Туркийн ерөнхий сайдын нам сонгуульд ялжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Туркийн ерөнхий сайдын нам сонгуульд ялжээ

Сонгуульд нам нь ялалт байгуулсан Туркийн Ерөнхий сайд Режеп Эрдоган сөрөг хүчнийхэнтэй зөвшилцөлд хүрнэ гэж мэдэгдлээ. Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх барьж буй Режеп Эрдоганы  шударга ёс, хөгжлийн нам  50 хувийн санал авсан байна.

Гэвч Туркийн шударга ёс, хөгжлийн нам үндсэн хуульд өөрчлөлт оруулах онцгой эрхтэй парламентын дийлэнх байх боломжоо алдаж байгаа юм.

Ерөнхий сайд Режеп Эрдоганы засгийн газрын бодлого хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байсан ч түүний нам ялалт байгуулах нь тодорхой байсан юм.

99 хувьтай сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад 50 хувийн санал авсан Режеп Эрдоганы  шударга ёс, хөгжлийн нам  парламентад 326 суудал эзлэх болж байгаа юм.  Тус улсын хуулинд зааснаар парламентад 330 суудал авсан нам олонхи болж, олон нийтийн санал асуулга явуулахгүйгээр үндсэн хуульд өөрчлөлт оруулах онцгой эрхтэй байдаг ажээ. Нам нь сонгуульд ялалт байгуулсан Ерөнхий сайд Режеп Эрдоган Туркийн эцэг гэгддэг Кемал Ататуркээс хойш улс төрийн хамгийн нэр нөлөө бүхий хүн болоод байна.

Тэрбээр парламентийн сонгуулийн энэ ялалтыг лалын шашинт Босни, Леван, Сири, Палестины ялалт гэж мэдэгдсэн байна. Режеп Эрдоган “Истанбулд байгуулсан ялалт Сараево, Бейрут, Дамаск, Рамалла, Йерусалимийн ялалт юм шүү” гэжээ.  Туркийн  73 сая хүн амын гуравны хоёр хувь буюу 50 сая иргэн энэ удаагийн парламентийн сонгуульд оролцсон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж