Улс орны байдал уруудаж, иргэдийн амьжиргаа доройтож байгааг хэвлэлүүд бичиж байна. Иргэдээс улс орныг удирдах мандат өвөрлөсөн улстөрчид нь үүний шалтгааныг бие биеэсээ хайж, буруутантай хариуцлага тооцох ёстой гэцгээж байна. Хариуцлага тооцох гэдэг нь албан тушаалаас нь огцруулах гэсэн үг л дээ. Харамсалтай хэн нэгэн буруутан албан тушаалаас буулаа гээд маргааш амьдрал өргөс авсан мэт арилчихгүй гэдгийг иргэд одоо мэддэг болсон. Жирийн иргэд ямар нэгэн үлгэрийн шидтэн ирж улс орныг нь эмх цэгцэнд оруулж өгч, өөрсдийг нь амар жимэр амьдруулаасай гэж хүсэцгээж байна. Харин чадалтай, хөрөнгөтэй нэг нь аль хэдийнэ хөрөнгөө гаргаж, гэр бүлээ гадаад улс оронд амьдруулах сонголтыг хийсэн гэх.
Үлгэр бол үлгэр л учраас иргэдийн хүсээд байгаа шидтэн нь удирдагч юм. Яг л 1990 онд Санжаасүрэнгийн Зориг агсан Сүхбаатарын талбай дээр цугласан олныг тайвшруулж чадаж байсан шиг тийм удирдагчийг хүсэмжилж байна. Харин ихэнх хүн “даанч манайд лидер алга даа” хэмээн санаа алдацгаана. Үнэхээр лидер алга даа гээд харсаар байгаад улс орноо уруудуулах юм гэж үү. Бид дараа дараагийн үр удамдаа хүн шиг амьдрах, хэний ч өмнө нүүр улайхааргүй Монгол орныг үлдээхгүй юм гэж үү.
“Сант марал” сангийн жил болгоны гаргадаг “Улс төрийн барометр судалгаагаар “парламент болон сонгуулиас үл хамаарах хүчтэй удирдагчтай байх”-ыг “нэлээд сайн” гэж үзсэн хүний хувь 2013 онд 25.8 хувь байсан бол энэ оны судалгаагаар 33.5 болон бараг найман хувиар өсчээ. Хүчтэй удирдагчтай байхыг “маш муу” гэж үзсэн хүний хувь 2013 онд 11.3 байснаа 2015 онд 10.9 болон яльгүй буурсан байна. Энэ нь хүчтэй удирдагчтай байх нь муу зүйл биш гэж бодох иргэдийн тоо нэмэгджээ гэсэн үг. Мэдээж иргэдийн санаа сэтгэл ийнхүү эргэж байгаад тэдний нүдэнд ил гарч улс төр хийдэг хүмүүс буруутай. Үндсэн хуулиндаа өөрийн улс орны сонгон авсан засаглалын хэлбэрт итгэл алдрах хүмүүсийн тоо ч энэ судалгаагаар нэмэгдсэнийг харж болно. Тухайлбал, одоо байгаа нөлөө бүхий Ерөнхийлөгч болон парламентын хосолсон засаглалыг илүү гэж үзэх хүний хувь 2013 онд 34.4 хувь байсан бол 2015 онд 22.1 хувь болон буурсан байна. Харин Ерөнхийлөгчийн засаглалтай байсан нь дээр гэж үзсэн хүний хувь хавьгүй нэмэгджээ. Тухайлбал, 2013 онд судалгаанд оролцсон хүмүүсийн 38.2 хувь нь Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь дээр гэсэн бол энэ тоо 2015 онд 50.8 хувь болжээ. Харин сонгодог парламентын засаглалын хүсэгчдийн хувь ч бас буурсан байна. Хүчтэй удирдагчтай байх, Ерөнхийлөгчийн засаглалтай байхыг хүсэмжилж байгаа хүмүүсийн тоо ийнхүү өсч байгаа нь монголчууд үнэхээр хүчтэй лидерийг хүсч байна уу гэсэн бодолд хөтөлж байна. Гэтэл энэ бидний сонгосон зам мөн гэж үү. Дэлхийн 200 гаруй улс орны дийлэнх нь парламентын ардчиллыг сонгосон нь зүгээр ч нэг хэрэг биш.
Иргэд ийнхүү засаглалын хувьд бодол санаагаа өөрчлөхөд өнөөгийн Монголын улс төрийн намууд, улстөрчид нөлөөлж байна. Уг нь бүгдээрээ ярилцвал буруугүй гэж итгэж байтал олуулаа нийлээд хууль зөрчөөд эхлэхээр ингэж эднээр тоглуулж байснаас хатуу гартай ганц хүнийг гаргаад ирье гэж шийдсэнийх. Одоогийн Ерөнхийлөгчийн сүүлийн жилүүдэд нийгэмд гарган тавьж байгаа засаглалыг, төрийг хүчирхэг болгох санаачилгууд ч үүнд нөлөөлж байгааг бодолцох учиртай. Ардчилалд дөнгөж суралцаад дөнгөж хорь гаран жил болж байгаа монголчуудын улс төрийн боловсролыг ардчиллаар 200, 100 жил явчихсан улсуудынхтай зүйрлэх аргагүй. Дээр өгүүлсэн тоонууд бол улстөрчдийн хувьд, засаглалын институтуудын хувьд үнэхээр юм бодох учиртай үзүүлэлтүүд.
Бидэнд заавал ганц лидер хэрэгтэй гэж бодохгүй байна. Тэгээд ч 1990 оных шиг нөхцөл байдал одоо байхгүй учраас гэнэт нэг лидер үлгэрийн баатар мэт амилахгүй нь ойлгомжтой. Бидэнд лидерүүд байгаа, гагцхүү бид өөрсдөө хэнийг ч үл зөвшөөрдөг, хүн болгон тархиндаа өөрийгөө лидер гэж боддог өвчтэй болжээ. Юу ч байсан, хэн ч байсан үгүйсгэж, үл хүлээн зөвшөөрч байгаа нь нийгмийн сэтгэл зүй ихээхэн өвчилсний шинж. Үгүй дээ, захирах, захирагдах ёсыг мөрдөж байж, дэг журам, эмх цэгц бий болно. Компанийн ажилтны тоо арваас ихдээд ирэхээрээ фракциуд бий болж, удирдлагын эсрэг үг хэл гаргаж эхэлдэг гэсэн яриа сонсч байсан л байлгүй. Гэтэл арвуулаа болсон бол хориулаа болж, хориулаа болсон бол гучуулаа болж бүгд сайхан амьдарвал бүгд хожих юм. Тиймээс лидер алга гэж гаслахаас өмнө өөрсдийн сайн дураар сонгосон лидерүүдээ хүлээн зөвшөөрөөд үзвэл яасан юм бэ. Таны лидер гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүнд таны дургүй олон чанар байж болох юм, компаниа ганцаас эхлээд арван хүнтэй болгож чадсан гэдэг чинь лидер шүү дээ.
Д.НАРАНТУЯА