Галт тэргэнд автомашин, явган зорчигч дайруулах тохиолдол буурахгүй байна. Он гарсаар төмөр замын ослоор найман хүн нас баржээ. Мөн галт тэрэг гарманд ойртсон үед төмөр зам дээгүүр зорчих хөдөлгөөн хийхийг оролдсон 100 гаруй зөрчил бүртгэгдсэн байна. Галт тэрэг гарманд ойртсоныг дуут дохиогоор явган зорчигч болон автомашинтай иргэнд сануулдаг ч төмөр зам дээгүүр зорчих хөдөлгөөн хийдэг. Улмаар энэ нь осол болдог гэж албаны хүмүүс хэллээ. Улаанбаатар хотын хувьд ийм төрлийн зөрчил "Хархорин", "Барс" зэрэг захуудын урд байрлах төмөр зам дээр их гардаг байна. Галт тэрэгний урд гэнэт хүн эсвэл машин гарч ирэхэд эцсийн үр дүн нь ослоор төгсдөг. Учир нь 1500 тонн жинтэй галт тэргийг зогсоохын тулд нэг километрийн өмнөөс тоормослох ёстой байдаг байна.
Өчигдөр Дархан-Уул аймгийн Цайдам зөрлөгийн хажууд портер маркын машинтай хоёр иргэн галт тэргэнд мөргүүлж нас баржээ. Тус гарамны дуут дохио ажиллаж байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас хийсэн шалгалтаар тогтоосон байна. Галт тэрэг ирж байна гэдгийг сануулсаар байтал амжиж гарах гэсэн үйлдэл амь насаа алдах шалтгаан болжээ. Хоёр хүний амь нас эрсдсэн тус хэргийг холбогдох байгууллагууд шалгаж буйг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс тодотголоо.
Өвлийн улиралд нүүрс ачсан галт тэргэнд авирч хулгай хийх гэсэн зөрчил их гардаг. Үүнээс болж гэмтэж бэртсэн хүн ч олон байдаг байна. Мөн төмөр замын цариг дээр чулуу тавьж галт тэргийг зогсоох гэсэн хэргүүд ч бүртгэгдсэн байна. Төмөр замын цариг дээр чулуу тавьснаас галт тэрэг замаасаа гарч осолдох эрсдэлтэй. Хэрэв галт тэрэг хүн төвлөрсөн бүсэд замаас гарч осолдвол их хэмжээний хохирол учирна гэдгийг төмөр замын цагдаа нар сануулсан. Төмөр замтай холбоотой аваар ослын тоо буурахгүй байгаа тул нүхэн гарц барьж асуудлыг шийдэхэд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс анхаарлаа хандуулж эхэлжээ.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ