
-Өнгөрсөн долоо хоногт дизель түлшний хангалт сэргэж галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээсэн гэж мэдээлж байсан. Яагаад дахин хязгаарлалт хийх болов?
-“Улаанбаатар Төмөр зам” дизель түлшээр хомсдсон хэвээр байна. Өнөөдрийн байдлаар гуравхан хоногийн нөөцтэй байгаа. Тийм учраас буцаад хязгаарлалтын горимд шилжихээс өөр аргагүй байдал үүсээд байгаа юм.
-Хязгаарлалтын горимд шилжсэнээр галт тэрэгний хөдөлгөөнд өөрчлөлт орно гэж ойлгож болох уу?
-Хамгийн түрүүн зорчигчдын галт тэрэг, хүнсний галт тэрэг гэх байдлаар хязгаарлалтыг хийнэ. Сүүлийн үед Замын-Үүдээс явж байгаа зорчигчдын урсгал их байгаа учир нэмэлт галт тэргийг явуулах шаардлага гарч байна. Харин зорчигчдын урсгал бага Улаанбаатар-Зүүнхараагийн галт тэргийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан.
-Тэгэхээр хэзээ хязгаарлалтаа зогсоох нь тодорхойгүй гэсэн үг үү?
-Хязгаарлалт хэзээ дуусахыг сайн хэлж мэдэхгүй байна.Өнөөдрөөс Улаанбаатар-Зүүнхараагийн чиглэлийн 281, 282-р галт тэргийг зогсоох шийдвэр гарсан. Бямба, ням гаригаас бусад ажлын өдрүүдэд Зүүнхараагийн чиглэлд галт тэрэг явахгүй. Сэлэнгийн чиглэлд зөвхөн оройны галт тэрэг л явна.
-Өмнө нь тээврийн галт тэрэгт бас хязгаарлалт хийсэн гэсэн?
-Урьд нь энэ сарын 3 хүртэл хязгаарлалт хийж, хэвийн горимд нь оруулсан ч дизель түлшний хангалт сайжрахгүй байгаа учраас дахин хязгаарлалт хийхээс өөр аргагүй боллоо.
-ОХУ-аас 193 вагон дизель түлш орж ирсэн цаашид ч орж ирнэ гэдэг мэдээлэл байгаа энэ нь галт тэрэгний үйл ажиллагааг хэвийн явуулахад нөлөөлөх үү?
-Дизель түлж орж ирлээ гээд төмөр замд хуваарилагдахгүй л байна шүү дээ.