Ахмадын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Ахмадын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ


Грекийн Афины хотноо аравдугаар сарын 13-18-ны өдрүүдэд чөлөөт бөх, сонгомол барилдааны Ахмадын ХVII дахь удаагийн ДАШТ болж байна.

Австри, Азербайжан, АНУ, Армян, Беларусь, Бельги, Болгар, Грек, Гүрж, Ирак, Иран, Итали, Казахстан, Латви, Молдав, Монгол, ОХУ, ӨАБНУ, Польш, Серб, Словак, Турк, Узбек, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Хорват, Энэтхэг, Эстони зэрэг дөч гаруй орны ахмад бөхчүүд оролцож буй тус тэмцээн 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жингүүдэд A, B, C,D, E, F, G насны ангиллиар явагдаж байна.

Ахмадын ДАШТ-ий хөтөлбөрт анх удаа эмэгтэй чөлөөт бөхийн төрөл багтаж, энэ удаа 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдэд тамирчид хүч үзэж байна.


35-аас дээш насны тамирчид өрсөлддөг Ахмадын ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн В буюу 41-45 насны ангилалд 58 кг-ын жинд Төмөрбатын Батнасан нэгдүгээр тойрогт Японы бөх Кусуки Асакавад 0:6 онооны харьцаагаар ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Ерсин Басарыг 10:2 онооны харьцаагаар ялжээ.

В ангиллын 130 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Ш.Баянмөнх нэгдүгээр тойрогт Ираны бөх Мохаммад Эбрахими Акбарпурид 0:11 онооны харьцаагаар хожигдож, дагах барилдаанд Туркийн бөх Миктад Биберийг 5:1, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөх Георге Портерийг 4:2 онооны харьцаагаар ялж, медаль хүртсэн байна.

АХМАДЫН ДАШТ-ИЙ НАСНЫ АНГИЛАЛ:

  • A – 35-40 насны ангилал
  • B – 41-45 насны ангилал
  • C – 46-50 насны ангилал
  • D – 51-55 насны ангилал
  • E – 56-60 насны ангилал
  • F – 61-65 насны ангилал
  • G – 66-70 насны ангилал


Бэлтгэсэн Д.ӨЛГИЙСАЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж