Гэр бүл болж, хамтын амьдралаа эхлүүлэх гэж байсан залуу хосууд 24 жилийн хорих ял сонсон, өргөст торны цаана суулаа. Дэндүү харамсалтай. Үг холбож хэлэхэд ч хэцүү эмгэнэл бол энэ үйл явдал мөн.
Т.Цогт, Г.Маралмаа хоёр нэг талаараа Монголын нийгмийн тусгал. Залуусын сэтгэлзүй, хүмүүжил хэчнээн харанхуй, хэрцгий болсны харагдах байдал гэдгийг хатуу ч гэлээ хэлэхээс өөр үнэн алга.
Хэрэв Т.Цогт төрсөн охиноо эцгийн ёсоор хайрласан бол, хэрэв Г.Маралмаа ханилж суухаар сонгосон эрийнхээ дагуулж ирсэн үрийг эх хүний ухаанаар харсан бол… Хэрвээ тэд дөрөвхөн настай охиныг үхлийн шалтгаан болтол нь зодож, зовоогоогүй бол… Хэрвээ тэр эмэгтэй бөөгийн зан үйлд ухаан, үйл хоёроо алдаж гээгээгүй бол… Тэгээгүй л бол тэр залуу хосууд өнөөдөр өөр нэгэн бяцхан хүү, охиноо энэ хорвоод мэндлэхийг хамтдаа хүлээн, аз жаргалаа эдэлж суух байлаа. Гэвч тэд одоо гэртээ биш шоронд, нэг нь бүр гянданд. Хамтдаа биш тусдаа, хана туурганы цаана хүрч очлоо. Г.Маралмаа удахгүй амаржина. Бие давхар эмэгтэй ял аваад ачигдахыг харах ямар олиг байв гэж дээ. Энэ цаг үе, энэ нийгэм, залуус бид юу л болоод байна вэ.
Үндэсний статистикийн хорооноос есдүгээр сард танилцуулсан судалгаанд дурьдсанаар, 2015 оны наймдугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 30424 хүрчээ. Тэдний 19400 нь буюу 63,8 хувь нь 15-34 насны залуус байгаа аж. Энэ цаг үед хамгийн идэвхитэй амьдрал дунд байгаа мянга мянган залуус ажлын байргүй байна. Ийм хүмүүсийн гэмт хэрэгт өртөх, эрсдэлтэй шийдвэр гаргах магадлал өндөр байдаг нь амьдрал дээр цөөнгүй жишээнээс харагдах нь бий.
Энэ бол маш хүнд, эмзэглэхээс аргагүй сэдэв. Эцсийн эцэст уур уцаараас, хэсэгхэн зуурын ухаан мухардлаас үүсч, дэвэрч байгаа асуудлууд юм. Уурлаж, биеэ хянах чадваргүй болохын эхлэлээс ийм олон алдаа, хэрэг, зөрчил гарч, тэр тоолонд хэн нэгний амьдрал орвонгоороо эргэж байна. Бид ийм бодит жишээ маш олныг хардаг боллоо. Хүн бүр энэ асуудал дээр ганц минут ч болов бодлоо төвлөрүүлээд, бодоод үзээрэй.
Гэтэл ажилтай, амьдралтай, их, дээд сургууль төгссөн, тэр байтугай бүхэл бүтэн аймаг, сум, ард иргэдийг удирддаг гэх залуу дарга нар хүртэл сүүлийн үед олныг цочирдуулсан, хүний санаанд багтамгүй гэмт хэргийн гол дүрийн эзэд болж байна.
Дээд боловсролтой залуус өдгөө гэр бүлээ орхиж байна. Салж байна. Үр хүүхдээ өнчрүүлж байна, хаяж байна. Амьдралаар зүгээр л тоглож байна. Шалзалж байна. Хүний аминд, цаашлаад бүр төрсөн үрийнхээ, ханилсан ханийнхаа амь насанд халдаж байна.
Төрийн ажил, төрийн алба л гэнэ. Төрийн нэр барьсан хурган дарга нар хөдөө хээрээр тэнэн, хүүхэд ичээж, охид хүүхнүүдийг элдэвлэж байна. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нарын нэр холбогдоод буй сумынхаа малын эмч бүсгүйтэй зэрлэгээр харьцсан хэрэг саяхан бас л олны нүдийг орой дээр нь гаргах дөхсөн. Хөдөөгүүр, хүний нүднээс далд хэчнээн олон Ханбаатар байгааг бид мэдэхгүй ээ.
Энэ мэтээр тоочоод байвал, эр эмийн харилцаа, эд хөрөнгийн шунал, гэр бүлийн тогтворгүй байдал, харанхуй, бүдүүлгийн хар гайгаас болж залуучууд гэмт хэрэгтэн болж байна.
2014 оны эхний найман сард улсын хэмжээнд 17615 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2015 оны эхний найман сарын хугацаанд 19007 гэмт хэрэг тоологдож, өмнөх жилийнхээс өсчээ. Тэр дундаа энэ оны эхний найман сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 713 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээсс 246-гаар буюу 52.7 хувиар нэмэгджээ. Гэмт хэргийн тоо өсч, эзэн холбогдогчид нь залуужиж байна. Эмэгтэйчүүд балмад, замбараагүй болж байна.
Энэ бол маш хүнд, эмзэглэхээс аргагүй сэдэв. Эцсийн эцэст уур уцаараас, хэсэгхэн зуурын ухаан мухардлаас үүсч, дэвэрч байгаа асуудлууд юм. Уурлаж, биеэ хянах чадваргүй болохын эхлэлээс ийм олон алдаа, хэрэг, зөрчил гарч, тэр тоолонд хэн нэгний амьдрал орвонгоороо эргэж байна. Бид ийм бодит жишээ маш олныг хардаг боллоо.
Хүн бүр энэ асуудал дээр ганц минут ч болов бодлоо төвлөрүүлээд, бодоод үзээрэй…. Залуусыг гэгээрүүлж, залуусаар энэ нийгмийг гэгээрүүлмээр байна. Бидний үе яавал Цогтгүй, Маралмаагүй, Ханбаатаргүй болох вэ?
Сайн сайхан, бахархам, үлгэрлэм бүхэл бүтэн залуусын үеийг нэг муу хүн, нэг мунхаг үйлдэл ч харлуулах нь харамсалтай юм.
Б.БАЯСАХ