Орос цахим номын сан нээгдэв

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

Орос цахим номын сан нээгдэв

Монгол Улсад 55 дахь удаагаа зохион байгуулж буй Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд өчигдөр Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн цахим номын сан нээлтээ хийлээ. Энэхүү номын сан нь нийт 140 мянган нэгж номтой. Үүний 55 хувь нь ОХУ-ын өнгөрсөн түүх, архивын материал, ном зохиолоос бүрджээ. Ингэхдээ найман компьютерийг суурилуулж өгөн цахимаар ном унших боломжийг бүрдүүлж, тохижуулсан байна. Энэ номын санд Орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй эсвэл ОХУ-ын түүх, соёлыг судлах сонирхолтой иргэд чөлөөтэй үйлчлүүлж болох юм. Шинжлэх ухааны академчид тус цахим  номын сан бол эрдэмтэн судлаачдад архивын материал дээр ажиллаж, Орос улсын түүх, соёлыг судлахад маш том боломж нээгдлээ гэж үзэж буйгаа онцлон ярив.

Орос хэлтэй, тус хэлийг сурах хүсэл сонирхолтой хүн бүр энэхүү цахим номын санд ирж, ОХУ-ын түүх, соёл урлаг, төрийн хэлний ном товхимлыг үнэ төлбөргүйгээр унших боломжтой гэнэ. Мөн уг номын сангийн эх хувь буюу толгой номын сан нь ОХУ-ын Санктпетрбург, Москва хотуудад байдаг. Энэ нь тус хотуудын номын сантай Монголоос шууд холбогдож, тэнд байгаа цахим сүлжээ дахь ном, товхимлыг унших боломжтой гэсэн үг.

Сарын турш үргэлжлэх "Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд"-ийн хүрээнд оюутан, сурагчдын дунд орос хэлний баяр, Монгол-Зөвлөлтийн барилгын фото үзэсгэлэн, энх тайван найрамдлын сэдэвт орос дуу дуулаачдын уралдаан зэрэг олон сонирхолтой арга хэмжээг иргэдэд нээлттэй үнэ төлбөргүй зохион байгуулах юм. “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд 2015” арга хэмжээ энэ сарын 01-ний өдрөөс арваннэгдүгээр сарыг дуустал явагдана. 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж