-Төрийн эрх барьж байгаа улс төрийн намуудын зөвшилцөл Үндсэн хуулийг шинэчлэх замаар хувьсгалыг хийхээр тохирч байгаа гэсэн мэдээлэл байна-
Монголын улс төр, нийгэм их хувьслын эхэнд байна. Зарим хүний засаглалын хямрал гэж нэрлээд байгаа өнөөгийн байдал нь ямар нэг шийдэл, гарцыг гарцаагүй шаардаж байгаа юм. Энэ улс оронд болж бүтэж байгаа юм алга хэмээн үглэх хүн олширсоныг хэн хүнгүй анзаарсан биз. Эдийн засгийн амьдрал үхмэл байдалд орсон, хувийн хэвшлийнхэн нь засгийн эрхэнд гарсан улстөрчдөд юм долоолгож байж л ажлаа бүтээдэг, чин шударгаар хөдөлмөрлөсөн хүн нь хохирч, хойшоо сууж, амаа билүүдсэн нь хождог болсон. Улс төрийн амьдрал нь жинхнээсээ тамын тогооны үлгэрийг санагдуулна. Монголын улс төрд өрнөж байгаа үйл явц нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн ямар ч хааны ордны хор найруулалтыг давж гарах хэмжээнд очжээ. Нэн нэгнийхээ нуруу руу ээлжлэн хутга шаалцаж, олны нүдэнд нэг зүйл ярьж, хаалганы цаана оронгуут өмнөхөөсөө тэс хөндлөн ярих нь цээрлэмээр зүйл биш харин ч улстөрчийн унаган араншин мэт ойлгодог хүмүүс олширчээ. Улс орныг удирдах эрхийн төлөөх мөнийн зорилготой улс төрийн намууд бүгд ариухан явдалтнууд мэт дүр эсгэдэг болж. Үнэндээ багийг нь хуу татвал бүгд ижилхэн идээчин, уугаачин. Энэ байдлыг зарим хүн засаглалын хямрал гэж гоё нэрлэж байгаа бол зарим нь хаос гэж байна. Харин жирийн иргэдийн хувьд энэ нь “төрийн заяа нь хаясан” явдал юм.
Дээдчүүд нь хуучнаараа удирдаж чадахаа больсон, доодчууд дээдчүүдээрээ цаашид удирдуулахыг хүсэхгүй болохыг хувьсгалын тохироо бүрдсэн гэж үзнэ гэдэг. Үнэндээ Монголд хувьсгалын тохироо бүрдчээд байгаа юм. Харин энэ хувьсгалыг хэрхэн хийх вэ гэдэг үнэндээ өнөөгийн эрх баригчдаас торгон ухаан шаардаж байна. Нэгэнт хувьсгалын тохироо бүрдсэн үед ассан эсвэл асаасан ганц шүдэнз гал болон дүрэлзэх аюултай. Төрийн эрх барьж байгаа улс төрийн намуудын зөвшилцөл Үндсэн хуулийг шинэчлэх замаар хувьсгалыг хийхээр тохирч байгаа гэсэн мэдээлэл байна. Үндсэн хуулийг өөрчлөх замаар үүсээд байгаа нөхцөл байдлаас гарч болно гэдгийг хөндлөнгийн судлаачид ч сүүлийн үед идэвхтэй гаргаж тавих болсон.
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судлах УИХ-ын ажлын хэсгийг 2013 онд байгуулсан. Энэ ажлын хэсэг хоёр жил орчим улс төрийн намууд, судлаачидтай санал солилцсоны дүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн дүгнэсэн. Энэ дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дараагийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулан байгуулаад байгаа юм.
Ажлын хэсгийн зүгээс ямар нэг албан мэдээлэл тараагүй ч албан бус эх сурвалжийн мэдээллээр хэдэн зарчмын өөрчлөлтийг хийх нэгдмэл ойлголтод хүрээд байгаа аж. Урьдчилсан төслийг харахад гүйцэтгэх засаглал болон шүүх засаглалын томилгоо, мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хамрах хүрээнд зарчмын өөрчлөл орохоор байна.
Юун түрүүн Засгийн газрын бүтцийг хуульчилж өгөхөөр тохиролцжээ. Тухайлбал, Засгийн газрын бүтэц есөн яамтай байх юм. Үүнд, Сангийн яам, Дотоод хэрэг, хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хөдөө аж ахуйн яам, Дэд бүтцийн яам. Энэхүү есөн яамны нэр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2016 оны төсвийн төсөлд суусан байгаа нь анхаарал татаж байна. Сангийн сайд Б.Болор өчигдөр буюу 2015 оны аравдугаар сарын 7-ны өдөр сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газар есөн яамтай байна хэмээн нэрлэсэн нь дээр өгүүлсэнтэй таарч байгаа юм. Мөн “Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас илүүгүй Засгийн газрын гишүүнийг нэмж болно. Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүний саналаа УИХ-д өргөн мэдүүлж” болох аж.
Төсөлд тусгаснаар хэрэв Үндсэн хууль батлагдвал Монголд Ерөнхийлөгчийн сонгууль явагдахаа болино. Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар биш УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчид сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах юм.
Засгийн газрын кабинетийг Ерөнхий сайд мэдэн томилох эрхийг Ерөнхий сайдад өгөхөөр яригдаж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 39-ийн гуравт “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно” гэсэн заалтыг “Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулснаар уг шийдвэрийг батламжилсан УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно” хэмээн өөрчлөх санал боловсрогдсон байна. Мөн Ерөнхий сайдыг огцруулах процедурыг дараах байдлаар томъёолжээ. “УИХ-ын нийт гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд олонхийн саналаар дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын тухай тогтоол батлагдсан тооцох” аж.
Шүүх засаглалын тухайд Улсын Ерөнхий шүүгчийн томилгоог Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхийлөгч шийддэг байсан бол төслөөр Дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаатай олонхийн саналаар баталж, нэг удаа улируулан сонгох юм. Одоо Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байгаа. Мөн Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, УИХ-ын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч зарлиг гарган батламжлахаар санал боловсрогджээ.
Төсөлд тусгаснаар хэрэв Үндсэн хууль батлагдвал Монголд Ерөнхийлөгчийн сонгууль явагдахаа болино. Ерөнхийлөгчийг ард нийтийн сонгуулиар биш УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалтаар олонхийн санал авсан хүнийг Ерөнхийлөгчид сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах юм.
Жалга довоороо улс төрийн намуудад хуваагдан өөрийн ч ажлыг, хүний ч ажлыг унагадаг жишиг орон нутагт газар авч, үүн дээр дөрөөлөн тоглогчид ихэссээр байгаа энэ үед орон нутгийн удирдлагыг сонгох чиглэлд сонирхолтой нэмэлт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй, харин баг, хорооны иргэдийн хурлаас сум, хотын ИТХ-ын төлөөлөгчдийг, сум, хотын ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож, ИТХ-ыг байгуулахаар харж байна. Мөн аймаг, Улаанбаатар, дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга томилж, чөлөөлөх аж.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн зах зухаас дуулгахад ийм байна. Эцэг хуулийн хувьд Үндсэн хуульд гар хүрэх асуудалд туйлын болгоомжтой хандах ёстой. Гэхдээ бас хойморт залсан шүншигтэй бурхан бас биш. 1999 онд тухайн үеийн парламентаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь эдүгээ “дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг нэрийг аваад байгаа. Энэхүү долоон өөрчлөлтөөс хоёр нь дахин өөрчлөлтөд орж байгаа нь үнэхээр дордсон байжээ гэсэн ойлголтыг бататгаж байна. Харин энэ удаагийн өөрчлөлт хэр удаан настай байх бол. 1992 оны анхны ардчилсан хэмээн бидний тодотгодог Үндсэн хуулийг монголчууд бултаараа шүүн хэлэлцэн баталсан байдаг. Яагаад гэвэл Үндсэн хууль бол хэсэг улстөрчийн биш нийт иргэдийн өмч юм. Тиймээс одоогоор хаалттай хаалганы цаана тохироод байгаа эцэг хуулийн өөрчлөлтийг олны шүүлтүүрээр оруулж байж амьдрах насыг уртасгаж болно.
Д.НАРАНТУЯА