
Цагдаа нарын мэдээлж буйгаар сэжигтнүүд Хятад, Тайвань иргэдэд өөрсдийгөө шүүхийн ажилтнууд гэж итгүүлэн хуурамч торгууль ноогдуулан тэднээс мөнгө салгадаг байсан гэнэ. Дээрх хэрэгт сэжиглэж, Индонезид 170, Камбожоос 166 этгээдийг баривчлан саатуулаад байгаа ажээ. Мөн Тайланд, Малайзид ч мөн ийм луйврын хэргээр хэд хэдэн этгээдийг баривчилжээ.
Малайзын цагдаагийн газрын дарга Исмал Азизаны мэдэгдсэнээр луйварчид энэ хэргээ үнэмшилтэй болгохын тулд интернэтээр мэдэгдэл гаргадаг байсан гэнэ.
Гэмт этгээдүүд хохирогч болох хүнийг хараандаа авч, шүүхийн ажилтан мэт жүжиглэж, гэр бүлийнх нь хэн нэгэнд “шүүх”-ээс оноосон торгуулийн талаар мэдэгддэг байжээ. Дараа нь тэд торгуулийг даруй төлөхгүй бол хорих ял онооно гэж сүрдүүлдэг байсан гэнэ. Хуурамч торгууль тавьдаг луйварчдын хохироосон иргэд хэдэн мянгаар зогсохгүй ажээ. Малайзын “New Straits Times”-д мэдээлснээр тэдгээр луйварчид автомашинд голдуу торгууль ноогдуулж, ихэнхдээ банкны ажилтан болж жүжиглэдэг байна.
Камбожийн цагдаагийнхан гэмт этгээдүүдийг байцаасны эцэст Хятадын талд хүлээлгэн өгөх ажээ. Харин Хятадын хууль сахиулагчид гэмт этгүүдэд ямар шийтгэл хүлээлгэх нь тодорхойгүй байна. Хуурамч торгуультай холбоотой хэргийн мөрдлөг үргэлжилсээр байгаа юм байна.