Газрын тосны сэдвийг хөнджээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Газрын тосны сэдвийг хөнджээ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 12 дугаар хуралдаан өнөөдөр эхэллээ. Хуралдаан маргааш үргэлжлэх юм байна. Комиссын хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд, Комиссын Монголын хэсгийн дарга М.Энхболд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийг Хятадын Худалдааны яамны орлогч сайд, Комиссын Хятадын хэсгийн дарга Чэн Зянь нар тэргүүлэн оролцож байна.

Комиссын хуралдааны үеэр хоёр тал Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өнөөгийн явцад дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож байгаа аж.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын ЭКСИМ банкны хооронд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд тус тус хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын орон сууцны төсөл”, “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн худалдан авах төсөл”-ийн зээлийн тусгайлсан хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ. Мөн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 30 сая юаний буцалтгүй тусламж олгосон баримт бичигт талууд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Хуралдааны үед газрын тос, бензин, шатахууны асуудлыг хөндөн ярилцаж байгаа гэнэ.

Хуралдааны үеэр БНХАУ-ын Худалдааны яамны орлогч сайд Чэнь Зянь Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэлд бараалхаж, Сангийн сайд С.Баярцогттой уулзах юм байна. Энэ удаагийн комиссын хуралдаан нь Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалын өмнөхөн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байгаа аж. Орой 17.30 цагаас хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хэвлэлийн бага хурал хийж баримт бичгүүдэд гарын үсэг зурах гэж байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж