Замын-үүдийн баахан ”болдоггүй”

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Замын-үүдийн баахан ”болдоггүй”

Ертөнцийн гурван бол­доггүй гэж байдаг даа. Харин Замын-Үүдэд гурав байтугай, бөөн “болдоггүй” байдаг юм биш үү, бодоод байсан чинь. Урд хилээр нэвтэрч байгаа хүн бүрээс 1000 төгрөг хурааж эхлээд арван сар өнгөрсөн. Замын-Үүдийг хөгжүүлэх гэж ингэж байгаа юм гэнэ. Уг нь  арван сар гэдэг хэвлийдээ байгаа хүүхэд хүн болчихоор хугацаа. Харин нөгөө муу Замын-Үүд чинь “хүн” болдоггүй ээ. Бахь байдгаараа л. Ингээд Замын-Үүдийн нэг “болдоггүй” нь тэр.

Монголчууд урд хөршид үйлдвэрлэсэн бараагаар аж амьдралаа зохицуулдаг. Тийм учраас хилээр олон хүн гарч, орох нь дамжиггүй.  Өдөрт дунджаар 3000-5000 хүн зорчдог гэсэн үг. Үүнээс улбаалаад “Замын-Үүдийг хөгжүүлэх сан”-д өдөрт дор хаяж гурван сая төгрөг цугладаг бололтой юм. Ганцхан өдөрт шүү. Энэ бол шороо шуурсан газарт ядаж мод тарьж, зүлэг ургуулахад хангалттай хүрэх мөнгө. Хавар ч боллоо. Гэтэл ямар ч өөрчлөлт гарсангүй. Энэ хоёр дахь “болдоггүй” нь. Хилээр гарч байгаа хүмүүс энэ бүхнийг харж байгаа юм болохоор тэсэхгүй уурлаж мөнгөө өгөхгүй гэж үзнэ. Тэгэнгүүт байцаагч нар “Та нар хилээр гарч болохгүй” гээд  яарч сандарч яваа хүмүүсийн хөлийг хорьчихно. Энэ бол гурав дахь нь. Ингээд л хүмүүс 1000 төгрөгөө өгөхгүй бол болдоггүй.

За тэгээд, цаашаа зөн­дөө олон “болдоггүй” бий. Тэр санд хуримтлагдаж байгаа мөнгөөр юу хийж байгааг хянаж болдоггүй. Яагаад хянахгүй байгаагийн шалтгаа­ныг мэдэж болохгүй. Мэдсэн ч хэлж болдоггүй. Тийм учраас монголчууд хилийн цаахна талд хөгжин цэцэглэж байгаа нэг хотыг харж суухаас өөрийг хийж болохгүй. Уг нь Хятадын хилээр нэвтрэхэд таван юань хурааж авдгаас санаа авч, 1000 төгрөгийн хуримтлал үүсгэе гэж бодсон юм гэсэн. Гэхдээ  ийм санааг хуулбарлаж бол­дог­гүй бололтой. Ер нь энэ Замын-Үүд  хөгжихгүй ээ, хөгжихгүй. За за, муу ёр. Амны билэггүй үг хэлж болдоггүй юм. Тээр, хэлээгүй юү. Замын-Үүдэд баахан “болдоггүй” байгаа биз.

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж