Зепп Блаттер: Хөлбөмбөг бол бизнесийн хэрэглүүр биш

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Зепп Блаттер: Хөлбөмбөг бол бизнесийн хэрэглүүр биш

ЗЭПП БЛАТТЕР: ХӨЛБӨМБӨГ БОЛ ХЭН ДУРТАЙ ХҮНИЙ
БИЗНЕСИЙН ХЭРЭГЛҮҮР БИШ

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүний төлөө  өрсөлдөж байсан Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн, Катар улсын иргэн Мохамед Бин Хаммам нэрээ гэнэт татсан билээ.  Түүнийг энэ оны тавдугаар сард Карибын тэнгисийн 25 орны төлөөлөгчдөд тус бүр 40 мянган ам.долларын хахууль өгсөн гэдгийг нотолсон юм. Тийм учраас ОУХБХ-ны ерөнхийлөгч, Швейцарь улсын иргэн Зэпп Блаттер энэ албанд улиран сонгогдсон билээ. Тэрбээр  CNN агентлагт  сонирхолтой ярилцлага  өгчээ. 

-Та ОУХБХ-ны тэргүүнээр дахин дөрвөн жил ажиллахаар боллоо. Өөрийгөө хөлбөмбөгийн хөгжилд чухал хүн гэж яагаад тооцох болсноо тайлбарлана уу?

-Би энэ байгууллагад ажиллаад  нэлээд  удаж байна. Хөлбөмбөгийн  хөгжилд миний оролцоо зайлшгүй хэрэгтэйг нотлох хэд хэдэн хүчин зүйл бий. Би юу гэх гээд байна  гэвэл, өнгөрсөн хугацаанд хүмүүс хөлбөмбөгийг зүгээр л үздэг байсан. Өнөөдрийх шиг их хэмжээний бооцоо тавьж, энэ их мөнгөний урсгалыг давалгаалуулж байгаагүй. Үүнд л хамаг учир бий. Харин тэрхүү мөнгөний давалгааг зохицуулах газар нь манай байгууллага. Миний мэдэхийн ОУХБХ бохир мөнгөтэй хутгалдаагүй. Бүхнийг хөлбөмбөгийн хөгжилд зориулж чадаж байна. Тиймээс “ Хөлбөмбөг бол дэлхийн ¹1 спорт” гэдэг нэр томъёо надтай бага зэрэг холбоотой гэж боддог. Бид аль болох урагшаа л тэмүүлэх хэрэгтэй. Сонгуультай холбоотой бүх асуудлыг мартах хэрэгтэй.

-Гэвч таны гавьяа Мохаммед Бин Хаммамын үйлдлээр эцэс болох тун дөхлөө шүү дээ?

-Тийм ээ, хүмүүс түүнийг дэмжиж байсан. Гэхдээ би бэлэн байсан. Түүнийг ялалт байгууллахын төлөө бусдад хахууль өгсөн нь нотлогдох хүртэл шүү дээ. Би энд нэг л зүйл хэлмээр байна. Энэ спортыг цэвэр ариунаар нь хөгжүүлэхийн төлөө боломжтой бүх арга хэмжээг авах нь бидний эрхэм үүрэг. Тийм учраас ОУХБХ-ны ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөөд ялна гэдэг бол нэр хүндийн хэрэг. Ер нь манай байгууллага маш өндөр түвшинд онцгой үйл ажиллагаа явуулдаг учраас гишүүд нь тэргүүнийхээ нэгэн адил маш том хариуцлага хүлээдэг.

-Та хөлбөмбөгийн хөгжил гэж ярьж байна. Энэ талаар яг ямар зо­хицуу­лалт хийж байгаа юм бэ. Тодруулбал, мөнгөний талаар?

-Дэлхий нийт хөлбөмбөгөөр холбогдож байна. Өөрөөр хэлбэл, тив, улс, хот, дүүрэг гэх мэт олон салаа бий. Нийгмийн чиглэлээр хөлбөмбөгийн арга хэмжээ, санхүүгийн туслалцаа, ивээн тэтгэлэг гэх мэт маш олон төрлийн үйл ажиллагааг манай байгууллага зохион байгуулдаг. Энэ бүхний гол түлхүүр нь хэзээ хаана хэнийг яаж дэмжих гэх мэт олон асуултад зөв хариулах явдал байдаг. Бид аль санхүүгийн бүхий л асуудлыг  шийдвэрлэж өгөхийг эрмэлздэг.  Гэхдээ хамгийн чухал нэг нь ОУХБХ-ны нэр хүндийн асуудал болоод байна. Үүнийг бид шийдвэрлэх хэрэгтэй. Увайгүй хүмүүсийн балгаар манай байгууллагын нэр хүнд уначихлаа шүү дээ.

-Дэлхий нийт энэ талаар мэдэж байгаа. Харин таны өрсөлдөгч нэрээ татаж, мөнгөн торгууль төлөн, одоо арга хэмжээ авахууллаа. Гэхдээ та хоёр найзууд байх аа?

-Тийм л дээ. Бид найзууд. Гэхдээ найзууд нэгэн зүгт явдаг. Гэтэл бид хоёрын ашиг сонирхол, ирээдүйн зорилго өөр байж.

-Танай байгууллага бол нэгэн гэр бүл. Гэхдээ та найзыгаа энэ гэр бүлдээ оруулалгүй хаалгаа хаасан. Харин Хаммам “ОУХБХ-г цэвэрлэх болно. Энэ байгууллагад шударга ёс алга” гэж мэдэгдсэн?

-Энэ асуудал маш энгийн.    Хэрвээ танай гэр бүлд хэрүүл мар­гаан гарсан бол та нар гадагш нь мэдэгдэхгүй дотроо л хадгалахыг хичээнэ. Үүнтэй л адил. Түүнээс биш “Манай гэр бүлийн ийм байна. Тийм байна” гэж хэн ч хэлэхгүй.

-Гэхдээ Мохамед Бин Хам­мамыг олон түмэн дэмжиж байгаа нь анзаарагдсан шүү дээ?

-Тэрбээр “Хөлбөмбөгийн цуна­ми” гэснээрээ юуг хэлэх гээд байгааг сайн ойлгохгүй байгаа. Энэ бол зүгээр л шалтаг. Түүнд өөр ямар нэгэн гарц байхгүй болоод л тэгж хэлсэн байх. Би ингэж л дүгнэж байна.

-Цаашдын үйл ажилла­гааныхаа талаар та товчхон тайлбар өгөхгүй юү?

-Би яг ингэнэ, тэгнэ гэж хэлэх болоогүй байна. Ямар ч байсан шударга, олон нийтэд хүртээлтэй, хөлбөмбөгийг хайрлаж, хүндэлсэн тийм л арга барилыг баримталж ажиллахаа амлаж байна. ОУХБХ бол хэн дуртай хүний мөнгө, бизнесийн хэрэгсэл биш гэдгийг ойлгоорой. Учир нь энэ бол дэлхийн ¹1 спорт.

Б.БААТАР

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж