Бусдын дансыг хаах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

Бусдын дансыг хаах нь зөв үү?

“Эксклюзив” компанийн хэргээс үүдэлтэйгээр эдийн засгийн хямралтай байгаа энэ хүнд үед компаниудын дансыг хааж, хөл хорихгүй байхыг Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудтай уулзах үеэрээ Ерөнхий сайд анхааруулсан юм. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн байгууллагууд болон татвар төлөгч, бизнесийнхний хооронд асуудал гарч болно, харилцан ярилцаж, ойлголцож ажиллах ёстой. Татварыг хэсэгчилж төлүүлдэг, хугацаа тохирдог, тодорхой хувийг нь хүчингүй болгох зэрэг олон арга байхад данс хааж компанийн үйл ажиллагааг зогсоодог, цагдан хорьдог, хөл хорьдог арга хэмжээ авч болохгүй”-г үүрэгдсэн билээ. Эдийн засаг хатаж, компаниуд ч өөр хоорондоо хийсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтынхаа мөнгийг өгөх авалцалгүй, өр зээл тавьж, үүнээс болоод татвараа цагтаа төлж чадахгүй явдал гарах болсон байна. Харамсалтай нь, өөрсдийгөө сая, саяар нь, тэрбум, тэрбумаар нь урамшуулдаг Татварын албаныхан Ерөнхий сайдын өгсөн үүргийг үл тоож, бизнесийнхэнд хэрэглэдэг хатуу “харгис” аргаа хэрэглэсээр л буйд эдийн засгийн хүрээнийхэн шүүмжлэлтэй хандах болсон. Ядахнаа долоо хоногийн өмнө дансыг нь хаах болсон талаар тухай компанид мэдэгдэл хүргүүлэх юм уу, албан тоот өгч сануулж, анхааруулж болмоор. Гэтэл нэг л өглөө бусдын дансыг хааж, хөл хорих арга хэмжээ авдаг хууль Монголд байдаг уу? гэж тэд асууж байна.


Тиймээс ямар хуулийн дагуу бусдын дансыг хаадаг талаар ТЕГ-ын Татвар хураалт урирдлага арга зүйн газрын татварын улсын байцаагч Э.Будаас тодрууллаа.

-Татвараа хугацаанд нь төлөөгүй компаниудын дансыг хаахдаа ямар хуулийг үндэслэдэг юм бэ. Татвараа цагтаа төлөөгүй бол дансыг нь хаана гэсэн заалт Татварын ерөнхий хуульд алга байх юм?

-Татварын ерөнхий хуулинд зааснаар татварын өрийг барагдуулахдаа үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө цалин хөлс бусад орлогоос гаргуулах, шүүхэд нэхэмжлэх гаргах хэлбэрээр барагдуулна гэж заасан байдаг. Эдгээр заалтыг үндэслэж өр барагдуулж байна.   

Татварын байцаагчид өр барагдуулахдаа хуулийн хүрээнд ажилладаг. Хугацаандаа төлөх татварын өрийг барагдуулахдаа эхний ээлжинд татвар төлөгчийн харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс нь үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгийн хэмжээ тухайн татварын өрийг төлж хүрэлцэхгүй байвал данс хаах арга хэмжээ авна. Ингэхдээ бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр хааж, дансны орлогоос татварын өрийг барагдуулах арга хэмжээ авдаг.

-Тухайн компанийн зарлагын дансыг хаах тухай урьдчилан мэдэгддэг юм уу. Бизнесийнхэн бол дансыг нь шууд хаадагт бухимддаг шүү дээ. Ерөнхий сайд хүртэл саяхан компаниудын дансыг хааж, хөл хорихгүй байхыг танай байгууллагад үүрэгдсэн?

-Эхний ээлжинд татварын өртэй байна гэсэн мэдэгдэх хуудас хүргүүлдэг. Дараагийн ээлжинд дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгийн хэмжээ тухайн татварын өрийг төлж хүрэлцэхгүй байвал данс хаах арга хэмжээ авна.

-Дансаа хаалгуулсан компани эргэлтийн хөрөнгөгүй болох, бусад байгууллагад өрөө төлж чадахгүйд хүрч байна. Энэ нь даамжирч хямрал дагуулах эрсдэлтэй юм биш үү?

-Татварын өрийг төлж барагдуулсан тохиолдолд харилцах дансыг нээж өгөх тухай мэдэгдлийг тухайн банкинд хүргүүлдэг.

– Одоогоор хэдэн компани татварын өртэй байна вэ?

-2015 оны эхний есөн сарын байдлаар 2014 оны татварын өртэй 3854 татвар төлөгчийн 156,4 тэрбум төгрөг, тайлан тооцооны татварын өртэй 1584 татвар төлөгчийн 67,2 тэрбум төгрөгийн өрийг барагдуулахаар ажиллаж байна.

-Татвараа хугацаанд нь төлөөгүй дансаа хаалгаад ч барагдуулж чадахгүй байгаа тохиолдолд алданги тооцдог юм уу?

-Тооцдог.  Энэ жилийн хувьд 0,052 хувиар алданги тооцох Засгийн газрын тогтоол гарсан. 

                                                                                                                                Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж