Өвөр Монголын эрчим хүчний компаниудыг цөөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Өвөр Монголын эрчим хүчний компаниудыг цөөлжээ

Өвөрмонголын эдийн засаг хурдацтай тэлж байгаа. Энэ ойлголт нь бүс нутгийн хөгжил гэхээсээ илүү дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, Өвөрмонгол дахь бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа гэсэн үг. Энэ бүс нутаг эдийн засгийн өсөлтөөрөө 2002 оноос хойш Хятадын бусад мужийг  тэргүүлэх болжээ. Хятадын Засгийн газрын төлөөлөл болсон олон арван мянган хүн энд ажиллаж байна. Тийм ч учраас “Өвөрмонголын нөхцөл байдал Хятадын эрх баригчдын санааг маш их зовоож байгаа. Энгийн үгээр тайлбарлавал, энд маш их мөнгө эргэлдэж байна” хэмээн Калифорни дахь “Claremont McKenna” коллежийн Хятад шинжээч Минсин Пей онцолжээ. Хятадын эрх баригчид сандрахын эрхэнд Өвөрмонголд дэд бүтцийг хөгжүүлэх, шинээр барилга байшин барихад нэлээд анхаарч эхэлсэн байна. Сүүлийн мэдээгээр, Дамаод орон сууцны 31 барилга шинээр баригдаж 20 мянга орчим хүн нүүж оржээ. Тэдний ихэнх нь орон сууцны зээлд хамрагдах боломжгүй, ядуу амьдралтай иргэд юм. “Нью-Йорк таймс” сонинд нэгэн өвөрмонгол гэр бүл өөрсдийн амьдралын талаар ярьжээ. Тэд 2004 онд 300 үхэр, хонь, адуутай байсан ч охиноо коллежид сургахын тулд жил бүр 2775 ам.доллар төлж, бусад хэрэгцээг нь хангахын тулд нэмж мөнгө гаргах шаардлагатай болсон байна. Эцэст нь бүх малаа барж, аж амьдралаа залгуулахад тун хэцүү болжээ. Энэ нь өвөрмонголчуудын дунд түгээмэл байдаг жишээ бололтой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Хүнсний хангамжийн газраас хийсэн судалгаагаар Өвөрмонголд байгаль орчин сүйдэхийн хэрээр ядуурал ихэсч байгааг анхааруулсан байдаг. Ядуурлын түвшин нэмэгдэж  байгааг нотлох мэт монгол хэлээр хичээл заадаг сургуульд суралцах оюутны тоо 1980-аад оноос хойш 40 хувиар буурчээ.

Өвөрмонгол бол байгалийн баялаг, тэр дундаа нүүрс, газрын ховор элементийн асар их нөөцтэй орон. Хятадын түүхий эдийн үйлдвэрлэлийн дийлэнх нь эндээс гардаг. Харин үймээн дэгдэж мэдэхээр болсон энэ үед Хятадын эрх баригчид бүс нутаг дахь хяналтаа чангатгахыг зорьж эхэлжээ. Тус улсын Үйлдвэрлэл, мэдээлэл, технологийн яамнаас Өвөрмонгол дахь газрын ховор элемент олборлодог 35 компанийн үйл ажиллагааг энэ сарын эцэс хүртэл зогсоохоор болсон байна. Хятадын төрийн мэдлийн “Inner Mongolia Baotou Steel Rare-Earth” компани  дангаараа түүхий эд үйлдвэрлэх аж. Түүнчлэн Өвөрмонголд салхинаас эрчим хүч гарган авах үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаад тодорхой хэмжээнд саад учруулах болжээ. Өвөрмонголын Хөгжил, шинэчлэлийн хорооноос энэ салбарт шинэ хууль хэрэгжүүлэхээр болсон тухай өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Салхинаас эрчим хүч гарган авдаг пүүс, компаниудын үндсэн хөрөнгө нь нэг тэрбум юань буюу 150 сая ам.доллараас багагүй байх ёстой. Энэ нь бүс нутаг дахь компаниудын тоог цөөлөх гэсэн оролдлого хэмээн ажиглагчид тайлбарлаж байна. Уг нь Хятадын Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээ онцолж байлаа. Харин энэ удаагийн хуулиар бол Өвөрмонголын эрчим хүчний компаниудын тоо 25 болж буурах ёстой аж. Одоогийн байдлаар, Өвөрмонголд эрчим хүч үйлдвэрлэдэг 70 орчим компани бий. Тэдгээрийн дунд Хятадад толгой цохидог томоохон компаниуд ч байх.

Мао Зэдуны үед буюу 1949 онд Өвөрмонгол албан ёсоор Хятадын автономит улс болсон билээ. Хятад улс 55 жижиг ястантай. Тэд нийт хүн амынх нь найман хувьтай тэнцдэг. Хятадын Засгийн газар айл бүр ганц хүүхэдтэй байх бодлого баримталдгийн ачаар жижиг ястнуудын тоо Хятадын хүн амын дийлэнх болох хан үндэстэнтэй харьцуулахад нэмэгдсээр байгаа юм. Хөх хотын их сургуулийн компьютер, мэдээллийн ангийн нэгэн оюутан Хөх хотод болсон жагсаалд оролцох үедээ “Засгийн газраас үргэлж “Жижиг ястнуудын сайн сайхны төлөө” гэж ярьдаг. Гэвч бидэнд дарлуулж байгаа юм шиг сэтгэгдэл яагаад төрсөөр байна вэ” хэмээн “Нью-Йорк таймс” сонины сэтгүүлчид ярьжээ.

Өнгөрсөн сарын эхээр нүүрс тээвэрлэж явсан ачааны тэрэгний жолооч хятад эр нэгэн монгол малчныг дайрч, амь насыг нь хохироосны дараа үүнд дургүйцсэн хүмүүс эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн юм. Энэ үеэс өвөрмонголчууд зовлонгоо тоочиж эхэлсэн билээ. Бүс нутаг дахь уул уурхайн компаниудын тоо нэмэгдэж, тэр хэрээр байгаль экологид асар их хохирол учруулах болжээ. Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлт нь хан үндэстнүүдэд өгөөжөө өгч байгаа бол Өвөрмонголын тал нутаг сүйрч эхэлсэн байна. Шилийн хотод 2000 гаруй хүн жагсаж, нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг зогсоох зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Түүнээс хойш тав хоногийн дараа Хөх хотын төвд 150 хүн жагсчээ. Тэдний дийлэнх нь оюутнууд байсан учир Хятадын хууль сахиулагчид их сургуулиудын орчим дахь хяналтаа чангатгаж, олон мянган харуул хамгаалалт гаргасан байна. Мөн интернэтийн орчныг хязгаарлаж, “mn” домэйн нэртэй хаягуудыг бүгдийг нь блоколжээ.

Хятадын эрх баригчид 2008 онд төвдүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан бол дараа жил нь Шинжаны мусульманы шашинтнуудын хөдөл­гөө­нийг дарж байв. Харин энэ удаад тэд Өвөрмонголын байгаль орчныг хамгаалах, боловсролын салбарыг хөгжүүлэхэд зориулж олон зуун сая ам.доллар зарцуулна гэдгээ амлаж байна. Шилийн хотын шүүхээс монгол малчныг дайрч, амь насыг нь хохироосон хятад жолоочид цаазаар авах ял оноосон нь Хятадын Засгийн газар эсэргүүцлийн жагсаал даамжрахаас болгоомжилж байгаагийн илрэл юм. Түүнчлэн жагсагчид зам хаах үед тэдний нэгийг нь дайрч хороосон гэх хэрэгт буруутган өөр нэгэн хятад жолоочид ялын тогтоол уншихаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл ч гарчээ. Гэхдээ ингэснээр асуудлыг шийдвэрлэж чадах эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж