Индонезтой түншлэх үүд нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Индонезтой түншлэх үүд нээгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд зургадугаар сарын 12-13-ны өдрүүдэд Индонезийн нийслэл Жакартад Зүүн Азийн асуудлаарх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ бусад орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, бизнесийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Жакартад болсон уулзалтын эхнийх нь “Давосын” хэмээн алдаршсан “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага”-ын дарга, профессор Клаус Швабтай хийсэн уулзалт байлаа.
Азийн асуудлаарх дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад урьсанд Ерөнхий сайд С.Батболд ноён Клаус Швабт талархал илэрхийлээд хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Ардчиллыг бэхжүүлэх, Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Авилгалын эсрэг түншлэл бий болгох зэрэг олон чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж олон улсын хуралдаан, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Мөн Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Монгол орны усан хангамжийг асуудлыг шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болжээ. Ноён Клаус Шваб Ерөнхий сайд С.Батболдыг  чухал асуудал хэлэлцэж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаад талархаж байна гээд Ерөнхий сайд таны идэвхтэй оролцоо санаачилга дор Монголын 150 компани “Авилгалын эсрэг түншлэлийн санаачилга”-д нэгдэн орсонд баяр хүргэе, энэ бол чухал арга хэмжээ” гэлээ.

Уулзалтын үеэр ноён Клаус Шваб Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг ирэх оны 1 дүгээр сард Давост болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг албан ёсоор урилаа. Энэ үеэр Монголын өдрийг зохион байгуулах, Монголын брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов. Үүнийг баталгаажуулж ноён Клаус Шваб чуулга уулзалтын төлөөлөгч дэлхийн улс төр, эдийн засаг, бизнесийн лидерүүдэд өмсгөх 2500 ширхэг ноолууран цамц, малгайн хослол захиалсан нь энэ уулзалтын сюрприз байлаа.

Өөрийг нь Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьсан урилгыг ноён Клаус Шваб талархан хүлээн авч ирэх жил айлчлахаа амласан байна. Чуулганы завсарлагаанаар Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын “Залуу лидер клуб”-ийн 20 гаруй гишүүнийг хүлээн авч уулзлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

ИНДОНЕЗТЭЙ ТҮНШЛЭХ ҮҮД НЭЭГДЛЭЭ

Өндөр хөгжилтэй Их-20 орны эгнээнд багтсан ОПЕК, АСЕАН гэсэн олон улсын нөлөө бүхий байгууллагын гол гишүүн, газрын тос, нүүрсний томоохон экспортлогч гээд тодотгох онцлогтой Индонези Улстай харилцан ашигтай хамтран ажиллах  боломжийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонотой Жакарта хотноо уулзахдаа ярилцлаа.  

Индонез Улс ардчиллын үзүүлэлтээрээ дэлхийд гуравдугаарт, Азидаа үлгэр жишээ орон болоод байгаа юм. 243 сая хүн амтай Индонезийн эдийн засаг 6.5 хувиар өсч, хөгжлөөрөө бүс нутагтаа гуравт, дэлхийн жагсаалтын 18 дугаар байранд бичигдэж байна. Ирэх 12 дугаар сард зохион байгуулах Валигийн ардчиллын форумд оролцохыг ноён Ерөнхийлөгч  албан ёсоор урилаа. Ерөнхий сайд С.Батболд урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд  Монгол Улс мөн энэ оны 7 дугаар сараас Ардчиллын төлөө олон улсын хамтын нийгэмлэгийг тэргүүлнэ. Энэ тал дээр Монгол Улсыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Индонезийн Ерөнхийлөгч уулзалтын үеэр Монгол-Индонезийн харилцааны түүхэнд шинэ хуудас нээгдлээ гээд газрын тос, нүүрс, зэс олборлолтын туршлагаа Монгол Улстай хуваалцаж, эрчим хүчний салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хөдөө аж ахуй, худалдааны харилцаагаа өргөжүүлж, хоёр талын харилцааны түүхийг цаашид шинэ шатанд ахиулахаар тохиролцов. Эхний ээлжинд Засгийн газар хоорондын комисс байгуулж, Монгол-Индонезийн бизнесийн зөвлөл бий болгохыг Ерөнхий сайд С.Батболд санал болгоход Сушило Бамбанг Юдоёоно ажил хэрэг болгохоо амлалаа.

Түүнчлэн  харилцан визгүй зорчих асуудлыг Ерөнхий сайд хөндөж энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Индонези Улсын ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг Индонезид албан ёсоор айлчлахыг урилаа. Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд Индонезийн Худалдааны сайд болон Эрчим хүчний сайд, бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Энэ уулзалтын дараа Индонезийн төв телевиз, Хонконг дахь CNBC, ВВС телевиз, Dow Jonesсонины сэтгүүлчид Ерөнхий сайд С.Батболдоос ярилцлага авлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж