ҮХЦ-ийн даргад “Leхus-570” авч өгчээ

Хуучирсан мэдээ: 2015.10.08-нд нийтлэгдсэн

ҮХЦ-ийн даргад “Leхus-570” авч өгчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ нь “УИХ-ын гишүүн нь сайд огцруулах асуудлыг санаачлан парламентаар хэлэлцүүлж байгаа нь Засгийн газар танхимаар ажиллах зарчмыг алдагдуулж, Үндсэн хуулийг зөрчиж байна” гэсэн дүгнэлт юм.

Мөн энэхүү дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шатанд Үндсэн хуулийн цэцэд Засгийн газар ямар зорилгоор 300 сая төгрөгийг нөөцийн хөрөнгөөс гаргаж өгөв, үүнийг судлах ёстой гэж үзсэнээр УИХ-аас ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалж, Г.Уянга, Д.Ганбат нар ажиллажээ.

Тус ажлын хэсэг мөн дүгнэлтээ танилцууллаа. Түүгээр бол Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болохын өмнө буюу өнгөрсөн есдүгээр сарын 4-нд Засгийн газар Үндсэн хуулийн цэцийн даргад “Leхus-570” машин авч өгөхөд шаардлагатай гэрээг зурж, Авто баазынханд үүрэг өгсөн байна. Нийт үнэлгээ нь 195 сая төгрөг бөгөөд “Таванбогд”–оос тус авто машиныг авсан. Урьдчилгаа хэлбэрээр 100 сая төгрөгийг шилжүүлсэн.

Харин Үндсэн хуулийн цэцэд 331 сая төгрөгийг улсын нөөцийн сангаас гаргахыг Засгийн газар есдүгээр сарын 7-нд мөн тогтоолоор гаргасан ч хөрөнгийг шилжүүлээгүй байна. Гэхдээ хуулиараа ой тэмдэглэх хүрээнд Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгө гаргах ёсгүй.

Үүнтэй холбогдуулж, дүгнэлтэд “Энэхүү  угсраа үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн цэцэд шийдвэр гаргахад нь нөлөөлөх зорилготой байсан. Түүнд нь мөн Цэц хөтлөгдсөн. Бусармаг үйл ажиллаага явуулахад оролцсон хүүмүст хариуцлага тооцох нь зүйтэй” хэмээн үзсэнээ Ц.Нямдорж гишүүн танилцууллаа.

Мөн тэрээр “ Туйлаас харамсч байна, Үндсэн хуулийн цэц нь ном журмаар нь машинаа авахгүй яасан юм. Энэ байгууллагад итгэх итгэл байхгүй болж байна. Моноглын гайгүй хуульчид ажилладаг, ийм юмнаас өөрсдийгөө аваад гарах чадвараа алдсан байна” гэв.

Хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж