УИХ-ын намрын чуулган нээлтээ хийгээд удаагүй байгаа ч Монголын улс төрийн амьдрал ид бужигнаж байна. “Ичээндээ” байсан улстөрчид болон намууд ч хөдөлгөөн орж эхэллээ. Ялангуяа Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт болон намрын чуулганаар хэлэлцэх асуултын жагсаалтад багтсан Үндсэн хуулийн өөрчлөлт парламентад суудалтай намууд болон суудалгүй намуудын ч анхаарлын төвд байна.
-Л.Гүндалай та хоёрын телевизийн нэвтрүүлэгт орсон бичлэг өнгөрсөн хоногт сошиал ертөнцөд багагүй шуугиан тарьсан. Та бодвол харсан биз дээ?
-Бид хоёрыг телевизээс урьсан. Би тэнд өөрийнхөө байр суурийг л илэрхийлэх гэж очсон.
–Таныг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байхад чинь Л.Гүндалай гишүүн огцруулах саналаа өргөн барьж байсан удаа бий. Та тэр саналаас болоод сайдын суудлаасаа огцорч байсан байх аа?
-Л.Гүндалай ганцаараа намайг огцруулсан гэж хэлж болохгүй. Тэр асуудал бол МАН-ын явуулга байсан. Тухайн үед Тавантолгойг ард түмэндээ өгөөд, эдийн засгийн эргэлтэнд оруулъя гэсэн миний санааг дэмжээгүй С.Батболд болон түүний нөхдүүд хуйвалдаж намайг огцруулсан.
-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна. Ардчилсан нам засаглаж чадаж байна уу?
-Нэг өдөр нэг сарын явдлын тухай асуугаагүй байх. Монголын улстөр, эдийн засаг бүхэлдээ системийн хямралд орчихоод байна. Үндсэндээ баялаг бүтээх хүн цөөрсөн. Одоо хар л даа, төрийн албан хаагчийнх нь тоо 170 мянга, мөн 170 мянган оюутан их, дээд сургуульд сурч байна. Ингэхэд хэн Монголд баялаг бүтээж байна вэ. Их дээд сургууль төгссөн залуучууд хоосон дипломтой, дарга болох мөрөөдлөөс өөр юу ч алга. Төрийн албан хаагчид нийгмийн баялаг хэзээ ч бүтээдэггүй. Төсвөөр тэжээгддэг, баялаг бүтээгчдийн нуруун дээр амьдардаг хүмүүс. Тэдэн дээр тэтгэврийн насны 300 мянган хүнийг нэмбэл Монгол Улсад нийтдээ 650 орчим мянган хүн нийгмийн баялаг бүтээх ажил хийхгүй байна. Монгол Улс гурван сая хүн амтай түүнээс хоёр сая нь 18 нас хүртэлх хүүхэд залуус байдаг. Эдгээр нөхдүүд баялаг бүтээх ажилд оролцохгүй нь мэдээж. Өнөөдөр малчин, цөөхөн хэдхэн үйлдвэрийн ажилчид, Эрдэнэт үйлдвэрийн болон цахилгаан дулааны салбарт ажиллаж байгаа хүмүүс л нийгмийн баялаг бүтээхээр зүтгэж байна. Хүн амын ихэнх хэсэг нь тогтсон орлогогүй. Энэ бол хямралыг авчирч байгаа том шалтгаан. Хямрал өнөөдөр бий болсон юм биш. Эдийн засгийн хямралын эхлэл аль дээрээс, бүр тодорхой хэлбэл, 1990 оноос эхлэл нь тавигдсан.
-Эдийн засгийн нөхцөл байдал улам муудаж байна. Цаашдаа ч өвдөлт мэдэрнэ гэж эдийн засагчид анхааруулах боллоо. Бизнесмэн хүний хувьд та “өвдөлт” мэдэрч байна уу?
–Хүмүүс хямдхан хувцас хайгаад комиссын дэлгүүр хэсдэг болсон байна лээ. Арай гайгүй нэг нь Хятад, Солонгосоос орж ирсэн шинэ хувцас арай ядан авч байна. Ингээд бодохоор бид бүх мөнгөө гадагш нь өгөөд байна шүү дээ. Валютын урсгал ч гадагшаа чиглэсэн хэвээрээ байна. Дотоодын үйлдвэрээ дэмжээд худалдаа хийдэг хүн алга. Одоогоор дотоодын үйлдвэрүүдэд асар их хэмжээний бараа төвлөрсөн агуулахад хэдэн зуун саяын бүтээгдэхүүн хадгалагдаад байж л байна. Үндэсний үйлдвэрээ дэмжээд худалдаж авах хүн байдаггүй. Бүгдээрээ үндэсний үйлдвэрээ дэмжинэ гэж наанаа худлаа ярьдаг. Цаанаа хэн ч дэмждэггүй. Хэн, хаана үндэсний үйлдвэрээ дэмжиж байгаа юм. Монголчууд ёстой эх оронч биш. Худлаа л өөрсдийгөө эх оронч гэдэг. Эх оронч юм бол хятад хувцас худалдаж авахаар үндэсний үйлдвэрийнхээ хувцасыг өмс л дөө.
-Эдийн засгийн хямралаас ойрын хугацаанд гарах боломж танд харагдаж байна уу?
–Сүүлийн 15 жилийн хугацаанд эдийн засгийг дэмжих ажил хийгээгүй. Зөвхөн хэрэглээгээ дэмжсэн бодлого хэрэгжүүлсэн. Тэгээд түүнийгээ дандаа зээлийн хөрөнгөөр л хийж байсан. Өр, зээл нь бөөгнөрөөд өнөөдөр эдийн засаг маань дампуурлын ирмэг дээр ирчихлээ. Ойрын таван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт гарахгүй. Энэ хямралаас ганцхан Ч.Сайханбилэг гаргаж чадахгүй. Ардчилсан нам дангаараа гаргаж чадахгүй. Бүх намууд уулзаж, асуудлаа бүгдээрээ хэлэлцэж байж л хямралаас гарна.
–Монголд засаглалын тогтворгүй байдал бий болсон. Энэ тогтворгүй байдал дахиад үүсч болзошгүй байна. Засгийн газрыг огцруулна гээд зарим улстөрчид “дэвээд” эхэллээ. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед засгийн газрыг огцруулах нь зөв үү?
–Чадахгүй бол сард хоёр удаа ч хамаагүй Засгийн газар огцорсон нь дээр. Ажлаа хийж чадаж байвал явна л биз. Тэр нэг их тийм чухал зүйл биш. Хамгийн гол нь улс орныг эдийн засгийн хямралаас яаж аврах вэ гэдэг бодлого, ажил чухал байна.
-Засгийн газрын үйл ажиллагаанд та дүн тавьбал ямар дүн тавих вэ?
-Засгийн газрыг олигтойхон ажиллуулж чадахгүй байна. Хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь явуулахгүй байна шүү дээ. Сандал суудлын хэрүүл хийгээд хэдэн нөхдүүд бидний толгой дээр суудаг болж.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар Өршөөлийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байгаа. Ер нь авилга албан тушаалын хэргийг өршөөх нь зөв үү?
-Төрийн хуулийн механизм гэж бий. Иргэд хууль зөрчвөл түүнийг нь өршөөдөг, уучилдаг, хөнгөлдөг тогтолцоо байгаа. Гэтэл авлигчдаа, албан тушаалтнуудын хэргийг хамтад нь өршөөнө гэдэг буруу.
-УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гишүүн бол албан тушаалын хэргийг өршөөснөөр УИХ, улс төрчид хуулийнхны барьцаанаас гарна. Захиалгын хууль батлахаа болино гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Р.Гончигдорж ёс суртахуунгүй зүйл ярьж байна. Түүнд УИХ-ын гишүүний ёс суртахуун алга. Ер нь УИХ бол ард түмний төлөөлөл. Тиймээс ард түмэнд нийцсэн хуулийг баталж гаргах ёстой болохоос хэн нэгний захиалгын хууль баталдаг газар биш. Тэгэхээр асуудал хуулиндаа биш хүндээ байгаа юм. Тэр лоббинд автагдаад, улс орны эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа улс төрчдийг ёс зүйн хороогоор дамжуулаад хариуцлага тооцох л хэрэгтэй.
-Улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Ямар хууль батлагдаасай гэж хүлээж байна вэ?
–Парламентад суудалтай намууд өөрсдөдөө тохирсон хууль батлах нь тодорхой шүү дээ. Бусад намуудад боломж олгосон хууль батлахгүй гэж бодож байна. Аль болох хуулиар далайлгаж тэднийг боомилж, хаая гэж тохиролцоо байлгүй.
-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал хөндөгдөж байна. Үндсэн хуулийг өөрчлөх цаг өнөөдөр мөн үү?
-Үндсэн хуулийг түүхий түргэн өөрчилж болохгүй. Манайх шиг хоёр том хөршийн дунд байдаг ийм улс орон бол парламентийн засаглалтай явсан нь дээр. Юм хийж чадахгүй сандал ширээний хэрүүл хийсэн нөхдүүдээр хуулиа оролдуулаад байвал тусгаар тогнолоо алдахад хүрнэ шүү дээ.
Т.ДАВААНЯМ