Г.Уянга: Миний 1000 төгрөгөөр дутав гэж битгий бодоорой

Хуучирсан мэдээ: 2015.10.14-нд нийтлэгдсэн

Г.Уянга: Миний 1000 төгрөгөөр дутав гэж битгий бодоорой

“Тэнгэр лиг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгатай ярилцлаа.


-Та яагаад “1000 төгрөг” аянд нэгдсэн бэ?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын маань хэмжээнд олон зүйлс сайн сайхнаар өөрчилөгдөн хөгжиж байна. Үүний хажуугаар бас хоцрогдож, хохирч үйлдэж байгаа олон асуудал байна. Үүний нэг нь энэ Түлэнхийн төвийн тоног төхөөрөмжийн асуудал. Олон удаа яригдаж хөндөгдсөн боловч нэг л шийдлээ олж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Үүн дээр “25 дугаар суваг” телевиз ийм сайхан санаачлага гаргаж бусдыг уриалан хэрэгжүүлж байгаад талархаж “1000 төгрөг” аянд нэгдсэн.

-Та ер нь янз бүрийн буяны үйлс хийж байгаа харагддаг, танд ямар мэдрэмж төрдөг бэ?

-Миний бодлоор харахад, сонсоход өр зүсэм олон хэцүү асуудлууд байна. Гэхдээ надаас л хол байвал хамаагүй юм шиг байж болохгүй байх. Заавал хэн нэгнийг харах хэрэггүй бид бүгдээрээ дор бүрнээ хамгийн ойр, эргэн тойронд байгаа болохгүй бүтэхгүй байгаа зүйлсээ чадах чинээгээрээ бага багаар өөрчлөөд явахад нэг л мэдэхэд бүх зүйл хамаагүй сайхан болно гэдэгт итгэлтэй байдаг. Миний хувьд хүүхдүүдэд арай илүү гэрэл гэгээтэй итгэл найдвар дүүрэн ирээдүйг бэлэглэх юмсан гэдэг хүсэл эрмэлзэл байдаг. Өөрийнхөө хэмжээнд жижиг үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. Санаа маань бол их, гэхдээ цаг зав муутай болохоор санаандаа хүрч ажиллаж чадахгүй байна. Нөхөр маань харин спорт, урлаг, уран сайхан руу хандсан олон томоохон, нийтийг хамарсан зүйлс их хийдэг түүгээр нь ч их бахархдаг даа. Их зоригтой эхлүүлж, хийж чаддаг. Ер нь ийм цөөхөн Монголчууд бид их хувиа хичээсэн байх нь зохимжгүй юм болов уу гэж боддог.

-“1000 төгрөг” гэж хандиваа нэрлэн, 1000 төгрөг цуглуулж байгаа нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

-Надад энэ санаа их таалагдсан олон хүн хамрагдах боломжтой. Үүнд хамрагдсан хүмүүс энэ буянтай үйлсийн нэг хэсэг нь болсондоо өөрсдөөрөө бахархах болов уу. Мөн монголчууд бид эвтэй, хүчтэй гэдгээ батлах байх.

-Та иргэдэд уриалж юу хэлэх вэ?

-Миний 1000 төгрөгөөр л дутав гэж зөндөө хүмүүс өгөөд болчихож байгаа байх гэж битгий бодоорой. Таны л 1000 төгрөг энэ аянд хамгийн хэрэгтэй байх болно. Олон мянган бяцхан үрсийн ирээдүйг та үүгээрээ өөрчилж тэдэнд аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэх болно гэдгээ ойлгоорой гэж уриалмаар байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Б.АМАР

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж