.

Б.Б: Харин тийм. Одоо ч гэсэн манай нийгэмд “Хуульчдын зааснаар явахад хэн ч, хэзээ ч буруудахгүй” гэх залуус байна. Тэд бараг л хуулиас өөр ном, ялангуяа чөлөөт сэтгэлгээний номыг бүү уншаарай гэх маягийн юм ярьдаг. Тэгвэл философийн үүднээс авч үзэх ахул хуулийн утга учир, амин сүнсийг ойлголгүй сохроор даган биелүүлэгч хүн-машин шиг хэрэггүй зүйл байдаггүй.

Х.Х: Хуулийн хүн-машин гэнэ үү, сайхан хэллээ. А.П.Чехов ийм хүмүүсийг “дугтуйтай хүн” гэсэн байдаг юм. Ийм хүмүүс өөрөөсөө ичнэ, айна гэж огт байхгүй болчихдог.

Ф.Достоевский нэгэнтээ “Бурхан гэж байхгүй бол хүмүүсийг юу ч хийхийг зөвшөөрсөнтэй адил” гэж хэлсэн. Тэгвэл зөвхөн хуулийг дээдэлдэг тэр хүмүүс “хуулиар хориглоогүй бол юуг ч хийж болно” гэх нь байна.

Б.Б: Нэмээд хэлэхэд, хууль байхгүй, хууль мэдэхгүй  учраас хүмүүс муу муухай зүйл хийгээд байгаа юм биш. Ихэнх хүн ёс суртахууны шаардлага гэдгийг ойлгодоггүй, тийм учраас ёс суртахуун яах вэ, гол нь хуулийн хувьд зөв юм шиг харагдах ёстой гэж боддог учраас муу муухай зүйл хийгээд байгаа юм.

Хүмүүс нийтээр шахуу “Миний буруу л даа, гэхдээ юу ч болсон шүүхдээд үзье, шүүгчийг хахуульдаад үзье” гэх болж. Хууль сахигч нөгөөх хүн маань бусдын эрхэнд халдаж болохгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ тэдний сайн мэддэг бас нэг зүйл бол “хуульд мэдэгдээгүй” бол юуг ч хийж болно. Уг нь, ингэх буруу л даа, гэхдээ хуульд буруу гэдгийг нь заагаагүй (заахаа мартчихсан ч) байх юм бил үү, тэгвэл бид зөвдөөд явчихна гэж боддог хүмүүс.

Ер нь хуулийнхан л гэмт хэрэгт хамгийн сайн бэлтгэгдсэн байдаг юм шиг санагддаг. Тэд хуулийн үг хэллэг, хуулийн цоорхойг хэрхэн ашиглах, хуулийн заалтыг юунд, яаж ашиглан мултрахыг сайн мэддэг. Жирийн төлөв, төвшин иргэний толгойд бол ийм ёрын бодол санаа хэзээ ч орж ирдэггүй.

Х.Х: Үнэн юм байна. Хуулийн хүн-машин болсон тэр хүн өөрөөсөө айна гэж байхгүй, ганц айдаг зүйл нь хууль. Гэтэл мань хүн хамгийн аймшигтай оюун санааны гэмт хэрэгтэн байж болох нь байна шүү дээ. Ө.х, оюун санаандаа өч төчнөөн гэмт хэрэг үйлдчихсэн байдаг: “Тэр муу намайг их шүүмжлээд байгаа юм, чадчих юм сан”, “энэ яасан их баяждаг золиг вэ, мөнгийг нь хулгайлаад хоосруулж орхилтой билээ” гэх мэт. Гэхдээ тэрээр “хуулийг дээдэлдэг хүн” учраас энэхүү нүгэлт бодлоо гадагш гаргаж, амьдрал дээр хэрэгжүүлж болохгүй гэдгийг сайн мэддэг. Үнэндээ, тэд “бололцоо” таарвал хүн алахаас ч сийхгүй этгээдүүд. Гэтэл хууль-ёс ноёлсон нийгэмд ийм хүмүүст (potential criminals-д) хариуцлага тооцох арга байдаггүй. Учир нь, хамгийн аймшигт бодол санаа агуулж байдаг ч, түүнийгээ хэрэгжүүлдэггүй.

Б.Б: Яг үнэн, ойлголцож байгаадаа таатай байна. “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэсэн үг байдаг даа. Юу гэсэн үг вэ гэвэл ёс суртахуунтай хүн хэзээ ч, хаана ч зөв үйлддэг, хууль мэдээгүй, хуулийнхан мэдэх аргагүй нөхцөлд ч буруу зүйл хийдэггүй гэсэн үг.

Х.Х: Хүн ер нь тэгээд ёс суртахууны амьтан юм уу, хуулийн амьтан юм уу?

Б.Б: Ихэнх хүмүүс “Хүн бол хуулийн ч амьтан, мөн ёс суртахууны ч амьтан” гэж хариулах биз. Үнэний хувь байнаа. Гэхдээ энд маргаан, мэтгэлцээний зорилгоор философи утгаар асуусан байх. Тэгэхээр ихэнх хүний өгдөг дээрх хариулт танин мэдэхүйн асуултад танин мэдэхүйн бус утгаар хариулсан хэрэг. Иймэрхүү нэгэн утгат хариулт шаардсан асуултад “аль, аль нь  мөн” гэсэн салаа утгатай хариулт өгч болдоггүйг сэтгэлгээний соёлтой бүх  хүн мэддэг. Үнэндээ, хүн амьдрал дээр энэ хоёрын аль нэгэнд нь илүүтэй  захирагдаж байдаг юм. Түүнээс биш хоёуланд нь яг адилхан (тавь, тавин  хувь) захирагдана гэж байдаггүй.

Х.Х: Ёс суртахуунтай нийгэмд хүмүүс бүх зүйлийг хуулиар баталгаажуулах гээд байдгаа больчихдог аж. Хуулиар бүх амьдралаа зохицуулна хэмээн бодож байгаа тэр хүмүүс бол ихээхэн эвдэрсэн субъектүүд юм байна. Тэд бүх зүйлийг хуулийн призмээр хардаг. Магадгүй, аваарт орсон аав, ээжийнх нь амь нас агшин бүрээр тоологдож байх мөчид хүртэл хөл хөдөлгөөнгүй зам дээр машинаа, улаан гэрэл дээр зогсоох нь байна! Хууль-ёсыг л зөрчихгүй бол хүн-ёс ч яамай гэх нь байна шүү дээ.

Б.Б: Цаадуул чинь эхнэр, хүүхэдтэйгээ хүртэл  хууль ярина. Хууль ёс ярьсан ийм гэр бүлд “хүн-ёс” гэж зүйл огт байхгүй болчихдог, тэд зөвхөн хуулиар олгогдсон эрхдээ л анхаарна. Айл гэрийн хамгийн нандин зүйл  болох хүн чанар, итгэлцэл, ёс суртахуун, нэгнийгээ ойлгож төрөлх инстинктээр нь  байлгах энэ бүхэн тэдний хувьд хамгийн “хачирхалтай”, хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл болж хувирдаг. Хуулиар амьдардаг ийм гэр бүл бол огт гэр бүл биш.

Х.Х: Түрүүнд, телевизээр гардаг танай “найз” бол ердөө хууль зөрчдөггүй хүн байна билээ шүү дээ. Тэр нөхөр авгай хүүхнүүдтэй нийлж, салахдаа дандаа хуулийн дагуу явсан байна. Гэхдээ нэг л өөдгүй хүн юм. Тэр найз чинь чамайг хэдэн төгрөг зээлүүлээч гэвэл өгөх үү?

Б.Б: Үгүй чиш. 10000 төгрөг зээлсэн ч адаглаад нэг гэрчтэй, 10%-ийн хүүтэй, нотариадаар батлуулж байж л зээлүүлэх байх. Тэр хүн хуулиас өөр юунд ч итгэхгүй. Хэрэв би түүнд “нэр төрөөрөө тангараглая” гэж хэлэх юм бол ёстой нөгөө хөх инээд нь хүрнэ гэгч болно. Энэ талаар ломбардын эзэн гэсэн үг. Нэр төр, итгэлцэл гэдэг бол угаасаа ёс суртахууны ойлголт, эдгээр нь байдаггүй учраас хууль гарч ирдэг юм чинь. Тэгэхээр мань эрийн хувьд нэр төр гэсэн ойлголт юу ч биш, хуулиар баталгаажуулж байж л зээлүүлбэл зээлүүлэх байх.

Х.Х: Гэхдээ ер нь нийгэмд буруу, зөвийг тогтоодог байгууллага, хүн, мэргэжил гарцаагүй хэрэгтэй. Хэн, юу үүнийг хийх юм бэ гэсэн асуулт гарна аа даа?

Б.Б: Ёс суртахуунтай нийгэмд бол хүн өөрийн буруу, зөвийг хуультай хуульгүй мэддэг. Тэдний ёс суртахуун хуулиас илүү хүчин чадалтай зүйл юм чинь. Либертари автор Д.Боаз хуульд биш ёс суртахуунд итгэх тухай өгүүлсэн байдаг: “Миний эцэг нэр төрөөрөө баталгаа хийж, зээл авдаг хүн байсан” гэж. Бас нэг жишээ татахад, Нобелийн шагналт философич, Францын нэрт экзистенциалист Ж.П.Сартр, нэрт феминист философич Симон де Боувар хоёр насаараа хамт амьдарсан бөгөөд хэзээ ч гэрлэлтийн баталгаатай болохыг хүсдэггүй байж. Энэ тухай яриа үүсэхэд “хуулийн баталгаа гэдэг чинь зүгээр нэг цаас шүү дээ” хэмээсэн байдаг.


Нобелийн шагналтан, философич Ж.П.Сартр, нэрт феминист философич Симон де Боувар


Х.Х: Ухамсартай, ёс суртахуунлаг иргэний хувьд хууль бол чөдөр тушаа, баглаас төдий зүйл юм байна л даа.

Б.Б: Эрх зүйн философитой холбоотой бас нэг сонирхолтой сэдэв байна.

Х.Х: Ямар?

Б.Б: Түрүүнд хүний ил, далд үйлдэл хэмээн ярьж байх үед санаанд орлоо. Хууль хүний үйлдлийн гадаад илрэл дээр үйлчилдэг. Дотроо ямар ч аймшигт хэрэг төлөвлөж байсан, яаж ч чаддаггүй. Ямар “чи тийм юм бодож байна” гээд шийтгэлтэй биш. Харин ёс суртахуун болохоор тийм зүйлийг бодож төлөвлөхийг ч хориглоно. Хууль хүний гадаад үйлдлийг хянана, харин ёс суртахуун хүний гадаад, дотоод талыг хоёуланг хянана. Ө.х, ёс суртахуун нь хүмүүсийг дотоод оюун санаандаа ч тийм нүгэлт бодол агуулахыг зөвшөөрдөггүй гэсэн үг. Ёс суртахууны ийм бат итгэл үнэмшилтэй хүнийг хууль, эрх мэдэл, мөнгөний аль нь ч дийлэхгүй, ганцхан ёс суртахуун нь л (дотоод итгэл үнэмшил нь) дийлнэ. Ёс суртахууны хүчтэй тал гэдэг бол ердөө л энэ.

Х.Х: Хуульчид болохоор хэтэрхий ил, эмпирик зүйл дээр ажилладаг юм байна л даа!

Б.Б: Тийм шүү, тийм ч учраас тэдний хийсвэрлэхүй нь бага хөгжиж, зөвхөн баримтыг шүтэх гээд байдаг талтай. Хүний дотоод ертөнц, философийн асуудал тэдний хувьд даан ч ойлгох аргагүй зүйлс. Өөрөөсөө айх, өөрөөсөө ичих, өөрийгөө шийтгэх гэдэг бол хуулийн хувьд хэтэрхий “мета”, трансценденталь зүйл л дээ.

Х.Х: Чинийхээр сайн хуульч гэж ямар хуульчийг хэлэх вэ?

Б.Б: Хууль мэднэ гэдэг бол түүнийг үг, үсэгчлэн цээжлэх явдал биш, утга санаа, цаад логикийг нь мэддэг байх явдал юм шиг байгаа юм. Ийм хүн хуулийг сохроор дагахгүй, харин шүүмжлэлтэй хандаж чаддаг. Тэгэхээр тийм хүнийг л би сайн хуульч гэнэ.

Х.Х: Тэгвэл ёс суртахуун гэж юу юм бэ?

Б.Б: Энэ асуулттай олонтаа таарч байлаа. Одоо хамгийн энгийнээр тайлбарлах гэж оролдъё. Наад зах нь хуулиас биш  өөрөөсөө айдаг хүн бол ёс суртахуунтай хүн. “Өөрөөсөө айна гэж юу гэсэн үг юм,  би өөрийгөө яах ч үгүй шүү дээ, бас хийсэн хэргээ хэнд ч хэлэхгүй” гэсэн бодолтой байвал болохоо болиод явчихж байгаа юм.

Хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийх чадвараас тэр хүний ёс суртахуун их харагддаг. Чоно янзага барьж идчихээд гэмшинэ гэж байхгүй. Учир нь тэр бол чоно. Адгийн  алуурчид хэдхэн төгрөгний төлөө ядарсан нэгнийг алчхаад гэмшинэ гэж үгүй, учир нь тэр бас л чоно. Туслах бололцоотой байсан хэрнээ багын найздаа  туслахгүй, тэгсэн хэрнээ гэмшдэггүй хүн байх, тэрээр бас л чонорхуу болж байгаа нь тэр. Гэтэл хэвийн ёс суртахуунтай хүн яадаг вэ гэхээр гудамжинд ядарсан нэгэнд туслах бололцоотой байсан хэрнээ туслахгүй өнгөрчхөөд (жишээ нь, хүүхдээ дагуулсан гуйлгачин эмэгтэйд 500 төгрөг өгчихлөө гэхэд надаас юу ч хорохгүй байсан гэсэн бодолдоо) ядахад, нэг цаг ч гэсэн шаналж байвал “хүн” болж байгаа нь тэр.

Гэтэл жигшмээр увайгүй үйлдэлдээ огтхон ч шаналдаггүй хүмүүс байх, “хууль л зөрчихгүй бол боллоо” гэсэн мөнөөх олхиогүй бодолтой тэр хүмүүс хамгийн аймшигтай. Тэгэхээр Гельвецийн хэлснээр “хүнийг хүн  болгож байдаг зүйл ёс суртахуун” юм бол  “хүнийг хүн биш болгож байдаг зүйл  бол хууль”. Би дээрх жишээг гуйлгачин сэтгэлгээ, залхуу хойрго байдлыг дэмждэг  учраас хэлж байгаа юм биш. Гэхдээ өөрөө хэдий буруугүй байсан ч “амьдралын  арга эв” олдохгүй үе байдаг шиг санагддаг.

Ёс суртахуунгүйчүүд нэгэнт ёс суртахуунгүй учраас энд яриад буй зүйлийг ойлгоход үнэхээр хэцүү л дээ (Та бүхэн “совесть” гэдэг орос үгийг монгол хэл уруу орчуулж болдоггүй, учир нь монгол хүнд угаасаа совесть байдаггүй, тэгэхээр байхгүй зүйлийг тэмдэглэсэн үг байдаггүй гэсэн яриаг сонссон байх).

Х.Х: Ерөнхийдөө бууж л байна. Гэхдээ арай өөр талаас нь тайлбарлахгүй юү?

Б.Б: Сайн, муу, нүгэл, буян гэдэг бол ямар ч нийгмийн үед бараг априори ойлголт. Гэтэл нөгөөх коммунистууд маань өнгөрсөн 70 жилд (1921-90 онд) бүх юмыг гуйвуулж өөрчилдгөөрөө өөрчилж, сайныг муу, мууг сайн, нүглийг буян, буяныг нүгэл болгож орхисон. Тэднийхээр алдаж оносон эцэг, эхээ хууль, цагдаад очиж хэлсэн “морозовчууд” бол өөрөө өөрийгөө ялсан сайн үйлстнүүд. Гэтэл энэ нь ёс суртахуунлаг хүний  хувьд гэмшсэнээсээ болж бараг амиа хорлом үйлдэл шүү дээ. Ер нь ёс суртахууны хувьд өөрийгөө ялна гэж байдаггүй юм. Хэрэв өөрийн гэмших сэтгэлийг ялах юм бол ямар ч юм хийхээс гудихгүй, хийсэн хойноо юу ч болоогүй юм шиг зогсож байдаг, эгээ л нөгөө хүн-чоно болж байна гэсэн үг.

Түүхэн уламжлал, зан заншлаараа ёс суртахуунаа бий болгож чадсан ард түмэн  хүмүүнлэг байж чаддаг. Гэтэл бидний ёс суртахууны чин эрмэлзэл, норм (хэм хэмжээ, “табу”) үргэлж буруу байдаг. Жишээ нь, “Тунгалаг Тамир”-ын Эрдэнийг бид хамгийн сайн хүнээр  төсөөлдөг. Гэтэл Эрдэнэ ногдсон “албан” үүргээ биелүүлэхийн тулд өөрт нь хайртай хүний (Гэрэлийн) хайр сэтгэлийг далимдуулан, үхэл уруу түлхэхээс сийхгүй нэгэн байсан. Эхнэр Долгортоо болон Буян чавганцад гаргасан зан ааш нь ч ёс суртахууны үүднээс авч үзэх юм бол тийм хүн чанартай хүний үйлдэл биш. Өөр жишээ: газраас олсон тоглоом,  барьсан нэг загаснаас болж ахан дүүсийн хооронд үргэлж шахуу гарч  байдаг маргаанаас болж, эх нэгтэй дүүгээ харваад алчхаж байгаа хүн (Чингис хаан) тийм сайн хүн гэж үү дээ. Бид өөрсдөө ёс суртахуунгүй учраас ийм увайгүй үйлдлийн увайгүй болохыг олж хардаггүй.

Х.Х: Нээрэн, ингээд бодохоор Эрдэнэ, Чингис хааныг бид ёс зүйн призмээр хардаггүй юм байна шүү. Бид ер нь өөрсдөөсөө эрх мэдэлтэй юм уу баян хүний үйлдлийг шүүмжилж чаддаггүй л дээ.

Тэгээд ч өөрөөсөө айх, өөрөөсөө ичих гээд чиний яриад буй зүйлс ёс суртахуунгүй нийгэмд ойлгогдох зүйлс биш байх. Одоо ихэнх хүмүүс “миний ийм зүйл хийснийг өөр хүн мэдэх биш”, тэр тусмаа “хуулийнханд баригдаагүй юм чинь” хэмээн бодох болж. Өөрөөсөө айх, ичих гэж юу яриад байгаа юм, би ямар өөрийгөө бариад өгөх юм биш гэсэн бодолтой байна.

Б.Б: Чамтай 100% санал нэг байна. Хуульчид хэргийн баримтыг, философичид хүний экзистенцийг шүтдэг. Тэгэхээр хуульчид Ф.Достоевскийн Ах дүү Карамзовынхон-ыг уншвал ёстой будилж гүйцэх байх. Тэдний хувьд Раскольников (Достоевскийн Гэм зэм), Мийрсольт (А.Камюгийн Хачин хүн) нарын алуурчин гэдэг нь тодорхой гэхэд хэтэрхий тодорхой. Гэтэл Раскольников, Мийрсольт, Митя нар шиг хүмүүсийг хуулиар шийтгэдэггүй юм. Тэд ч тийм шийтгэлээс айхгүй.

Х.Х: Чи нэг өгүүлэлдээ хууль зөрчсөн нэгэн этгээдийг уучлахаас өөр аргагүй нөхцөл байдлын тухай өгүүлсэн санагдана.

Б.Б: Тэр кэйсийг бараг бүх хүн мэддэг юм. Дахиад ярья. Охиндоо ухаангүй хайртай нэгэн байж. Гэтэл охин нь маш хүндээр өвджээ. Охиныг аврах эмийн үнэ түүний санхүүгийн бололцооноос хэтийджээ. Тэр эм, эмийн санд, бүр шилэн хоргоных нь цаана нүдний өмнө байгаад байдаг. Яг одоо л тэр эмийг өгөхгүй бол охин нь гарцаагүй үхнэ. Гэтэл мөнгө байдаггүй. Тэгээд, тэр шилэн хоргыг хагалан хулгай хийхдээ хууль-ёсыг зөрчиж байна гэдгээ мэдэх боловч хүн-ёсыг зөрчөөгүй гэдгээ бас мэднэ.

Эрхийн философитой оронд иймэрхүү тохиолдлыг хэлэлцэж, хуульдаа ёс суртахууныг харгалзсан өөрчлөлт хийдэг. Харин Монголын шүүх дээр хэрэгт холбогдогч ийм юм яривал шүүгч нь уурлаж, “яасан их философиддог нөхөр вэ, шанд нь энэ таван жилийг нэмээд ав” гэх байлгүй.

Х.Х: Надад хууль, ёс суртахуун хоёр харилцан нөлөөлж байх ёстой юм шиг санагдлаа.

Б.Б: Тийм ээ, хууль нь ёс суртахуунаа харгалздаг байх ёстой. АНУ-д “тангарагтны шүүх” гэж байдаг. Энэ бол хуулийн боловсрол, мэдлэггүй атлаа шүүх дээр хамгийн гол шийдвэр гаргадаг хүмүүсээс бүрдсэн институти юм. Шударга зан чанартай тэр хүмүүс яллагдагчийн буруутай эсвэл буруугүй болохыг шийдвэрлэх бөгөөд шүүх тэр шийдвэрийг хуулийн өмнөөс хэлбэржүүлнэ. Энэ бол хууль нь ёс суртахуундаа захирагдаж байгаагийн илрэл юм.

Х.Х: Хууль, ёс суртахуун хоёрын төстэй болон ялгаат тал юу вэ? Энэ хоёр зөрчилдсөн тохиолдолд хүн алиныг нь баримтлах ёстой вэ?

Б.Б: Энэ хоёр, хоёул хүн-нийгмийн харилцааг зохицуулдаг. Үүгээрээ төстэй. Харин ялгаатай тал нь гэвэл хууль хүчээр дагуулдаг бол ёс суртахуун итгэл үнэмшлээрээ дагахыг шаарддаг.

Х.Х: Чи өөрөө алиныг нь барьдаг вэ?

Б.Б: Ёс суртахуунаа барих тал нь давамгайлна.

Х.Х: Гэхдээ хуулийн эцсийн зорилго нийгэмд эмх журам тогтоох явдал. Үүнд муу юм байхгүй биз дээ?

Б.Б: Муу гэсэн ч юм алга. Гэхдээ Хойд Солонгос шиг ийм хэт гэмээр, хувь хүнийг дарангуйлсан, аймшигтай эмх журам байвал ямар вэ? Диктатурт улс-оронд л хамгаас хатуу хууль, маш чанга эмх журам ноёрхдог юм. Үүнийг хүн төрөлхтний саяхны түүх болох фашист Герман, коммунист Зөвлөлтийн түүх харуулсан шүү дээ. Ер нь тэгээд, хуулийн тогтоосон эмх журам албадлага дээр тулгуурладаг бол аяндаа тогтсон эмх журам (spontaneous order) хүмүүсийн сайн дурын зөвшөөрөл дээр тулгуурладаг.

Х.Х: Spontaneous order гээд нэг шинэ нэр томьёо гараад ирлээ. Монголоор хэлж болдоггүй юм уу?

Б.Б: Эдийн засгийн сэдвээр ярих үедээ илүү тодорхой ярилцъя. Одоохондоо энэ үгийг “аяндаа тогтсон эмх журам” юм уу “тулган хүлээлгээгүй эмх журам” хэмээн орчуулж болно гээд орхизноё.

Х.Х: Хүмүүс чамаас “Яагаад хуульд харшилтай (анти) ханддаг юм бэ?” гэж асуувал юу гэж хариулах вэ?

Б.Б: Хууль шиг хуультай бол таатай хандалгүй яах вэ. Даан ч хуулийг төрд байгаа хүмүүс, улс төрчид өөрсдийн зэвсэг болгон ашигладагт либертари үзэлтнүүд таагүй ханддаг юм. Тэд зүй бус (unjust) хууль гаргаж аваад, түүнийгээ ард түмний нуруун дээр тохчихсон эмээл шиг санаж байна. Манайд хууль иргэддээ биш төрд үйлчилж, улс төрчдийн хүслийг гүйцэлдүүлэгч багаж хэрэгсэл болоод байна. Засаглалд байдаг хүн элдэв хууль дүрэм, журам тогтоол дурдаж, хүний ажилд гох дэгээ тавьдаг. Энэ нь албан тушаалаа үнэд оруулах, орлого олох (авилга авах) нэг эх сурвалж болж байна. Ийм нөхцөлд бид төрсөн аав, хүү хоёр шиг болсон төр, хууль гэсэн үзэгдлүүдэд үргэлж шүүмжлэлтэй хандсаар байх болно.

Х.Х: Би ТВ-ээр “Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна”, “Би зөвхөн хуулийг л дээдэлнэ” хэмээн түрүүний эрхэм шиг ярьж буй эрх мэдэлтнүүдийг олонтаа харсан даа. Энэ нь худал болох нь ээ?

Б.Б: Ярьж буй зүйл нь худал гэдэг нь тэдний үйлдлээс харагддаг. Тэд хэрэгцээ тохиолдвол уг хуулиа уландаа гишгэнэ гэдгээ ч мэдэж байгаа. Улс төрчдийн ихэнх нь “арьсаа хамгаалахын тулд” өөртөө хэрэгтэй цаг үе, нөхцөл байдалд сүржин илэрхийллийг чадамгай ашигладаг шүү дээ.

Х.Х: Хуулийн талаар ярьж байгаа юм чинь одоо Монголд явагдаж буй шүүх, хуулийн салбрын шинэчлэлийн талаар санаа бодлыг чинь сонсоод яриагаа төгсгөе дөө.

Б.Б: Хий эргээд байна. Хий эргэж буй дугуйны ашигт үйлийн коэффициент бага байж таарна. Ажил хийж буй тохиолдолд үр дүнд нь анхаарах хэрэгтэй. Үр дүн гарахгүй юм бол ажил хийсэн нэр зүүж, мөнгө үрээд яахав.


Эхний яриа: Нэгэн “хачин жигтэй” үзлийн тухай

Хоёр дахь яриа: Төр бага бол зардал бага

Гурав дахь яриа: Хууль хэрхэн гууль болдог вэ?

Дөрөв дэх яриа: Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!

Тав дахь яриа: Хувийн өмч vs улсын өмч

Зургаа дахь яриа: Олонхийн дарангуйллын эсрэг хувь хүн

Долоо дахь яриа: Амиа бодоход учир бий

Найм дахь яриа: Намайг хэн мэдэх ёстой вэ, төр үү эсвэл би өөрөө юү?

Ес дэх яриа: Эрх чөлөө, эрхийн талаарх өмнөх сэдвээ үргэлжлүүлье

Арав дахь яриа: Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг

Арваннэг дэх яриа: Эс сонголт нь өөрөө сонголт мөн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж