Уран зохиолын Нобелийн эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

Уран зохиолын Нобелийн эзэн тодорлоо

-Светлана Алексиевичийн номыг унших дуртай, гэхдээ айдастай-

 

Светлана Алексиевич

Фото: Борис Бабанов / РИА Новости

 

Уран зохиолын Нобелийн шагналыг энэ жил орос хэлтний төлөөлөгч белорусь зохиолч Светлана Алексиевич авлаа. Энэ эмэгтэйн “Дайнд эмэгтэй  царай байдаггүй” ном нь аль эрт сонгодгийн тоонд орсон юм. “Цайран хөвгүүд”, “Чернобылийн залбирал” номууд нь уншигчдын дунд янз бүрийн сэтгэгдлийг төрүүлж  иржээ. “Секонд хэнд цаг” нь орос уран зохиолын ”Том ном” шагналын шигшээд шалгаран уншигчдын саналаар ялж байв.

 

Шведийн академийн 200 жилийн түүхэнд нь  байнгын нарийн бичгийн даргаар эрэгтэйчүүд зөвхөн эрэгтэйчүүд л байж ирсэн юм. Гэтэл энэ зун тэр суудалд гэнэтхэн эмэгтэй хүн гарч ирлээ.

 

Зохиолч, уран зохиол судлаач, уран зохиолын шүүмжлэгч Сара Даниус тэр суудалд түүхч Петер Энглундыг солин суусан юм. Шведийн академийн гишүүнийхээ хувьд тэрээр №7 сандлыг эзэгнэх эрхтэй. Өмнө нь  тэр долоо дахь дугаарын сандалд уран зохиолын Нобель авсан анхны эмэгтэй болох зохиолч Сельма Лагерлеф сууж байлаа.

 

Нобелийн шагнал нь хамгийн хаалттай зүйлүүдийн нэг. Оны эхнээс жагсаалтад 300 орчим нэр бичигдсэн байгаад намар тийш шигшигдсээр байгаад 15-20 нэр үлдэнэ. Аравдугаар сард академийн гишүүдийн санал хураалтаар ялагчийг тодруулдаг. Алтадмал цагаан хаалга нээгдэн академийн  нарийн бичгийн дарга ялагчийн нэрийг зарлах хүртэл урьдчилан таамаглах ямар ч арга үгүй. Шалгаруулалтын шат бүрийн дараа шагнал авах магадлалтнуудыг  нэрлэх нь чанд хориотой. Шагналд нэр дэвшигчдийн нэрс 50 жилийн дараа л ил гарах журамтай.

 

Светлана Алексиевичийг өмнөх хоёр жил Нобель авна хэмээн таамаглаж байсан ч “канад Чехов” Элис  Манро, францын сонгодог Патрик Модиано нар тодорч байв.

 

 

Светлана Алексиевич Европт алдартай. Түүний номыг 20 хэл дээр хөрвүүлсэн, нийт хувь нь сая саяаар яригдана. Алексиевич ер нь сайн намтартай, “нобелийн намтар” гэхэд болохгүй зүйлгүй. Тэрээр дэлхийн  жишигт иргэн. Белорусь-украин гэр бүлд Украинд төрсөн. Багадаа Белорусьт иржээ. Насанд хүрээд Итали, Герман, Франц, Шведэд урт хугацаагаар амьдарч байлаа. Хоёр жилийн өмнө Минскт эргэн иржээ.

 

Түүний зохиолчийн дуу хоолой нь амьдралтай нь яв цав зохицдог. Өөөрийнхөө тухай өөрөө ярихдаа, “би бол чих” гэнэ. Сонсоно, сонсоод бичиж буулгаж, эмхэтгэнэ. “Дайнд эмэгтэй царай байддаггүй” нь фронтод тулалдаж явсан эмэгтэйчүүдийн тухай. “Цайран хөвгүүд” нь Афганд байлдаж байсан дайчдын тухай. “Секонд хэнд цаг” нь 1990-ээд онуудын тухай юм.

 

Светлана Алексиевич өөрийн бааатруудын нэгтэй ярилцаж байгаа нь. Фото: Юрий Иванов / РИА Новости

 

Гэхдээ эдгээр нь онцгой төрлийн  бичлэг. Уншихад хүнд номууд гэж бий. Уйлуулдаг номууд ч байгаа. Хаагаад дахин нээмээргүй ном гэж бас байна. Энэ бүгд нь тэгш хэмжээгээр Алексиевичийн баримтат зохиолд хамаарна. Чамайг мэдэж бай гээд шахах “нуувчийн үнэний” тухай, үхлээс дор амьдралын тухай, шөнө дөлөөр уйлуулж, үймрүүлэх өгүүлэл нь тэр юм. Эвдлэгдэж хулгайлагдсан амьдрал. Энэ байгаа амьдралтайгаа тооцоо хийлгэх, өөрчлөн солихыг шахсан туршлагууд. Ёстой л цус юүлсэн онцгой бичлэгүүд энэ юм.

 

“Дайнд эмэгтэй царай байддаггүй” номын хэсэг энэ байна: “Бидэнтэй саяхан төрсөн, холбоочин хүүхэн  цуг байв. Хүүхэд өлсгөлөн… Хөхөө хайна… Гэтэл ээж нь өөрөө өлсгөлөн, сүү байхгүй, хүүхэд нь уйлна.  Залхаан цээрлүүлэгчид бараг хажууд… Нохойтой… Ноход сонсвол бүгд  үрэгдэнэ. Групп маань гучаад хүн… Та ойлгож байгаа биз? Шийдвэр гаргалаа. Хэн нь ч даргын тушаалыг дамжуулж зүрхлээгүй, эх нь  өөрөө мэдээд байх шиг. Өлгийтэй хүүхдээ усанд хийгээд удаан барилаа… Хүүхэд уйлдаггүй… Ямар ч дуу байхгүй… Бидний хэн нь ч харцаа өргөж чаддаггүй. Эхийг нь ч бие биенээ ч”.

 

Мэргэн бууч эмэгтэйчүүд. 1943 он. Фото: Петр Берштейн / РИА Новости

 

Дахин нэг хэсэг: “Бид дайсныг олзлоод отрядад авчирна… Тэдний буудахгүй, дэндүү хөнгөн үхэл, бид тэднийг гахай төхөөрч буй мэтээр мөчилнө. Би түүнийг харахаар очоод… хүлээнэ! Өвдсөнөөс болоод хүүхэн хараа нь задрах агшин хүртэл удаан хүлээдэг байлаа…”.

 

Ерээд онуудын тухай “Сэконд хэнд цаг” номын түүхээс: Эмгэн нүд анив. Охин, зээ охинд нь мөнгө байхгүй. Огт байхгүй. Оршуулах байтугай, моргт хүргэж чаддаггүй. Нас барсан тухай  баримт авахаар эмчид өгөх мөнгө тэдэнд үгүй. Тэгээд л охин нь зээ нь долоо хоног гэртээ талийгаачтай амьдрав. Чадах ядахаараа л цогцсыг янзална. Марганцовкаар биеийг нь арчина. Нойтон даавуугаар бүтээнэ. Цонхоо онгойлгож, хаалгандаа нойтон хөнжил өлгөн бөглөнө. Оршуулгын мөнгийг нь дээрэмчид өгчээ. Тэгээд л байрыг нь авлаа. Ээж охин хоёр тэнүүлч боллоо.

 

 

Светлана Алексиевич саяхан ярилцлага өгөхдөө хоёр ном бичихийг хүсч байна гэжээ. Нэг нь хайрын тухай, нөгөө нь хөгшрөлтийн тухай. Тэднийг уншмаар байна. Гэхдээ айгаад байх юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

              

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж