Александр Лукашенко
Фото: Виктор Толочко / РИА Новости
Александр Лукашенко Белорусийн ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 83,49 хувийн санал авч ялсан тухай Сонгуулийн төв комиссийн дарга Лидия Ермошина мэдэгдэв.
Харин түүний өрсөлдөгч Либерал Ардчилсан намын тэргүүн Сергей Гайдукевич 3,32 хувь, "Үнэнийг хэл" иргэний хөдөлгөөний гишүүн Татьяна Короткевич 4,42 хувь, Эх орны намын дарга Николай Улахович 1.67 хувийн санал авчээ. Сонгуулийн төв комиссийн мэдээгээр, сонгогчдын оролцоо 87,2 хувьтай байжээ.
“Сонгуулийн эцсийн дүнг аравдугаар сарын 16-ны баасан гаригт зарлана” гэж Ермошина хэлэв. Хилийн чанадад байгаа Белорусийн иргэдийн саналыг нэгтгээгүй байгаа ажээ.
Аравдугаар сарын 11-нд Белорусьт төрийн тэргүүний сонгууль болж, өнөөгийн ерөнхийлөгч Александр Лукашенко болон “Үнэнийг хэл” гэх иргэний кампанийн төлөөлөгч Татьяна Короткевич, Либерал ардчилсан намын лидер Сергей Гайдукевич, Белорусийн эх орончдын намын дарга Николай Улахович нарын гурван нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөн юм. Харин нэр дэвшигч эдийн засагч Виктор Терещенко нэрээ татсан.
Экзит-поллын мэдээгээр, Александр Лукашенко хол тасархай түрүүлж, сонгуулийн дүнгийн албан ёсны мэдээгүй гараагүй байхад түүний өрсөлдөгч нарын 2 нь Лукашенкод баяр хүргэсэн байна. Өдгөө 61 настай Александр Лукашенко Белорусийн ерөнхийлөгчийн суудалд тав дахь удаагаа сууна.
Тэрээр 1994 оны сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар 80,3 хувийн санал авч анх удаа гаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм. 1996 онд бүх нийтийн санал асуулгаар түүний бүрэн эрхийн хугацааг 2001 он хүртэл сунгажээ. Үүний дараа тэрээр 2001, 2006, 2010 онуудад гурван удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Төрийн тэргүүн хоёроос илүү хугацаагаар дараалан сонгогдож болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг 2004 оны бүх нийтийн санал асуулгаар хүчингүй болгожээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР