Удахгүй Улаанбаатар хотыг утаа бүрхэнэ. Эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр авч байх үед олсон орлогоо гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд зарцуулсан бол хэчнээн нэмэртэй байх билээ. Ниргэсэн хойно нь хашгирна гэгчээр одоо л монголчууд газар дэвсэлж, хэчнээн мянган орон сууц барьж болох мөнгийг иргэн бүртээ тараасныг шогширч, халаглаж сууна. Одоо алдаагаа засъя гэвч нэгэнтээ оройтсон. Тэрхүү оргил үеийн цикл ойрын 2-3 жилдээ эргэж ирэх төлөв алга. Гэхдээ амьдрал үргэлжлэх ёстой, боломжит нөхцөлөө дайчилаад зүтгэх ёстой. Боломж байна уу гэвэл байна.
Тавантолгой төслийг гацаасан гэх муу нэр зүүгээд удаж байгаа УИХ-ын хувьд ямар золоор өнгөрсөн хавар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталсан юм бол оо?. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас өнгөрсөн сард уг хуулийг хэлэлцэн, татварыг 1 хувь байхаар тогтоож өгсөн. Жилдээ энэ төрлийн татвараас нийслэлийн төсөвт 13-14 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо бий. Уг хөрөнгийг нийслэлийн төсвийн цоорхой нөхөхөд ашиглахгүй, зөвхөн иргэнд хэрэгтэй бүтээн байгуулалтад зарцуулна. Учир нь УИХ-аас хууль батлахдаа зориулалтыг нь тусгайлан зааж өгсөн. Тодруулбал, аялал жуулчлалыг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэхэд нийслэл хотын албан татварыг зарцуулна гэж… Гэвч сонгууль дөхсөнийх үү, нийслэл хотын татварыг иргэн бүр төлөх юм шиг, түүнээс болж иргэд хэтэвчээ гөвөх юм шиг сөрөг PR хүчээ авах шинжтэй. Уучлаарай, энэ бол хол явахгүй, богино зайны улс төр.
Эдийн засаг хүнд байгаа нь үнэн, гэхдээ иргэн худалдан авсан тамхиндаа 30 төгрөгийн татвар нэмж төллөө гээд халаасаа сэгсэрчихгүй, бас хямарчихгүй. Энэ татвар архи, тамхи худалдан авсан иргэн, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэнд л хамаарна. Хуульд зааснаар дөрвөн төрлийн үйлчилгээ, хоёр төрлийн бүтээгдэхүүнд л хамаарна. Энэ нь зочид буудал, баар, ресторан, амралтын газар, архи, тамхи худалдан авсан иргэнд хамаарна гэсэн үг. Жишээ нь 3000 төгрөгийн үнэтэй тамхи худалдан авахад 1 хувийн татвар нэмэгдэж, 3030 төгрөг болно. Нэг ёсны 30 төгрөг нь нийслэл хотын татвар болж хуримтлагдах юм. Тамхи бол иргэн бүрийн хэрэглээ биш. Ресторан, баар, амралтын газруудаар ч иргэн бүр өдөр тутам үйлчлүүлээд байдаггүй. Дээр нь цайны газар, ресторан хоёрыг ялгаж салгаж ойлгох ёстой. Ресторан нь дээд зэрэглэлийн стандарт хангасан байх шаардлага тавигддаг. Түүгээр тодорхой хэсэг л үйлчлүүлдэг. Харин нийслэлийн иргэдийн олонхи хувь үйлчлүүлдэг цайны газарт нийслэл хотын албан татварын хууль үйлчлэхгүй.
Уг нь УИХ-аас нэлээд хэдэн жилийн өмнө ийм хууль баталчихсан бол хэчнээн хүүхэд сургуультай, цэцэрлэгтэй болчихсон байх байсан бол оо. Ингэж бодохоор МАН Засгийн эрхийг барьж байсан жилүүд, мөн хотыг удирдаж байсан он жилүүдэд халаглал төрөх. Асар их боломж, цаг хугацааг алдсан байна шүү дээ.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчилж чадаагүйгээс өнөөдөр бид өмхий хотод амьдарч байна. Хүүхдээ цэвэр агаарт гаргах боломж үнэндээ алга. Нийслэлийн баруун захад байдаг төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр Чингисийн талбайн орчимд ч ханхийж л байгаа шүү дээ.
Зээл аваад амины орон сууц баръя гэхэд дэд бүтэц тавигдаагүй байна. Жил бүрийн намар сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүйгээс эцэг, эхчүүд хэдэн өдрөөр дугаарлаж зогсож байна. Энэ бол алдагдсан боломж. Одоо харин хямралтай үед үүн шиг иргэдэд дарамт болохгүйгээр төвлөрөх орлого юу байна вэ гэдгийг олох гээд үзээрэй, олдохгүй. Үүнийг улс төржүүлж, популизм хийх хэрэггүй.
Иргэн 30 төгрөг төллөө гээд хямарчихгүй, энэ улс орон сүйрчихгүй. Тэгэхээр нийслэл хотын албан татвараар “шоу” хийж “цэцэрхэх”-ийнхээ оронд улирал тутамд авдаг 20 сая төгрөгийнхөө урамшууллаас татгалзчих. Хэн хамгийн эхэлж урамшууллаасаа татгалзаж чадсан нь оноо авна. Хямралын үед үүн шиг үр ашиггүй зардал алга.
Г.ХОРОЛ