Хойд Солонгосын Хөдөлмөрийн Нам байгуулагдсаны 70 жилийн ой Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын нийслэл Пхеньян хотод гурав хоногийн өмнө буюу аравдугаар сарын аравны өдөр тун өргөн далайцтайгаар болж өнгөрлөө. Намын ойн баяр гэдэг бол Хойд Солонгос улсын хувьд тус улсыг үндэслэгч Ким Ир Сен болон түүний хүү Ким Чен Ир нарын төрсөн өдрийн баярын дараа ордог томоохон тэмдэглэлт өдөр юм. Тиймээс ч, Ким Чен Ын уг өдрийг нас барсан аав болон өвөө нартаа хүндэтгэл үзүүлснээр эхлүүлсэн байна.
Ойн баярыг тохиолдуулан, Ким Ир Сений талбайг үндэсний далбаа болон Хөдөлмөрийн Намын билэг тэмдэг бүхий далбаануудаар баярын уур амьсгал оруулан чимэглэж, байлдааны тийрэлтэт онгоцууд 70 гэсэн тоог үүсгэн агаарт нисэж байв.
Хойд Солонгосын зуу зуун цэргүүд нарийн зохион байгуулалтын дор хайрцаглан бэлдсэн цуваагаар жагсан алхсан нь улсынхаа зэвсэгт хүчний сүр хүчийг өндөрт өргөсөн явдал боллоо. Баярын жагсаалыг Хойд Солонгосын үндэсний телевиз болох KCTV шууд дамжуулжээ.
Жагсаалыг сонирхохоор гадаадын зочид гийчид, хэвлэл мэдээллийн албаныхан болон жуулчид цугласан байв. Хамгийн ойрын холбоотон болох Хятад улсыг үл тооцвол, дэлхийн томоохон удирдагчид энэ ёслолд оролцсонгүй. Хойд Солонгосын KCNA агентлагийн мэдээлснээр, ойн баярт хүрэлцэн ирсэн Хятадын коммунист намын топ лидерүүдийн нэг болох депутат Лью Юншаний даалгавар бол Ким Чен Ынд Ерөнхийлөгч Си Жинпиний захиасыг дамжуулах явдал байсан гэжээ.
Өнгөрсөн жилийн Хөдөлмөрийн Намын ойн баяр нь Ким Чен Ын тодорхойгүй шалтгааны улмаас сар гаруйн хугацаанд олны өмнө огт гараагүй үеэр таарсан билээ. Тэгвэл энэ удаагийн хоёр цагийн турш үргэлжилсэн ёслолын жагсаалыг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын индэр дээрээс өөрийн биеэр үзэж сонирхсон бөгөөд тэр болгон хийгээд байдаггүй шууд мэдэгдлээ энэ удаа хийжээ.
Ким Чен Ын хэлсэн үгэндээ, “Манай улсын шинэ үеийн байлдааны зэвсгүүд АНУ-ын түрэмгийлэгчдийн өдөөсөн ямар ч дайны үед хариу үйлдэл үзүүлнэ гэдгийг Хөдөлмөрийн Нам баттай амлаж чадна. Цаашдаа намын зүгээс тууштайгаар өөрийн орны хөх тэнгэр болон ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө цөхрөлтгүйгээр бүхнийг хийхэд бэлэн байх болно. Манай армийн төмөр мэт хатуу чанар болон нэгдсэн зэвсэгт хүчин бидэнд түрэмгийлэгчдийг дарах боломжийг олгож, дайсны түгшүүр айдсыг нэмэгдүүлэх болно” хэмээн цугларсан олонд хэлжээ. Түүнийг ийнхүү үг хэлэх үеэрээ Хятадын Коммунист Намын депутат Лью Юшанг-ийн гараас барьж буй нь Хятад улс Хойд Солонгос улсын эргэлт буцалтгүй анд нөхөр болжээ гэдгийг төвөггүй гэрчилсэн дохио болсон юм.
Хойд Солонгосын Засгийн Газар Хөдөлмөрийн Намын 70 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай шийдвэрээ энэ оны эхээр зарлаж байх үед, Парадыг ашиглан Хойд Солонгос улсын зэвсгийн сүр хүчийг илтгэсэн орчин цагийн дайнд зориулагдсан зэвсэгт хүчний шинэ үе болсон байлдааны зэвсгүүдийг ойроос харуулна гэсэн мэдээлэл яригдаж байсан нь ийнхүү биеллээ олжээ.
Баярын жагсаалын бэлтгэл ажил энэ оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд, тэр үед хиймэл дагуулаас авсан зурган дээр ойролцоогоор 45 орчим цэргийн майхан Пхеньяний нисэх хүчний бааз дээр байрласан нь харагдаж байжээ. Энэ тоо аравдугаар сар эхлэх үед 800 майхан, 700 ачааны машин, 200 зэвсэглэсэн машин болон өсч, үүний зэрэгцээ цэргүүдийн хайрцаглан бэлтгэл хийж байсан нь ч мөн адил ажиглагджээ.
Хойд Солонгос дахь үйл явдлын тоймч Жозеф Бермудез дурдахдаа, “Хойд Солонгосын эзэмшиж буй эдгээр агаарын баллистик пуужингууд нь Хойд Солонгосын түүхэнд урьд хожид байгаагүй их хэмжээний пуужингууд юм” гэжээ. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн сард Хойд Солонгос Ёнбион нэртэй шинэ цөмийн зэвсэг үйлдвэрлэж эхэлж байгаагаа мэдэгдсэнээрээ цөмийн зэвсгийн чанар болон тоо хэмжээгээ өндөржүүлж байгаагаа зарласан бөгөөд энэхүү шинэ зэвсэг нь пуужингийн хошуунд бэхлэгдэхэд хангалттай жижиг хэмжээнийх гэжээ.
Ийнхүү ойн баярын жагсаал дууссаны дараагаар энгийн иргэд өнгө өнгийн цацаг гартаа барин гудамжинд бүжиглэцгээж, бүрий болох үед баярын буудлага хийж, дэнлүү асаан хүндэтгэл үзүүлжээ.
Харин үдшийн концертод Хойд солонгосын хамгийн алдартай эмэгтэй хамтлаг болох Моранбонг хамтлаг тоглолтоо толилуулсан бөгөөд, тоглолт үзэхийг хүссэн жуулчдад 115 долларын үнийг санал болгож байв.
Бэлтгэсэн: Г.СҮМБЭЭ