News.mn сайтад үйлчилгээний соёлын талаар сурвалжилдаг “Монгол сервис” гэж булан бий. Энд ихэвчлэн хэрэглэгчдийн эрх ашиг, үйлчилгээний байгууллагуудын үл үйлчлэх үйл ажиллагаа, стандарт, эмх цэгц, шаардлага, соёлын талаар хөнддөг.
Яагаад ч юм бид гэрийнхээ хаалгыг хаасан цагаасаа эхлээд цахилгаан шатанд суухдаа, зам хөндлөн гарахдаа, автобус, таксигаар зорчихдоо, кино үзэхдээ, дэлгүүр хэсэхдээ хүртэл тэдгээрийн сервис буюу үйлчилгээнд сэтгэл дундуур үлдэх нь олонтаа. Магадгүй сэтгэл ханамж гэж зүйлийг үйлчилгээ үзүүлэгчдээс олж авахад ихэнхдээ бэрхшээлтэй санагддаг, тэрэнд нь ч бараг дасаж орхисон мэт.
Гэхдээ үйлчилгээ гэдэг бол үйлчлэгч, үйлчлүүлэгч хоёр талын аль алиных нь харилцан хүндэтгэлтэй харилцаа юм. Үйлчлүүлэгч өөрөө соёлгүй, бүдүүлэг, үл хүндэтгэх байдлаар хандах хандлага дэлгүүр, хоршоодын хямдралтай худалдааны үеэр илүү анзаарагдах нь бий.
Хэдэн долоо хоногийн өмнө болсон үндэсний үйлдвэрлэгч нэгэн компанийн “Бүх бараагаа үнэгүй тараана” гэсэн зарын дагуу цугласан хүмүүсийг шууд утгаараа буруутгах аргагүй ч ийм төрлийн менежмент Монголд лав зохихгүй гэдгийг худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нүдээр харж, биеэр мэдэрсэн биз ээ.
Хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа, хотын хүмүүс л гэнэ. Яг үнэндээ цахилгаан шатаа зөв дуудаж чадахгүй, замын хөдөлгөөнд оролцож мэдэхгүй, дэлгүүрт үйлчлүүлж сурахгүй, зүгээр л талд бэлчиж байгаа юм шиг хүмүүсээр манай хот дүүрэн байгаа нь маш харамсалтай.
Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэсний томоохон үйлдвэрлэгч компани саяхан мөн хямдралтай худалдаа зарласан. Тэнд юу илүү ажиглагдсан гэхээр бас л үйлчлүүлэгчдийн соёлгүй байдал. Худалдаанд 700, 800 мянгаар зардаг хүрэм, гадуур хувцсыг өмсч үзлээ, шидлээ. Цамц, ороолтнуудыг барьж үзлээ, шидлээ. Сүүлдээ хувцас, пальто дэлгүүрийнх, хүнийх нь мэдэгдэхгүй болж, хэн таарсан нь өлгүүрээс мулталсан хувцсан дээр гишгэлж байгаа ч харагдсан. Магадгүй, үйлчлүүлэгчдийн эмх замбараагүй ийм байдлууд яг хэрэгцээт бүтээгдэхүүнд бодит хямдрал зарлах боломжийг бууруулдаг ч байж болох талтай. Хэдэн зуун мянган төгрөгийн өртөгтэй бараа, бүтээгдэхүүнийг хямдрал зарласан юм чинь гээд өлгүүрээс мултлаад, гишгэлж болохгүй байх л даа.
Хамгийн сүүлд нийслэлчүүд номонд дугаарлалаа. Гэрэл гэгээтэй үйл явдал болохыг нь гайхаж, монголчууд ном худалдаж авахын тулд хонон өнжин дугаарлаж байгааг сошиалаар нэг шуугин ярилаа. Үнэн. Номонд дугаарлаж, бүр шөнөөр хүртэл дурлан очиж, номын худалдаа хийсэн нь үнэхээр магтууштай. “Аз хур”-ынханд бүр онцгойлон талархууштай.
Гэвч тэнд худлаа дугаарласан, хавь ойрныхондоо төвөг болсон бүдүүлэг үйлчлүүлэгчид дүүрэн байлаа. Монголын хэрэглэгчдийн дийлэнх нь үнэндээ хямд гэсэн бүхэн рүү тэмүүлдэг болж. Дайрсан, шахалдсан, түлхэлдсэн, маргалдсан, юу юугүй ном дуусчих гэж байгаам шиг давшилсан хүмүүс энэ худалдаанд зөндөө харагдлаа. Ямар ном авч байгаагаа ч харахгүй, анзаарахгүй, уншихгүй… Зүгээр л хуу хамаад гарах бодолтой. Тэнд ч ном хаячихсан, энд ч номон дээр гишгэчихсэн харагдах жишээтэй… Хүмүүс одоо болтол шоппинг /shopping/ хийж сураагүй байна гэхэд итгэмээргүй. Ном авахдаа ингэж байгаа хүмүүс хувцас, хүнсийг бол урж тасдаад, асгаж цутгахдаа сийхгүй байх нь аргагүй юм гэж харамсах сэтгэл төрөв.
Хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа, хотын хүмүүс л гэнэ. Яг үнэндээ цахилгаан шатаа зөв дуудаж чадахгүй, замын хөдөлгөөнд оролцож мэдэхгүй, дэлгүүрт үйлчлүүлж сурахгүй, зүгээр л талд бэлчиж байгаа юм шиг хүмүүсээр манай хот дүүрэн байгаа нь маш харамсалтай.
Эцэст нь, сайн сайхнаас санаа аваасай гэсэн үүднээс хотын гоё, соёлтой “сервис”-үүдийг санал болгоорой гэж уншигчдаасаа хүсье.
Б.БАЯСАХ