УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын асуудлаар Нийслэлийн Прокурорт хандана гэсэн юм.
Ингэж прокурорт хандах болсон нь өнгөрсөн долоо хоногт сайд С.Баярцогт мэдээлэл хийх үеэрээ нэр хүндэд нь халдаж, гүтгэсэн гэж үзэж байна. Энэ тухай тэрээр “Өнгөрсөн долоо хоногт сайд С.Баярцогт албан тушаалаа ашиглан мэдээлэл хийж миний нэр хүндэд халдаж, гүтгэсэн. Яагаад гүтгэсэн гэдгийг онцолж хэлж байгаа вэ гэхээр би машины асуудал, мөнгөний асуудал яриагүй байхад намайг ярьсан мэтээр хэлсэн. Би өнөөдөр нийслэлийн Прокурорын Амгаланбаатар гэдэг хүнтэй очиж уулзана. Ер нь буянаа нуусан уу, бузраа нуусан уу гэдгийг олж тогтооё. Би сайд С.Баярцогтыг огцруулах үндэслэлдээ гурван асуудлыг тусгасан. Гэтэл нотлох баримтгүй гэж байна. Уг нь өөрөө гарын үсэг зураад, өөрөө ярьчихсан учраас нотлох баримттай гээд тоохгүй байсан юм. Тэгэхээр энэ асуудал дээр эрүүгийн хэрэг үүссэн юм уу, үүссэн бол яагаад хэрэгсэхгүй болгосон юм. Нэг сая юм уу, арван сая юм уу гэдэг мэдээллийг Амгаланбаатар гэдэг хүнээс шаардаж авна.
Хоёрдугаарт, Автобааз улсын төсвөөс татаас авдаг компани мөртлөө 200 сая төгрөгийн гэрээ хийгээд одоогийн байдлаар 90-ээд сая төгрөгийг гаргана гэдэг бол ноцтой асуудал. Үүнийг шалгах ёстой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Баасанхүү чи ч гэсэн жиип унадаг” гэж хэлж байна. Уучлаарай би жийп унадаггүй. Өргөдлийн байнгын хороо бусад байнгын хорооноос ялгаатай нь 100 өргөдөл ирэх юм бол газар дээр нь очиж судалдаг. 1000 өргөдөл ирэх юм бол байнгын хороон дээр асуудал шийднэ гээд дүрмэндээ заачихсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт би “Та Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа надад халзан дугуйтай машин өгөөд би Булган аймгийн Хишиг-Өндөр сум руу явж байгаад аваарт орох шахсан шүү” гэж хэлсэн. Тийм учраас хураагдсан машинаасаа зарахгүй гэж байгаа бол Өргөдлийн байнгын хорооны ажлын онцлогийг харж нэг машин явуулж байгаарай гэсэн. Ямар машин явуулахыг би шийдэхгүй. Засгийн газрын Автобааз нь шийднэ. Надад өөрийн гэсэн жолооч байхгүй, жийп ч байхгүй” гэлээ.
Г.ДАРЬ