
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан маргааш болох гэж байна. Түүгээр зарим иргэний Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн тодорхой заалтын талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх юм. Уг хуулийн 16 дугаар зүйлийн 1.12 дахь заалтад “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэсэн нь тухайн хүн банк, санхүүгийн байгууллагаас бусад байгууллагаас зээл авсан тохиолдолд татварын чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болгосон байна гэж гомдол гаргасан иргэд үзжээ. Тухайлбал, ажил олгогч байгууллагаасаа зээл авч орон сууцтай болсон хүн чөлөөлөлтөд хамрагдах боломжгүй болсон гэж үзжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн зүйлийг зөрчиж байна гэж мөн үзсэн байна. Үүний дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгасныг маргааш дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байна.
Д.ОЮУН