Боксчдод ямар боломж үлдэв

Хуучирсан мэдээ: 2015.10.12-нд нийтлэгдсэн

Боксчдод ямар боломж үлдэв

Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Катарын Доха хотноо үргэлжилж байна. Гэвч манай тамирчдын хувьд энэ жилийн ДАШТ санаснаас эрт өндөрлөлөө.

Дэлхийн аварга босгоо өндөрсгөв

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу энэ жилийн ДАШТ-ий өмнө боксчдод шинэ, хатуу шаардлага тавьсныг та бүхэн мэдэж байгаа. Өмнө нь ДАШТ-ий бүх жинд тухайн улс өөрсдийн дотоод шалгуураар тамирчдаа тодруулан оролцуулдаг байсан бол энэ жилээс ДАШТ-д өрсөлдөх тамирчин заавал тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх болзлыг эхлээд биелүүлэх хэрэгтэй болсон юм.

Энэ шаардлагын дагуу Тайландын нийслэл Бангкок хотноо өнгөрсөн есдүгээр сард болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 66 тамирчин ДАШТ-д оролцох эрхээ авч, тэдэн дунд Монголоос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин багтан, Дэлхийн рингийг зорьсон билээ. Гэвч манай тамирчдын хоёр нь нэг хожилтойгоор тэмцээнийг дуусгаж, хоёр нь хүрэл медалийн төлөөх тулаанд ялагдал хүлээлээ.


ДАШТ-д манай тамирчид хэрхэн оролцов

49 кг: Ганхуягийн ГАН-ЭРДЭНЭ

Оюутны “Универсиад” наадмын хүрэл, ААШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Японы тамирчин Томояа Цүбойтой тулалдсан. Энэ тулаанд манай боксчин тоглолтын эхнээс өрсөлдөгчөөсөө илүү хүч гаргаж, 3:0-ээр буулган авснаар шилдэг наймд үлдсэн чадсан юм. Хүрэл медалийн төлөөх чухал тоглолтод тэрбээр Оросын боксчин, 2015 оны Европ тивийн аварга Василий Егоровтой тулалдаж, 2:1 харьцаагаар ялагдал хүлээсэн юм.

56 кг: Энхжаргалын ИДЭРХҮҮ

Монголын тамирчдын салхийг хагалж рингэнд гарсан Дэлхийн оюутны АШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Э.Идэрхүү эхний тойрогтоо Венесуэлийн боксчин Диас Азокар Хосег 2:1 харьцаагаар ялж, багтаа эхний ялалтыг авчирсан. Хоёрдугаар тойрогт тэрбээр Европын анхдугаар наадмын хүрэл медальт, Азербайжаны тамирчин Тайфур Алиевтай учраа таарч, шөвгийн наймд үлдэхийн төлөөх энэхүү тулаанд 3:0 /29:27, 30:26, 30:26/ харьцаагаар ялагдав.

60 кг: Доржнямбуугийн ОТГОНДАЛАЙ

Энэ жингийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх, Дэлхийн "Универсиад" наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, ОУХМ Д.Отгондалай эхний тойрогтоо гоц мөргөсөн. Хоёрдугаар тойрогт тэрбээр ДАШТ-ий алт, мөнгө, гурван хүрэл медальт, Италийн алдарт боксчин Доменико Валентинотой тун сонирхолтой тулаан өрнүүлж, ялсан юм.

Энэ тулаанд Д.Отгондалай тоглолтын эхнээс илүүрхэж, нэгдүгээр үед шүүгчдээс 10:9, 10:9, 10:9, хоёрдугаар үед 19:19, 20:18, 20:18 гэсэн оноо авч, илүүрхсэн. Ингээд шийдвэрлэх сүүлийн үед 29:29, 30:27, 30:27 гэсэн харьцаагаар буюу онооны давамгайллаар Азийн наадмын аварга Д.Отгондалай Италийн боксчинг ялж, дэлхийн аваргаас медаль хүртэх боломжийг нь зогсоосон юм. Боксын ДАШТ хоёр жилд нэг удаа болдог. Доменико Валентиногийн хувьд сүүлийн арван жилийн хугацаанд ийнхүү анх удаа дэлхийн аваргаас медальгүй нутаг буцах болсон. Тэрбээр 2005 онд хүрэл, 2007 онд мөнгө, 2009 онд алт, 2011 онд хүрэл, 2013 онд хүрэл медаль хүртсэн шилдэг боксчин билээ.

Д.Отгондалай ингээд шилдэг наймд шалгарч, хүрэл медалийн төлөө Узбекстаны Элнур Авдурамов өрсөлдлөө. Тулаанд тоглолт, ур чадварын хувьд манай тамирчин илүүрхсэн ч шүүлт Узбескстаны боксчны талд байв. Энэ тоглолтод Элнур Авдурамов манай тамирчныг 3:0-ээр буюу 30:27, 30:27, 30:27 гэсэн үнэлгээгээр хожсон гэх санаанд багтамгүй үр дүн гарсан юм. Ердөө сарын өмнө болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд манай Д.Отгондалай Элнур Авдурамовыг 3:0 харьцаагаар илт давуу ялж, мөнгөн медалийн болзол хангаж байсан юм. Мэргэжилтнүүд, боксын хүрээний олон хүн энэ тоглолтын үр дүнг шүүлтийн эргэлзээтэй байдлаас болж Д.Отгондалай ялагдал хүлээсэн гэж үзэж байна.

69 кг: Бямбаагийн ТҮВШИНБАТ

Дэлхийн “Универсиад” наадмын хүрэл, 2010 оны Дэлхийн оюутны аварга, 2006 оны Дэлхийн оюутны аваргын хүрэл, ААШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогтоо Дэлхийн аваргын хүрэл медальт, Чехийн боксчин Зденек Чладекийг 3:0-ээр илүүрхэн ялав. Улмаар шигшээ наймд үлдэх хариуцлагатай тулаанд тэрбээр Хятадын Лю Вейд 0:3 харьцаагаар ялагдал хүлээсэн юм. Энэ тоглолтын шүүлтэд мөн Монголын бокс сонирхогчид эргэлзэж буй талаараа олонтаа ярьж, бичиж байгаа билээ.

Аравдугаар сарын 5-нд эхэлсэн боксын ДАШТ энэ сарын 18-нд өндөрлөнө.


Олимпийн эрх авах боломж

Сонирхогчдын боксын 2015 оны ДАШТ-д 74 орны 260 боксчин өрсөлдсөн бөгөөд энэ тэмцээнээс “РИО-2016” олимпийн наадмын 23 эрх олгохоор шийдвэрлэжээ. AIBA дэлхийн аваргын босгоо өндөрсгөсөн шиг 2016 оны олимпийн эрх олгохдоо ч бас хатуу шалгуур тавьж байна.

Энэ жилийн ДАШТ-ээс жин тус бүрт харгалзан адилгүй 1-3 эрх олгоно. Тодруулбал, -91 кг ба +91 кг гэсэн хүнд жингийн ангилалд зөвхөн алтан медаль хүртсэн тамирчид “РИО-2016” олимпийн эрхээ авах бол 81 кг, 49 кг, 52 кг-ын жинд тус тус хоёр буюу алт болон мөнгөн медаль хүртсэн тамирчдад, харин үлдсэн таван жингийн ангилалд алт, мөнгө, хүрэл /Нэг хүрэл/ медаль хүртсэн тамирчдад “РИО-2016” олимпийн наадмын эрхийг олгох ажээ.


Монголын шигшээ багт одоо олимпийн эрх авах ямар боломж байгаа вэ?

Мэдээж боломж бий. Гэхдээ тэр нь хоёр л тэмцээн гэсэн үг. Эхнийх нь ирэх 2016 оны гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд БНХАУ-ын Чянь-Ань хотод болох Азийн болон далайн бүсийн орнуудын тэмцээн. Нөгөө нь 2016 оны зургадугаар сарын эхээр Азербайжаны нийслэл Бакуд болох тэмцээн. Энэ хоёр тэмцээнээс манай тамирчид “РИО-2016” олимпийн эрх авна гэдэгт найдаж байна.

Харин эмэгтэйчүүдийн хувьд ирэх оны хоёрдугаар сард өмнөд хөршид болох ДАШТ-ээс медаль хүртсэн тохиолдолд олимпод өрсөлдөх боломжтой болно. Олимпийн наадамд эмэгтэй боксчид 51, 60, 75 кг гэсэн гурван жингийн ангилалд хүч үздэг бөгөөд 2016 оны ДАШТ-ээс дээрх гурван жинд медаль хүртэх тамирчдад олимпийн эрх хүртээнэ /Жин тус бүрт дөрвөн тамирчинд/. Үүний дараа тэд эрэгтэйчүүдийн адил тив тивийн эрх олгох тэмцээнээс олимпийн эрхээ авах боломжтой. Гэхдээ Ази тивийн тамирчдын хувьд тус тэмцээнээс жин тус бүрт ердөө ганцхан буюу зөвхөн түрүүлсэн тамирчдад олгох болзол сонсгожээ.

Б.БАДМАА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж