Бодлогоор хүчтэй улс орон л байгаа боломжоо бүрэн ашиглаж, давуу байр суурийг олон улсад эзэлдэг. Дотооддоо байгаа бодлогын судалгааны чадавхийг бүрэн ашиглах, сэтгэгдэлд биш, судалгаанд суурилсан, тоогоор биш чанараар хөөцөлдсөн бодлого шийдвэрийг хэвшүүлэх нь цаг үеийн захиалга, нэн тулгамдсан асуудал болж байна.
Бодлогын судалгаа шинжилгээний ажлын эдийн засгийн үр нөлөө нь урт хугацааны эдийн засгийн өсөлт, үндэсний сайн сайхан аж байдлаар илэрдэг гэж үздэг. Tink tank буюу бодлогын судалгааны байгууллагуудын судалгаа шинжилгээний ажлын ашиг тусыг төр, хувийн хэвшил, нийт ард иргэдийн аль аль нь хүртдэг гэж дэлхий нийтээр үзэж байна. Энэ бол орчин үеийн засаглалын салшгүй нэг чухал бүрдэл юм.
Судалгаанд суурилсан бодлогын ашиг тусыг хэн яаж хүртдэг вэ?
Бодлогын судалгааны байгууллага нь бодлого судлал, бодлогын шинжилгээний чиглэлээр мэргэшсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит баримт, анализ, бодлогын зөвлөмжийг чанартайгаар хүргэх чиг үүрэгтэй. Гэвч бодлогын чанар үр өгөөжийг бодлогын судалгаа, шинжилгээний тусламжтайгаар сайжруулах нь дагнан нэг талын санаачилга оролцоогоор хэрэгжихгүй. Энэ бол олон талын оролцоог хамарсан үйл явц юм. Тэгэхдээ талууд бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Судалгаанд суурилж бодлого боловсруулах дэлхий нийтийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэхэд тал бүрийн хувь нэмэр, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.
Бодлогын судалгааны байгууллагын улс төрөөс хараат бус, бие даасан байдал нь бодлого бодитой байхын үндсэн нөхцөл бөгөөд энэ нь шинжлэх ухааны судалгааны арга зүйг баримтлах замаар хэрэгжинэ.
Энд өгүүлсэн дүр зураг хүн бүрт, шийдвэр гаргагч, байгууллага бүхэнд хамаатай биш боловч ихээхэн нийтлэг дүр төрх юм. Судалгаанд суурилсан бодлогын орчин нөхцөл гүйцэд бүрдээгүй, бодлогын судалгааны байгууллагууд хүн хүч, санхүүгийн хувьд бэхжээгүй, хэвлэл мэдээлэл, шийдвэр гаргагчдын аль аль нь бодлогын судалгааны байгууллагуудтай ажиллаж дадаагүй, бодлого судлалын чиглэлээр бэлтгэгдсэн ажиллах хүч хомс, судалгаанд суурилж шийдвэр гаргадаг практик хэвшээгүй, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах соёл тогтоогүй манай өнөөгийн нөхцөлд бодлогын судалгааны байгууллагууд хүндхэн сорилтуудтай тулгарч байгаа билээ.
Судалгааны явц дахь гүйцэтгэгч, захиалагчийн үр өгөөжтэй харилцаа
Үндэсний хөгжлийн хүрээлэн “Бодлогын судалгааны институцийн хөгжил 2015” тайланг боловсруулан хүргэж байна. http://ndi.gov.mn/content/287-ээс Монгол Улс дахь бодлогын судалгааны гол байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагааг үнэлсэн хөндлөнгийн экспертүүдийн дүн, төрийн, улс төрийн намын, их дээд сургуулийн, хувийн, гадны санхүүжилттэй судалгааны байгууллагуудын тухай дэлгэрэнгүй үзнэ үү.
Б.ЭНХБАЙГАЛЬ
Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:
Ухаалаг төр ба судалгаанд суурилсан бодлого
Эдийн засагт бодлогын реформ хэрэгтэй